Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/4329_cee462cd494b23e59cbc23e83386485f.png

Монгол гэрийг МЭӨ 3000-аад жилийн өмнө үүссэн болохыг эрдэмтэд тогтоожээ. Өнөөг хүртэл эрдэмтэн судлаачид монгол гэрийн гайхамшигийг бахдан шагширч байна.

- Монгол гэрт агаарын солилцоо хамгийн их явагддаг. Учир нь хүн орох гарах тоолонгоор  монгол гэрийн тооно, үүд хоёроор агаар байнга солигдож, гэр доторхи хуучин уур нь дэгдэж, шинэ уураар сэлбэгдэн солигдож байдаг тул гэр дотор амьдарч буй хүн ямагт цэвэр агаараар амьсгалах боломжтой юм.

- Монгол гэр дулааныг хадгалах өвөрмөц чадвартай. Учир нь монгол гэрийг барихад ямар ч төмөрлөг хийц ороогүй, дан хонины ноосон эсгий, модон эдлэлээс бүтсэн учир хүний биеийн эрүүл мэндэд маш сайн, гаж нөлөөгүйн зэрэгцээ өөрөө “амьсгалж байдаг” сууц болно. Хонины ноосоор хийсэн эсгий нь дулаан дамжуулах чадвар өндөртэй тул өвлийн хүйтэнд дулааныг маш сайн хадгалах чадвартайг эрдэмтэд судалсан.

- Монгол гэр газар хөдлөлтөнд хамгийн тэсвэртэй сууц. Гэрийн ханын шийр олон, газарт шигдэж байдаг, модон тулгуурууд нь угсармал учраас хөдөлгөөнд уян хатан тул газар хөдлөлтөд хамгийн тэсвэртэй.  Мөн үерийн ус дайрах тохиолдолд хаяагаа сөхсөн байхад ханын нүдээр урсан өнгөрдөг тул  хүний амь насанд аюулгүй билээ. Гэр нь дугуй хэлбэртэй болохоор татлага тэнжээгээр бэхэлсэн байхад хээрийн салхи шуурганд ч тэсч үлдэнэ. Гэрийн даацыг 300 орчим кг гэсэн тооцоо байдаг. 150 км/ секунд салхины хүчийг даах чадвартай.

- Монгол гэрийг нэг цаг орчимд барьж, түүнээс бага хугацаанд буулгаж болдог тул нүүх, зөөх, тээвэрлэхэд хялбар.

- Монгол гэр байгальд нэн ээлтэй эко-сууц юм. Учир нь монгол хүн нүүхийн цагт гэрийн бууриа сайтар цэвэрлэн үлдээдэг болохоор маш түргэн байгалийнхаа жамаар нөхөн сэргээгддэг. Монгол орны байгаль олон зуун жилийн туршид унаган төрхөөрөө үлдсэний учир нь үүнтэй холбоотой билээ.

- Монгол гэр дуу чимээ тусгаарлах чадвартай. Учир нь дугуй хана дээвэртэй, эсгий бүрээстэй гэрт дууны долгион адил хэмжээний зайг туулах тул гажилт үүсдэггүй. Тиймээс сүүлийн үед  дуу бичлэгийн студийг монгол гэрт хийх хандлага өргөн дэлгэрч байна. Мөн сургууль, зочид буудал, ресторан, амьдрах сууц зэргээр дэлхийн улс орнуудад  монгол гэрийн хэрэглээ нэмэгдсээр байна.

ХХ-ХХI зууны үед эрдэмтэд монгол гэрийг шинэ үеийн хүн төрөлхтний  сансарт гариг дээр барих өргөө сууц болоход хамгийн тохиромжтой хэмээн үзэж, улам төгс төгөлдөр болгон сайжруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.

МОНГОЛ ГЭРИЙН МАГТААЛ 

Яргай зандан цагаригтай

Яшил зандан даагатай

Хүрэн зандан хүрээтэй

Хүдэр зандан нуруутай

Алтан хорол голтой

Арвин эрдэнийн сийлбэртэй

Зандан модыг зааж хийсэн

Зааны зоогоор үдэж хийсэн

Сэндэн модыг сийлж хийсэн

Сарлагийн зоогоор үдэж хийсэн

Жаран дөрвөн хуруутай

Зургаан салаа хэцтэй

Нар сарны гэрэл цацарсан

Найман өлзий шинж бүрдсэн

Эрхэм хоёр загас Элгээрээ нийлсэн

Шүрэн улаан өнгөтэй Шүхэр эрдэнийн тооны чинь мялаая!

Эрдэнийн цагаан хүлгийн дэлээр томж хийсэн

Эгч дүү нарын гарын тамираар нийтгэж бүтээсэн

Алтан зоос ариун хивийн чимэгтэй

Аливаа хишиг буян хурсан чагтагыг чинь мялаая!

Сүмбэр уулын сүүдэрт

Сүлжин ганхаж ургасан

Навчит зандан модыг буулгаж

Нам газар авчирч

Нахиа салааг нь арилгаж

Нарийн бүдүүний нь тэнцүүлж

Сум шиг зүлгэж хийсэн

Найман лянхуан шинж бүрдсэн

Нарийн сайхан уний чинь мялаая!

Харгай занданг хуулан цавчиж

Хананы хэвийг байгуулж

Эр сайтай хүү эвлүүлэн засаад

Эрдэм сайтай мужаан Эрэгцүүлэн хийгээд

Эр дундын буурын ширээр

Шүүс гартал татаж

Шүүрчлэн эргуүлээд

Шөрөгчлөн үдэж хийсэн

Өндөр их хэмжээтэй

Өлзий зангиа хэлбэртэй

Арван зургаан толгойтой

Асар сайхан ханыг чинь мялаая!

Агар зандан хатавчтай

Арцат зандан хаалгатай

Хүрэн зандан хүрээтэй

Хүдэр болд оньстой

Хүн бүхний орж гардаг

Хаалга хатавчий чинь мялаая!

Ахрын хонины ноосыг

Алга дарам зузаалж

Энгүй өргөн хөшгөн дээр

Эвийг мэдэж зулаад

Бүлээн усаар бүрэлдүүлж

Бүгдийн гараар ширэлдүүлж хийсэн

Эвдрэлгүй бат Элэгдэлгүй бэх

Эрдэнийн цагаан эсгийг

Хурсан олон авгай бэргэд

Хурууны урныг гарган хайчилж

Яргитал оёж Ягштал зээглэсэн

Хун цагаан бүрээсий чинь мялаая!

Хар морины дэл сүүлийг

Хамаг олон эгч дүү нар Уран самчиж

Чадал ихтэй залуу Чанга эрчимтэй томж

Чийрэг биетэй хүүхэд Чангаан татаж эгшрүүлсэн

Тасрахыг мэдэхгүй бөх

Сулрахыг мэдэхгүй чанга

Бат сайхан оосор бүслүүр

Бадам сайхан хөлдрөгийг чинь мялаая!

Хананаасаа аваад халиу булган дэвсгэртэй

Хатавчнаасаа аваад Хамба торгон хөшигтэй

Энэ сайхан гэрийн төв дунд нь

Балбын дархан балбаж хийсэн

Бас нэг дархан засаж хийсэн

Уран дархан угалзалж хийсэн

Ухаант дархан сийлж хийсэн

Тулгыг чинь мялаая!

Хүрэл ширмийг хайлуулж хийсэн

Хүрээ газар цутгаж хийсэн

Хүн бүхний унд хоолыг базаагч

Хүрэл эрдэнийн тогоог чинь мялаая!

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх