Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/hutagt2112.jpg

Нарны гэрэл хурц болоход

Үүл үгүй бол нэн сайн

Насны багад эрдэм сурахад

Залхуугүй бол даанч сайн.

* * *

Ном үгүй хувраг

Гэзэг үгүйгээс бус юу вэ?

Номой зантай хүн

Хождохоос бус юу вэ?

* * *

Үзсэн эрдмээ мартагч хүн

Буянаар үгүйрэхийн тэмдэг

Үлгэргүй эсгэсэн малгай

Эд эвдэхийн шинж.

* * *

Хүчилснээс эвийг нь олбол хямд.

Хэрэлдсэнээс учраа хэлэлцвэл шулуун.

* * *

Хүн сайн ч бол

Ганцаар бүгдийг яахан дийлэх вэ?

Тонгоргийн ир хурц ч бол

Чулууг яахан дийлэх вэ?

* * *

Модоор барс хийж тавивч

Дэмий хэн айх вэ?

Муйхраар улсыг сөрж

Хэнээс дээр гарах вэ?

* * *

Үзэл, явдал, санаа таарвал

Ганц хүн ч бол нөхөр.

Үг үгээ эс дагавал

Олон хүн ч бол дайсан.

Унасан морь гижгээ хүрвэл

Эс үргэвч өшиглөх.

* * *

Ус их ч бол

Өвөл цагт мөс болох

Ухаан их ч бол

Өтлөхийн цагт молхи болох.

* * *

Тугалган жад шантрах нь хурдан

Туйлбаргүй хүн урваж буцах нь олон.

* * *

Болоогүй шүүрхий мах ходоодонд гэмтэй

Болзоогүй олон үг нөхөрт халтай.

* * *

Сайн морь үхэр мэт мөөрвөл тун зүдэг

Сайн ноён юмны тэргүүнд аашилбал ичгэвтэр.

* * *

Баас шээс эс гарвал

Биед өвчин болох

Бага сага гомдлыг эс илчилбэл

Сэтгэлд зовлон болох.

* * *

Шувуу тороос алдуулбал

Барихад бэрхтэй

Шууд үг алдвал

Баллахад бэрхтэй.

* * *

Торгон дээлтэй хүн бөөлжихөд

Өрмөг дээлтэй хүн ч бол жигших.

* * *

Толь тунгалаг боловч

Хиртвэл царай үл үзэгдэнэ.

* * *

Мэргэн мунхаг хоёр хүн ч бол ханилж болно.

Мэргэн нь мунхгийнхаа урмыг тэжээж явсаар

Нөхөртэй ч болно.

Мунхаг нь мэргэнийхээ тааллыг

Улам улмаар олж явсаар

Ухаантай ч болно.

* * *

Сүү цагаан ч бол гашилбал язмаг

Мэргэд ухаантай ч бол ганцаардвал өнчин

Мэргэн хүнд ч нөхөр хэрэгтэй

Мунхаг хүнд ч түшиг хэрэгтэй

Мунхагаа тэтгэхгүй

Мэргэд алдар үгүй болно.

* * *

Цийдэм удахдаа гашилдаг

Хүн удахдаа уйддаг.

* * *

Хоёр мунхаг салбал

Мунхагийн тул хүн жигших нь бага

Хоёр мэргэд салбал

Мэргэд гэх тул

Муу цуу алдартай болно.

* * *

Жигүүр хэрэг үгүй шувуу нэг ч үгүй

Эв хэрэг үгүй хүн нэг ч үгүй

Монголчууд ихэд ч эв хэрэгтэй

Багад ч эв хэрэгтэй гэдэг.

* * *

Хоёр эвтэй хүн бус хүний үгийг

Бие биедээ бүү нуу.

Бие биенийхээ үгийг

Бусад  хүнд бүү хэл.

* * *

Эв буй үгүйг мэдье гэвэл

Зовох цагт тус буй, үгүйг үз

Амраг мөн бишийг танья гэвэл

Бие биеэсээ сэжиглэх эсэхийг ажигла.

* * *

Янаг хүний баах нь ч бол сайхан

Өшөөтэй хүний инээх нь ч бол муухай гэдэг.

Янаг болбол эвтэй явах хэрэгтэй

Өшөөтэй болбол дуугүй суух хэрэгтэй.

* * *

Бус хүний сэтгэлийн нумыг эгүүлэхэд

Өөрийн сэтгэлийн хөвчийг хичээ гэжээ.

Мэсний шарх эдгэдэг

Үгийн шарх эдгэдэггүй

цээжний дотор гал бадравч

Утааг нь хамраар битгий гарга гэжээ.

* * *

Дайсан амраг алин болов

Үг цөөн, зан зөөлөн хэрэгтэй.

Дайсны дэргэд амрагаа битгий магт.

Янагийнхаа дэргэд дайснаа бүү нуу.

Санаа нийлбэл үхсэн хүний үгийг ч бол

Амьд хүн хэрэглэнэ.

Сэтгэл хоорондоо буруудвал

Хоёр амьд хүн ч бол үл дуугаралцана.

* * *

Эд мал үгүй хүн

Үнэн үг хэлэвч

Хэрэгсэхгүй цаг болжээ.

Манж зан үгүй хүн

Ганцаардах цаг болжээ.

* * *

Хүн олон боловч

Үхэхээ мэдвэл цөөн

Ухаантан олон боловч

Хойтоо санах нь бэрх

* * *

Энэ насыг ямагт бодож

Хэчнээн хэрэг бүтэх вэ?

Үүрдийн их тусыг бодвол

Бурхан тэнгэрийн номыг хичээгээрэй

Таалагдахгүй байна

18
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.72.245.165]

2020-03-22 07:35:10

Зочин

[202.72.245.165]

2020-03-22 07:35:02

batchuluun,

[66.181.161.18]

2020-03-21 22:53:50