Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/56606377_351407485501908_6592696476336390144_n.jpg

Сонгуулийн жилийн өдөөд Монголчууд бид ирэх дөрвөн жилийн улс орны амьдралдаа санаа тавьж, янз бүрийн амлалт ярьсан улс төрчид, тэдний уулзалт цуглаанаар хаврын өдрүүдийг өнгөрүүлдэгсэн. Энэ жил цар тахлын халдвар дэлхийг цочроосон байх үед сонгуулийн шоу намдуухан байх шиг.

Улс төрийн намууд Үндэсний аудитын газар ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрөө дүгнэлт гаргуулахаар хүргүүллээ. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 намаас 27 нь сонгуульд оролцох гэж байгаа юм байна. Эдгээрээс нийт 12 нам дөрвөн эвсэл болж, 15 нам бие дааж оролцоно. Намуудын мөрийн хөтөлбөрийнхөө онцлох заалтуудыг олон нийтэд танилцуулссан нь цахим орчин дахь халуухан сэдвүүдийн нэг болж, шог зурагт мөнхөрч эхлэв.

Тухайлбал, МАН “Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэн бүрийг орон сууцжуулна”, АН “Цалингийн доод хэмжээг гурван сая төгрөг болгоно”, МАХН “Цалингийн доод хэмжээг гурван сая төгрөг болгож, иргэдийг үнэгүй орон сууцаар хангана” гэхчилэн амлалт өгч байна.

Харин Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай асуудлыг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний дотор шийдвэрлэх юм.

Ингээд уншигч та бүхэндээ улс төрийн намууд тэр дундаа МАН, АН, ШИНЭ нам, МАХН болон ИЗНН, Ногоон намын эвслийн мөрийн хөтөлбөрөөс цухас танилцуулья.

МАН-ын мөрийн хөтөлбөр популист амлалтаас зайлсхийж, өрийн дарамтаас гарахад чиглэнэ

МАН-ын Бага хурал цахимаар хуралдаж, мөрийн хөтөлбөрөө баталлаа. МАН-ын энэ удаагийн мөрийн хөтөлбөр үндсэндээ дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэх бөгөөд банкны зээлийн хүүг бууруулах реформ, орон сууцжуулах хөтөлбөр багтсан гэнэ.

- Нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орох, түүнд нь төр оролцохоор байна. Тодруулбал, 50 м/кв байрыг залуу гэр бүл болон гэр хорооллоос орон сууцанд орох тохиолдолд цемент, арматурыг тэглээд, төрийн орон сууцны корпорацыг оролцуулаад, зах зээлийн үнэлгээг бууруулах том хөтөлбөр багтсан гэдгийг мөрийн хөтөлбөрийг боловсруулах Ажлын хэсгийг ахлан ажиллаж буй ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ.

- Эрүүл мэндийн салбарт оношилгоог нэгдсэн стандартад оруулах том зорилт дэвшүүлж байгаа. Тодруулбал, иргэн жилд нэг удаа заавал оношилгоо хийлгэж хавдар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг болох

- Боловсролын тогтолцооны реформууд хийгдэнэ гэх мэт...

- Маш их хэмжээний гадаад өртэй байгаа. 2021 онд “Мазаалай” бондын 500 сая, 2022 онд “Чингис” бондын 1 тэрбум, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын зээлийн эргэн төлөлтийг хийхээр байна. Тийм учраас мөрийн хөтөлбөр популист амлалтаас зайлсхийсэн, өрийн дарамтаас гарах чиглэлтэй байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм.

БОДИМ БАЙДАЛ: Орон сууц бол бидний хамгийн эмзэг цэг. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд нийгмийн даатгал төлдөг бүхэн орон сууцтай болно гэдэг юу л бол... Яагаад гэвэл авч байгаа цалин, орон сууцны үнэ хоёр нь тэнгэр газар шиг зөрүүтэйг хэн бүхэн мэднэ. Тэнгэрт хадсан байрны үнийг сардаа 500-800 мянган төгрөгийн цалин авдаг иргэд авч чадна гэж үү. Магадгүй авах хүн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ дийлэнхи иргэдийн хувьд тэнгэрт түгэх оддыг шүүрэхтай адил зүйл бол байх.

АН: Сарын цалин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 сая төгрөгт хүргэнэ

АН-ын мөрийн хөтөлбөр “Монгол өрх-Хөгжлийн бодлого” нэртэй. Энэ удаагийн мөрийн хөтөлбөрийн гол цэгт Монгол айл бүрийн амьдралын чанарт өсөлтийг авчрах хөтөлбөр хэмээн тодорхойлж байна. Монгол хүнийг, Монгол айл өрх болгоныг дэлхийн дундаж орлоготой болгоход мөрийн хөтөлбөрийн бодлого бүхэлдээ чиглэсэн. Сарын цалин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 сая төгрөгт хүргэнэ.

Мөн “Чинээлэг малчин” хөтөлбөрийг тусгасан гэх мэдээлэл байгаа бөгөөд бэлчээрийн доройтлыг зогсоож, 170 орчим мянган малчин өрхийг чинээлэг дундаж давхаргад хүргэх, нийслэл рүү чиглэсэн их нүүдлийг сааруулах, орон нутагт ажлын байр шинээр бий болгох, нэмэгдүүлэх, гадагш чиглэж буй ажиллах хүчийг эх орондоо шингээх зэрэг нийгэм, эдийн засгийн олон давуу талтай гэж тодотгож байна.

БОДИТ БАЙДАЛ: Өнөөдөр хөдөлмөринй хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг. Доод хэмжээ нэмэгдэх тутамд инфляци нэмэгдэж, юмны үнэ тэр хэрээр нэмэгддэг гэдгийг бид мэднэ. Яахав тэнгэрт амьдардаг улс төрчид бол мэдэхгүй байж болох юм. Үндэсний статистикийн хорооны судалгаанд Монголын нийт өрхийн дийлэнх буюу 55 хувь нь дөнгөж 1,1 сая хүртэлх төгрөгийн орлогтой. 300 мянган төгрөгийн орлоготой өрх 4 хувийг, 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх нийт өрхийн 13 хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл өрхөөрөө нийлээд 3 сая төгрөгийн орлого олж чадахгүй байхад яаж ганц хүний цалин 3 сая төгрөг болох вэ?

“Та, бидний эвсэл-МАХН-ИЗНН-МУНН эвсэл

Парламентад гурав дахь хүчний төлөөлөл болдог МАХН УИХ-ын сонгуульд Иргэний зориг ногоон нам, Уламжлалын нэгдсэн намтай эвсч “Та, бидний эвсэл-МАХН-ИЗНН-МУНН” болж оролцохоор болжээ.

Тэдний мөрийн хөтөлбөрт...

- Нэгдүгээрт ард иргэдээ тавьж иргэний эрх ашигт үйлчилсэн хууль эрхзүйн тогтолцоог бий болгох юм.

- Хоёрдугаарт, нийгмийн үндэс болсон өрх гэрийг бүх талаар дэмжинэ.

- Гуравдугаарт, ард иргэд болоод өрх гэртээ үйлчлэх төр засгийн байгууллагын тогтолцоог сайжруулж зөвтгөх үндсэн гурван зорилгод тулгуурласан мөрийн хөтөлбөрийг боловсруулсан.

Эвслийн мөрийн хөтөлбөрийн үр дүнд Монголчууд эв нэгдэлтэй байхыг чармайж, бохир мөнгө, татвараас зайлсхийсэн, үндэслэлгүйгээр хөрөн­гөж­сөн хүмүүст тооцох хариуцлагын зарчмаас ухрахгүй” гэсэн зорилготой мөрийн хөтөлбөр боловсруулсан сурагтай.   Тэр байтугай залуу гэр бүлийг үнэ төлбөргүй орон сууцаар хангах, иргэдийн дундаж цалинг 5 сая төгрөгт хүргэх зэрэг амжлалтыг өглөө.

БОДИТ БАЙДАЛ: Хэрвээ цалин 5 саяд хүрвэл өнөөдрийн 1250 төгрөгийн талхаа 50 мянган төгрөгөөр худалдаж авч идэх шаардлага үүснэ. Бас үнэгүй орон сууц, хүүгүй, урьдчилгаагүй орон сууцны зээл. Зүгээр л зүүднээсээ сэр гэж хэлмээр байна. Яаж ч бодсон зэлийн урьдчилгаагүй хүүгүй болгоно гэж байхгүй. Үүнийг бий болгох ганц арга нь Монголд байгаа бүх банк, санхүүгийн байгууллагыг дампууруулах... 

ШИНЭ ЭВСЭЛ

Сүүлийн үед иргэдийн дунд нэр хүнд нь өсч байгаа Шинэ нам улс төрийн 11 нам, Төрийн бус 109 байгууллага, мэргэжлийн байгууллагуудын 26 холбоо, эрдэмтдийн зөвлөлтэй хамтран “ШИНЭ ЭВСЭЛ” байгуулж, мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ.

Эх оронч үзэл, шударга ёс, үндэсний үнэт зүйлийг “туг”-аа болгосон “ШИНЭ ЭВСЭЛ” нь Монгол Улсыг үсрэнгүй хөгжүүлэх “ШИНЭ ЭРГЭЛТ”-ийн 21 бодлого боловсруулсан байна.

Энэхүү мөрийн хөтөлбөрийн онцлог нь...

- Шүүх засаглал, хуулийн байгууллагууд дахь завхрал, авлига, шударга бус байдлын суурь нөхцөлүүдийг устгах зорилгоор хуулиудын давхардал, зөрчил, хийдлийг арилгахад чиглэж байна.

- Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийг үргэлжлүүлж, улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийг байхгүй болгож, намчирхал, талцлыг таслан зогсооно. 

- Хариуцлага, сахилга батыг тогтооход онцгойлон анхаарч, авилга, албан тушаалын гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй

- Банк, санхүүгийн салбар дахь монополь тогтолцоог задлан, ард иргэдээ санхүү, зээлийн хүүгийн мөлжлөгөөс чөлөөлж, улмаар өнгөрсөн 30 жилийн турш хуримтлуулсан 30 тэрбум ам.долларын өрийг 3 сая иргэнээр бус 30 гэр бүл, тэдний хамаарал бүхий этгээдүүдээр төлүүлэх “Өргүй Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэх,

- Экспортыг дэмжсэн “Хөгжлийн хүрд” хөтөлбөрийг хэрэгжүүлэн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэн, 200 мянган ажлын байр бий болгоно 

- Стратегийн орд газруудыг иргэддээ өмчлүүлж, баялгийн хувьсгал хийх  зорилтуудыг тодорхой тусгасан нь анхаарал татаж байгаа юм.

БОДИМ БАЙДАЛ: Яахав бусдыгаа бодоход арай уншиж болохуйц мөрийн хөтөлбөртэй. Гэхдээ 30 жилийн турш хуримтлуулсан 30 тэрбум ам.долларын өрийг 30 гэр бүлээр төлүүлэх. Гол нь тэр 30 гэр бүл хаана байна вэ? Хэний гэр бүл багтаад байна вэ? Арай та бүхний гэр бүл ч энэ 30 гэр бүлд багтаад байгаа юм биш биз... 

Уншигч та бүхэн мөрийн хөтөлбөрийн онцлох заалтуудтай танилцлаа. Аль намын мөрийн хөтөлбөр хөрсөнд буухуйц байна гэдэг хариултыг таньд үлдээе. Ямартай ч УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөртэй товч танилцахад хөөсөрсөн, мөрөөдлийн жагсаалтаар дүүрсэн байдаг үзэгдэл давтагдах магадлал өндөр байна. Эцэст нь хэлэхэд 4 жил засаглачихсан нам сонгуулиар шинэ юм амлаж байснаас өмнөх 4 жилийн амжилтаа гүнзгийрүүлнэ гэж л сонгуульддаг байх учиртай. Харин парламентад суудалтай болон суудалгүй бусад намууд өнгөрсөн жилүүдийн алдаагаа засч, эх баригч намын хэрэгжүүлж чадаагүй бодлогыг хэрэгжүүлж, олон нийтээс талархал хүлээсэн ажлууд тэр дундаа Монгол улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэх тухай ярих ярих ёстой. Тиймээс ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрөө худал амлалт, хий яриа бус хийж бүтээх боломжтой зүйлс тусгаагсай гэж хүсте. Сонгогчид гоё сайхан мөрөөдлийн жагсаалтад хууртахаа больсон гэдгийг энд онцлон тэмдэглэж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх