Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/тээврийн цагдаа шинэбаатар зураг өдөр оруулах.jpg

Сүүлийн таван жилийн хугацаанд мотоцикльтой холбоотой   1171 осол бүртгэгджээ. Ослын улмаас  600 орчим хүн амь насаа алдсан байна. Энэ нь зөвхөн Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэн  тоо үзүүлэлт.  Мотоциклын ослын улмаас хүнд, хөнгөн бэртэж хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдол ч олон байдаг аж.  Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Шинэбаатартай ярилцлаа.      

-Хөл хорио тогтоосон үед замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар байна вэ. Тээврийн цагдаагийн албанаас ямар зохион байгуулалттайгаар ажиллаж байна ?  

     Дэлхий дахинд хурдацтай тархаад байгаа халдварт Коронавирусээс иргэд олон нийтийг, урьдчилан сэргийлэх зорилгоор, Улсын Онцгой комиссын хуралдааны шийдвэрээр Аймаг, нийслэлээс орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан өөрөөр хэлбэл Аймаг, Нийслэлийн ОК-ийн зөвшөөрөлтэйгээс  бусад хөдөлгөөнийг хориглосон.

     Энэ өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн дуудлага мэдээлэл 70 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байсан.УОК-ийн шийдвэрээр мөн Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулж замын ачаалал  багасаж ослын дуудлага мэдээлэл буурсан үзүүлэлтэй байна. Тээврийн цагдаагийн  алба нь УОК-ийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах үүднээс Нийслэлээс орох, гарах 8 цэгт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж  орон нутгийн замд 88 цэгт яюуулын хурд хэмжигч суурилуулж, хурд хэтрүүлж дүрэм зөрчсөн жолоочид  газар дээр нь арга хэмжээ авч ажилласан. Үр дүнд нь осол хэрэг буурсан үзүүлэлттэй байсан.

-Замын хөдөлгөөний ачаалал буурсантай холбоотойгоор хурд хэтрүүлсэн, согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон зөрчил олон гарсан тухай мэдээлэл байна лээ. Эдгээрт хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ?

-“Ковид 19” вирусийн дэгдэлттэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн алба нь нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж хөдөлгөөнд оролцож буй жолооч бүрийг “Тандагч” багажаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалган илрүүлж байсныг түр хугацаанд  зогсоосон ба зайлшгүй тохиолдолд Замын хөдөлгөөний дүрмийг илтэд зөрчиж буй тээврийн хэрэгслийг зогсоон шалгаж  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд “Драгер” багаж ашиглан нэг удаагийн хошууг хэрэглэж байгаа. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан,  ослын  газрыг орхиж зугтаасан хэд хэдэн үйлдлийг манай алба хаагчид цаг алдалгүй түргэн шуурхай илрүүлж  ажилласан.

    Өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг нийт жолооч нартаа анхааруулж  байна.

-Мотоциклтой иргэд осолд орж амь насаа алдах тохиолдол их гарч байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Улсын хэмжээнд бүртгэлтэй 46900 орчим мотоцикл байдаг. Үүний 90 орчим хувь нь орон нутагт бүртгэлтэй.      

     Өнгөрсөн онд улсын хэмжээнд мотоцикл унаж яваад осолдсон  489 хэрэг бүртгэгдсэн. Ослын улмаас 122 иргэн нас барж, 273 хүн гэмтсэн.

    Энэ жилийн тухайд ч мотоциклтой холбоотой зам тээврийн осол бараг өдөр бүр  бүртгэгдэж байна.  Аймгийн  Засаг дарга нар өвлийн улиралд 10 дугаар сарын 01-ны өдрөөс, 04 дүгээр сарын 01-ны хооронд мотоцикл хэрэглэхийг   хориглосон захирамж гаргадаг. Мотоцикл бол  өвлийн улиралд унахад тохиромжгүй, эрсдэлтэй унаа шүү дээ. Иргэдэд анхааруулаад байхад л хэнэггүй зан гаргаж ахуйн хэрэглээнд  мотоцикл унасаар л байна.

     Он гарсаар эхний 3 сарын байдлаар 16 иргэн мотоциклын ослын улмаас амь насаа алдсан ба насны хувьд 29-49 насны эд хийж бүтээх дээрээ яваа залуус байсан нь  санаа зовниж байна.

    Өнгөрсөн сард л гэхэд бага насны хүүхдээ мотоциклоор буруу тээвэрлэж яваад онхолдож 11 настай хүүхэд газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг бүртэгдсэн. Мотоциклын осолд орсон талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй  гар хөлөө хугалж хүнд хөнгөн гэмтэл авсан тохиолдлууд  бий. Энэ төрлийн ослоос шалтгаалж хөдөлмөрийн чадваргүй болсон жишээ олон байдаг. Гэсэн ч Хятад мотоциклийг хэрэглэсээр л байна.

-Ослын шалтгаан нөхцөлийн талаар тодруулахгүй юу?

-Өнгөрсөн онд 489 осол  бүртгэгдсэн. Үүний 87 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байгаа юм.

    Манайхны хэрэглээ болоод байгаа хятад мотоцикл бол асфальтан замд унахад л  зориулагдсан унаа. Манайд бол хаа хамаагүй хэн дуртай нь унаж яваад байна л даа.  Хөдөө уул хадаар унаж адуу малаа хариулж яваад осолдох тохиолдол энүүхэнд. Мөн насанд хүрээгүй хүүхдүүд  унаж яваад онхолдож хүнд гэмтэл авч байна. Өөр нэг шалтгаан нь  бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох, согтуугаар жолоодох  явдал. Мөн үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гэрэлтүүлэггүй мотоциклтой  зорчих хэсэг дээр зогсох,  хөдөлгөөнд оролцож яваад тээврийн хэрэгсэлд мөргүүлж амиа нас, эрүүл мэндээрээ хохирсон олон тохиолдол бий.

-Аймгийн засаг дарга нар өвлийн улиралд мотоцикл хэрэглэхийг хориглосон захирамж гаргадаг  талаар та яриандаа дурдаж байсан. Захирамжийн цагдаагийн албанаас ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Захирамжийн хэрэгжилтэд  харьяа дүүргийн   Замын цагдаагийн тасгийн алба хяналт тавьж ажилладаг. Аймгийн төв, сумын төв гэх мэт суурин газруудад мотоциклыг Монгол Улсын замын хөдөлгөөний  дүрмийн дагуу хэрэглэж замын хөдөлгөөнд оролцдог. Алслагдсан хөдөө орон нутгийн иргэдэд алба хаагчид тэр бүр хүрч ажиллах боломж хомс байдаг. Хөдөөний айл бүр л мотоцикл унаж байна. Хятадаас орж байгаа мотоциклуудын олонх нь нэг жил хэрэглээд л ашиглах  боломжгүй болдог.  Энэ үед нь манайхан “монголчлоод”  бусдын эвдэрсэн мотоциклын эд ангийг нь авч сэлбэж байгаад л  унана. Ингэхдээ баталгаат бус замаар хурд хэтрүүлж яваад л онхолдож хүнд бэртэж хөдөлмөрийн чадамжаа алдах, цаашлаад амь насаараа хохирох эрсдэлтэй.

   Иймд хөдөө орон нутгийн иргэд ахуйн хэрэглээндээ мотоциклоос илүү морь унаж өөрийн эрүүл мэнд болон гэр бүлийнхээ элэг бүтэн байдлыг хамгаалахыг уриалж байна.

   Хятад мотоцикл бол асфальтан замд зориулагдсан унаа гэдгийг дахин онцолъё.  Монголчилж зассан хятад  мотоцикл амь насанд тань эрсдэл учруулж байна.

-Мотоциклтой хамгаалах хэрэгсэлгүйгээр хөдөлгөөнд оролцсон тохиолдолд  хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Хамгаалалтын малгай өмсөөгүй замын хөдөлгөөнд оролцсон бол Зөрчлийн тухай хуулиар 10,000  мянган төгрөгөөр торгодог. Мөн бичиг баримтын зөрчилтэй “А” ангиллын үнэмлэхгүй иргэд замын хөдөлгөөнд оролцох нь элбэг. Энэ тохиолдолд мөн Зөрчлийн тухай хуулиар 200,000 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна. Харин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1  жилийн хугацаанд хасч 400,000 мянган төгрөгөөр торгох шийтгэлтэй байдаг.  

эх сурвалж: ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх