Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/517b25f731531928b939297f4c0606f8.jpg

Ази тив гэлтгүй дэлхийн бусад тив олон улсын иргэд Солонгос драмагаар амьсгалж байна. Гэвч кинонуудын зохиол, үйл явдал, өрнөл нь бие биенээсээ хуулчихсан мэт ижилхэн байх тохиолдол их бөгөөд үзэгч бид бараг л киноны эхний хэдэн ангийг үзээд төгсгөлд нь юу гарах тухай ярьж эхэлдэг. Ингээд та бүхэндээ Солонгос цувралуудад хамгийн нийтлэг гардаг талуудыг хүргэж байна. Жишээлбэл... Киноны гол дүр ядуу байх бөгөөд баян айлын охин эсвэл хүүд дурлана. Гэвч гол дүр тэр баян айлынхаа жинхэнэ хүүхэд болох бөгөөд компанийг нь дампууруулах гэсэн муу санаатай хүргэн, найз нөхдөөсөө аварна гэх мэтээр үйл явдал өрнөдөг Солонгос цуврал хэр ихийг үзсэн бэ? 

1. Дурлалт хосуудын аав ээж нь залуудаа заавал асуудалтай байсан

Савангийн дуурийн хувьд мэдээж хайр дурлал гол сэдэв. Эцэг эхийнх нь хайр дурлал залуудаа бүтэлгүйтэж, тэдний хүүхдүүд нь ярилцаж тохирсон юм шиг заавал хоорондоо дурлаж таардаг. Шинэхэн хосууд мэдээж гэрлэж бараалхах гэтэл хоёр талын гэр бүл яагаад ч зөвшөөрөхгүй. Чухам үүнийг л зөвшөөрүүлэхийн төлөө бүхнийг хийж, савангийн дуурийн гол утга учир ийнхүү өрнөнө дөө.

2. Нууц хадгалсан настан

Ядуу айлын хөгшчүүл нь ихэвчлэн мэдрэл муутай байдаг. Тэр ядуу айл нь дээр үед их баян айл байж таарах бөгөөд хөгшчүүл нь залуудаа ямар нэгэн нууц агуулаад ухаан муутай болсон байдаг. Мэдрэл муутай хөгшин байхгүй бол ямар нэгэн байдлаар ой ухаан нь самуурсан эр эм хүмүүс, эсвэл залуудаа муухай зүйлс хийсэн мөртлөө насаараа амаа хамхиж байгаа настан гол дүр болно.

3. Жинхэнэ хүүхэд

Хамгийн гайхамшигтай нь бэр нь юмуу хүргэн нь болох гэж байгаа хүн өөрийнх нь жинхэнэ хүү байж таарах бөгөөд өөрийнх нь жинхэнэ хүүхэд нь гэж бодож байсан нь биш болж таардаг. Ер нь тэд өөрсдөө зохиолынхоо учрыг олдог болов уу?

4. Солонгос хүмүүсийн нэрийг тогтоох шаардлага байхгүй

Солонгост очвол хүмүүсийн нэрийг тогтоох шаардлага танд ерөөсөө байхгүй. Жишээлбэл нэг хүний нэрийг цээжилчихээд л бусдыг нь бол ингээд дуудна. Умболын аав, Умболын ээж, Умболын найз, Умболын ажлын хүн, Умболын хүүхэд, Умболын найзын найз, Умболын найзын найз охин гэх мэт маш амархан.

5.Мөнгө хүүлэгч нар

Мөнгө хүүлэгч нар нь дэндүү харгис хэрцгий, маш ихээр зодож дарамталдаг, мөнгөө авахгүйгээ улаан цайм мэдэж байгаа мөртлөө нэхэж, зодож бахаа хангадаг.

6. Өс хонзон

Өс хонзон бол тэдний амьдралын салшгүй нэг хэсэг. Бүр байнга шүү. Сэтгэл дотроосоо үнэхээр үзэн ядаж, өшөөгөө авахын тулд хэзээ ч бууж өгөхгүй, сэтгэл дотор нь насан туршид үүрд хадгалагдаж, насны бөгсөн дээр өшөөгөө авч байж сэтгэл нь амардаг. Сүүлрүүгээ дайсны тал нь манай тал юм шиг, манай тал нь дайсны тал юм шиг болтлоо өшөөгөө авч чаддаг.

7. Ядуу хүн америк эсвэл гадаад руу яваад баяждаг.

Багадаа Америк хүнд өргүүлсэн юмуу ядуу мөртлөө Америк явсан хүмүүс эргэж ирэхдээ айхавтар баяжсан, олон улс дамнасан том корпараци байгуулсан мундаг хүн болж ирдэг. Багадаа үзсэн зовлонгоо хэзээ ч мартахгүйн дээр Солонгост эргэж ирээд заавал өшөөгөө авдаг. Энд ахиад л өшөө авалтын өрнөл давхар яригдаж байгаа юм. 

8. Ижилхэн нэртэй захирлын туслахууд... 

Дарга болгон И юмуу Ким гэсэн хэн нэгэн бууны нохойтой байдаг. Туслахууд хүн алах, хор найруулах, хүүхэн булаах, материал бэлдэх, тагнуул хийх, удам судрыг нь судлах, хэний ч мэдэхгүй мэдээллийг цуглуулах тал дээр маш сайн ажиллаж, эзэндээ мэдүүлэх үүрэгтэй. 

9. Солонгост хэдхэн хүн амьдардаг

Солонгост хэдхэн ам бүл амьдардаг бөгөөд гурав юмуу дөрвөн гэр бүлийн хувьд хоорондоо нас насаараа, ажил хөдөлмөрөөрө, гэрийн авгай нараараа холбогдож, үйл явдал нь тэдний гэр бүл болон албан газар, өөрсдөөс нь өөр ямар ч хүнгүй кофе шоп, тансаг цэмцгэр ресторан, хаяа ганц хоёр гудамжинд өрнөх нь олонтаа.

10. Муу хадам ээж

Ихэвчлэн хадам ээжүүд нь дэндүү муу санаатай, хорон байдаг. Хорон санаат хадам ээж мэр сэр хор найруулах, мөнгөөр дэмжих, туслахаараа хүргэн бэрээ шалгуулах, өөрийн хүслээр хүүхдүүдээ захиргаадах дуртай байдаг. Баян "Ажима" нар үсээ индүүдээд бөмбийлгөж засдаг бол харин ядуу ээж нар жижигхэн буржгар богинохон үстэйгээр үргэлж дүрслэгддэг.

11. Мэдрэмж байхгүй... Бүр юу ч байхгүй

Хажууд нь шахуу ярьж байхад сонсдоггүй хэрнээ цаана эсвэл өөр хаалганаас сонсчихдог. Нүүрэн дээр нь улайн цайм бантаж, сандарч байхад юу ч сэжиглэхгүй шууд л үгэнд нь итгэдэг. Гудамжинд зөвхөн тэр болон түүнийг мөрдөж байгаа хүн араас нь дагаж байхад юу ч мэдрэхгүй гудамжаар алхсаар байдаг ба гол дүрийн баатар ард хүн байна уу гэж эргэж харахад дайсны тал улайн цайн нуугдаж амжина. Гэсэн ч гол дүрийн баатар ажиглахгүй хэвээрээ, маанаг царайлсаар цаашаа явна. Та үүнтэй санал нийлж байгаа биз дээ? 

12. Ямар ч кинон дээр өнөө маргаашгүй болсон хүн заавал гарна

Кинон дээр заавал өвчтэй хүн гарна. Өнөө маргаашгүй үхэх гэж байгаа учир мөнгөний хэрэг болоход гол дүрийн баатар түүний төлөө зүтгэх, эсвэл хагарсан байсан гэр бүлийг нэгтгэх үүрэг хүлээдэг. Азтай тохиолдлоор гэнэт эдгэрэх эсвэл уянгын халилтайгаар нас бардаг. Аан тийм... Үзэгдэл бүхэн дээр эр эмгүй уйлна. Бүр маш ихээр уйлна. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх