Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/маникюр.jpg

1. Хумс шарлах Хумс шарлах нь эрүүл мэндийн талаас хэд хэдэн шалтгаантай байж болно. Чихрийн шижин, элэг, уушиг, бөөрний өөрчлөлт, төмөр болон цинкийн дутагдал үүнд багтана. Хэрвээ нэг л сэжигтэй санагдаад байвал цусны шинжилгээ өгөөд үзээрэй. Мөн тамхи татдаг хүний хумс аажимдаа шарлах нь бий. Энэ тохиолдолд тамхиа зогсоохоос өөр үр дүнтэй арга үгүй. Хумсаа тасралтгүй буддаг бол энэ нь толионы хүчилтөрөгчийн хангамжинд саад учруулж, өнгийг нь өөрчилж байна гэсэн үг. Нэг хэсэгтээ будагнаас хол байж, хумсаа амраагаарай.

2. Хумс цайрах Угаасаа жигд цайрч, үзүүр хэсэгтээ гэнэт бараан өнгөтэй болсон хумс нь бөөрний өвчлөлийг илэрхийлнэ. Бөөрний үйл ажиллагаа алдагдсанаар цусан дахь химийн найрлагад өөрчлөлт оруулж меланиныг хумс руу ялгарахад хүргэдэг. Мөн хумсны суурин дах жижиг цусны эсүүдийг нэмэгдүүлдэг гэсэн ч баримт бий. Бөөрний эмчид үзүүлээрэй. Харин хумсны толио биш махан суурь нь цайрсан байвал ямар нэг халдвар эсхүл хумсны цусан хангамж муудсантай холбоотой. Элэгний цирроз, чихрийн шижин, төмрийн дутагдал, бамбай булчирхайн томрол, тэжээлийн хомсдол зэрэг шалтгаан хумсны цусан хангамжтай холбоотой юм.

3. Хумсан дээр “хонь гарах” “Хонь гарах” бол хүн бүрт тохиолддог түгээмэл өөрчлөлт. Жижигхэн цагаан толбоны шалтгаан маш олон янз. Алханд цохих, гараа хавчуулах зэрэг хумсны бяцхан гэмтлээс ч улбаатай байж болно. Мөн маникюр тогтмол хийлгэдэг бол энэ нь “хонь гарах” бас нэг шалтгаан болдог. Бусад шалтгаануудыг тоочвол: - Тодорхой хэдэн төрлийн хумсны бүтээгдэхүүнээс харшлах - Акрилик хумс нааснаас болж - Цинкийн дутагдал - Уургийн дутагдал (Гэхдээ энэ тохиолдолд жижигхэн цэг биш урт тууз маягаар гардаг) - Кальцийн дутагдал - Төмрийн дутагдал - Цөөн тохиолдолд элэг, бөөрний өөрчлөлт байж болно. Ихэнх тохиолдолд “хонь” хэдэн долоо хоногийн дараа өөрөө алга болдог бөгөөд ноцтой өвчний шинж тэмдэг биш байдаг. Харин тасралтгүй, арилахгүйгээр удвал эмчид хандаарай.

4. Хумсны толио атираатах Хумсны босоо атираа бол жирийн хүнд байдаг л зүйл бөгөөд юуг ч илтгэхгүй. Нас нэмэгдэх тусам босоо атираа улам тодрох нь бий. Харин хөндлөн атираанууд үүссэн байвал энэ нь эрүүл мэндийн асуудал байгааг илэрхийлнэ. Анагаах ухаанд үүнийг “Beau’s lines” гэж нэрлэдэг бөгөөд хумс ургалт тухайн атираатай хэсгүүдэд түр хугацаанд их хэмжээний өвдөлт, стресс, ядаргаанаас болж зогссон, завсарласан гэдгийг харуулж байгаа юм. Хэсэг хугацаанд пауз авсан хумс буцаад ургаж эхлэхдээ тийм догол үүсгэдэг юм. Хэдэн сарын дараа хумс хангалттай хэмжээнд түрэн ургахад догол нүдэнд харагдахуйц болдог нь энэ. Хумс 6-12 сард нэг бүтэн ургаж дуусдаг учраас жилийн дараа гэхэд алга болно.

5. Толиог зүүгээр шивсэн юм шиг болох Зүүгээр шивсэн, нүхэлсэн юм шиг харагдах хумсны толио эзэндээ үе мөчний үрэвсэл, хайрст үлд өвчтэй болж эхэлж байгааг нь “илтгэдэг”. Тиймээс арьсны болон үе мөчний эмчид яаралтай үзүүлээрэй.

6. Хумсан дундуураа хар зураастай болох Энэ хар зураас нь меланома хэмээх арьсны маш аюултай хорт хавдрын шинж байж магадгүй учир мөн л бушуухан эмчид үзүүлэх ёстой тохиолдол юм.

7. Хумсны эргэн тойрны арьс сөрөх Арьс сөрөх нь их хумсны эргэн тойрон хуурайшсантай холбоотой байдаг. Хуурайшил нь гараа хүчтэй савангаар өдөрт ойр ойрхон угаах, хумсаа мэрэх мөн хэт их антибиотикийн хэрэглээ зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй байж болно. Гараа угаасныхаа дараа заавал тос түрхэж, антибиотикийн хэрэглээгээ багасгаад үзээрэй. Мөн өдөрт 8 аяга ус уух нь дотроосоо чийгээ тэнцвэртэй барихад тусална. Нэгэнт сөрсөн тохиолдолд арьсны урагдсан хэсэгт халдвар, бактери оруулахгүй байх нь чухал. Энэ нь арьсны бусад хэсгийн нээлттэй шархнаас ямар ч ялгаагүй юм.

8. Хумсны мөөгөнцөр Хумсны ирмэгийн доор шар, цайралттай толбо үүссэн байвал мөөгөнцөрийн эхний шинж тэмдэг гэж ойлгоорой. Хумсны мөөгөнцөр нь саун, ариун цэврийн шаардлага хангаагүй газраар үйлчлүүлэх, амьтны үс зэрэг гадны биетээс халдварладаг бөгөөд нойтон, дулаан орчинд, дархлаа муудах үед үрждэг. Мөөгөнцөр нь хүндэрсэн тохиолдолд хумс зузаарч, хугарч, бүх хэсгээрээ сэмэрдэг ба эмчлэхгүй бол арьсны бусад хэсэгт ч тархан халдварлана. Мөөгөнцрийн эсрэг эм гадуур их худалдаалагддаг ч энэ өвчин нь маш олон төрөлтэй бөгөөд хамгийн гол нь үүссэн учир шалтгааныг арилгах ёстой учраас заавал арьс өнгөний эмчид үзүүлж байж эмчилгээ эхлүүлээрэй.

9. Хумс хотойх Хумсны ирмэг халбага шиг дотогшоогоо хотойж хуйлагдах нь төмрийн дутагдал эсхүл илүүдлээс болж үүсэх нь олон. Хоолны дэглэм дэх төмрийн агууламжаа өөрчлөөд үзээрэй. Гэхдээ цөөн тохиолдолд судас нарийсч биеийн зарим хэсэг мэдээ алдах өвчин, генийн өөрчлөлтөөс хамаарсан хумсны синдром (Nail patella syndrome), дархлалын систем биеийнхээ эд эрхтэнд сөргөөр нөлөөлөх өвчнүүдээс үүдэлтэй байх магадлалтай. “Nail patella syndrome” нь төрөлхийн байж болох бөгөөд ийм синдромтой хүний зарим гарын хумс байхгүй эсвэл тал ургах ч тохиолдол бий. Гэхдээ энэ нь бусад эрхтний эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй учраас санаа зовохгүй байж болно.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх