etoim.mn
photos/corona_mainart_new.jpg

БНХАУ-ын Ухань хотоос анх дэгдсэн шинэ коронавирус нэгдүгээр сарын 22-ноос хойш өнөөдрийг хүртэл дэлхийн 195 орноос 176-д тархаж, 219,367 хүн халдвар авснаас 8,970 нь амиа алдахад хүргээд байна. 

Цар тахлын улмаас улс орнууд эдийн засгийн хувьд маш том цохилтод ороод байна. Иймд Засгийн газрууд өөр өөрийн орны халдварын тархалтыг хумих, эдийн засгаа авч үлдэх арга хэмжээнүүдийг авч байгаа билээ. 

Америкийн нэгдсэн улс 

COVID-19 гэх шинэ төрлийн коронавирусын тархалттай холбогдуулан АНУ-ын Засаг захиргаанаас 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр улс орон даяар “онц байдал” зарласан. COVID-19 тархалтыг хязгаарлах зорилгоор зарим орноос АНУ-д ирж буй гадаадын иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс дараах арга хэмжээг авч эхэлсэн. Үүнд:  

1. БНХАУ, Иран болон Шенгенийн бүсийн гишүүн улс (Австри, Бельги, Чех, Дани, Эстон, Финлянд, Франц, Герман, Грек, Унгар, Исланд, Итали, Латви, Лихтенштейн, Литва, Люксембург, Мальта, Нидерланд, Норвеги, Польш, Португал, Словак, Словени, Испани, Швед, Швейцарь)-д сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон гадаадын иргэдийг АНУ-ын хилээр  нэвтрүүлэхгүй. Энэхүү хязгаарлалт 30 хоногийн хугацаанд үргэлжилнэ.

2. Дээрх хөдөлгөөний хязгаарлалт АНУ-ын иргэд, байнгын оршин суугчид (ногоон карттай) болон тэдний гэр бүлийн гишүүд (эхнэр/нөхөр, хүүхэд, эцэг, эх), АНУ-ын Засгийн газрын урилгаар вирусын тархалтыг бууруулах зорилгоор хамтран ажиллахаар ирж буй гадаадын иргэн, А-1, A-2, C-2, C-3, E-1, G-1, G-2, G-3, G-4, NATO-1, 2, 3, 4 болон NATO-6, C-1, D, C-1/D визтэй иргэдэд хамаарахгүй.  Гэхдээ эдгээр  иргэдийг 14 хоног гэрт нь тусгаарлана.

3. АНУ-ын хилээр нэвтрүүлэх үед иргэдээс эрүүл мэндийн талаар асуумж авна.

4. АНУ-аас Шенгенийн бүсийн гишүүн улс болон БНХАУ, Иран руу зорчих иргэдийн  хөдөлгөөнийг хязгаарлахгүй.

5. Агаарын болон усан замын тээвэрлэлтэд ямар нэгэн  хязгаарлалт хийхгүй.

6. Өнөөдрийн байдлаар АНУ-ын нийслэл Вашингтон хот болон Баруун Виржиниа, Виржиниа, Иллинойс, Лүизиана, Мичиган, Мэрилэнд, Нью Мексико, Охайо, Орегон Өмнөд Дакота зэрэг 10 мужид сургуулиуд хаагдаад байна.

2020 оны 3 дугаар сарын 19-ний байдлаар АНУ-ын 50 муж болон Вашингтон ДиСи хотод COVID-19 шинэ коронавирусын халдвар авсан нийт 9345 тохиолдол бүртгэгдсэн байна.

Франц Улс -  Иргэдэд 3 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн14 хоногийн хугацаанд хөл хорио тогтоосон. Иргэд гэрээсээ гарах тохиолдолд зайлшгүй шаардлагаа тодорхойлж, нотолсон тохиолдолд зөвшөөрөл олгоно. Зөрчвөл 38-135 еврогийн торгуультай.

Швед Улс - 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр короновирусийн тархалтын эрсдэлийн үнэлгээг “дундаас” “их өндөр” буюу хамгийн дээд түвшинд хүргэсэн. БНХАУ /Хубей болон бусад мужууд/, Итали /Аоста Валле, Пиемонте, Лигурия, Ломбарди, Эмилия Романя, Третино-Альто Адиге, Венето, Фриуля Венеция Жулиа, Тоскана мужууд/, Иран болон БНСУ /Дэгү, Гёнбук муж/-д зорчоод ирсэн иргэдийг 14 хоногийн хугацаанд гэртээ байх, хэрэв халдварын шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт очилгүйгээр эрүүл мэндийн төв лавлах болох 1177 дугаарын утсаар хандахыг зөвлөмж болгож байна.

Герман Улс- Өөрийн улсын нутаг дэвсгэрээс гарахгүй байх, гэртээ тусгаарлахыг анхааруулж, хөл хорио тогтоосон. Австри, Франц, Швейцар, Люксембург, Дани Улстай хиллэдэг хилийн хяналтаа сэргээсэн. ХБНГУ-д аялах зорилго бүхий гуравдагч орны иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй. ЕХ-ны гишүүн орнуудын иргэд, гуравдагч орны иргэд нутаг буцахдаа ХБНГУ-аар дамжин өнгөрч болно. БНХАУ, Япон, БНСУ, Иран, Итали Улсаас ирж буй иргэд ХБНГУ-д газардахдаа тодорхой маягт бөглөнө.

Турк Улс - Турк Улс нийт 20 улстай иргэний агаарын зорчих хөдөлгөөнийг зогсоосон. 2020 оны 2 дугаар сараас БНХАУ, Иран, Ирак, Итали, Бүгд Найрамдах Солонгос Улстай, 3 дугаар сараас Австри, Бельги, Герман, Дани, Испани, Нидерланд, Норвеги, Франц, Швед, ИБУИНХУ, Швейцар, АНЭУ, Саудын Араб, Ирланд, Египет Улс руу хийх нислэгийг зогсоов. Гадаад улс орнуудаас буцаж ирэх хүсэлтэй 3614 турк иргэнийг авч ирж, 14 хоног тусгаарлахаа мэдэгдэв.

Чех Улс- 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдээс бусад гадаад иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй. Чехээс ямар ч иргэнийг гаргахгүй.  Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүний автомашин, хилээс 50 км-ээс холгүй оршдог газар ажил эрхэлдэг иргэн, ачааны машины жолооч, автобусны жолооч, нисгэгч, түргэн тусламжийн албаны ажилтныг хилээр нэвтрүүлнэ.

Унгар Улс-  2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 14.00 цагаас эхлэн Унгар Улсын нутаг дэвсгэрт “Онц байдал” зарласан. Хятад, Итали, Иран, Өмнөд Солонгос, Япон Улсаас ирж буй гадаадын иргэдийг тус улсын нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй,  эдгээр  орноос ирж буй Унгар Улсын иргэдийг 14 хоног тусгаарлана. Энэ орнуудад зорчсон талаараа худал мэдүүлэг өгсөн иргэнд хуулийн хариуцлага ногдуулна. Словени болон Австри Улстай хиллэдэг хил дээр өндөржүүлсэн шалгалт явуулж байна. Онц байдлын хүрээнд 100-аас дээш хүн цугларах арга хэмжээг нийтэд нь цуцалсан бөгөөд их сургуулиудын сургалтыг зөвхөн онлайн хэлбэрээр үргэлжлүүлэхээр болсон байна.

Швейцар Улс- 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс хилийн шалган нэвтрүүлэх ажиллагааг эхлүүлсэнтэй холбогдуулан Женевээс Франц руу орж, гардаг зарим жижиг хилийн цэгийг түр хугацаагаар хааж байна. Италитай залгаа хилээ хаах шийдвэр гаргасан бөгөөд зөвхөн швейцарын иргэдийг оруулж байна. Цаашид Шенгенийн орнуудтай хилээ хаах эсэх талаар асуудлыг ярилцаж байна. Шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг зөвлөж, бие биенээсээ 1.5-2 метрийн зайнд байхыг онцлов.

Польш Улс - 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс гадаадын иргэдийн орох хөдөлгөөнийг хориглосон. Нөхцөл байдлыг харгалзан энэхүү хоригийг 10, 20 болон 30 хоногийн хугацаатай үргэлжлүүлэн сунгана.

Австри Улс - 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар бүх нислэгүүдээ зогсоосон. Бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, сургалтуудыг цахим хэлбэрт шилжүүлсэн. Италиас буцаж ирэх Австри иргэд сүүлийн 4 хоногоос илүүгүй хугацаанд шинжилгээ хийлгэсэн эмчийн магадлал-дүгнэлттэй байх, эс аваас 14 хоног хатуу тусгаарлалтад авна. Герман Улстай агаарын тээврийн нислэг төдийгүй автомашин, хурдан галт тэрэгний зорчих хөдөлгөөнийг 3 дугаар сарын 16-ны өдрөөс зогсоосон.

Бельги Улс - 3 дугаар сарын 18-ны өдрөөс 4 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл хөл хорио тогтоосон. Гэрээсээ цахимаар ажиллах арга хэмжээг сунгах, сургуулиудийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авсан.

Болгар Улс - 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 1 сарын хугацаанд Онц байдал тогтоосон бөгөөд халдвартай хүн хөл хорио зөрчсөн тохиолдолд 5 жил хүртэл хорих ял ногдуулах, 50 000 лев /28 мянган ам. доллар/-ээр торгох арга хэмжээ авна. Бүх шатны сургууль, боловсролын байгууллага, хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, цахимаар хичээл сургалтын ажиллагаа явуулах, Итали, Испани, БНСУ, Иран, Хятадаас ирэх болгар иргэд 14 хоногийн хөл хорионд байх зэрэг арга хэмжээ авч байна. 3 дугаар сарын 18-ны өдрөөс БНХАУ, Иран, Бангладеш, Энэтхэг, Малдив, Балба, Шри Ланка, Испани, Итали, БНСУ, ИБУИНХУ, Франц, Герман, Нидерланд, Швейцар Улсын иргэдийг тус улсын хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргав. 

ИБУИНХУ- Халуурах, ханиалгах зовиуртай хүмүүс болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд 14 хоногийн турш өөрсдийгөө тусгаарлах, ресторан, уушийн газруудаар үйлчлүүлэхээс аль болох зайлсхийх, онцын шаардлагагүй бол албан болон бусад төрлийн уулзалт хийхгүй байх, ажилдаа болон эмнэлэг явах зэрэг зайлшгүй шаардлагаас бусад шалтгаанаар гадуур зорчихгүй байх, боломжтой бол гэрээсээ ажлаа хийх зэрэг зөвлөмжүүдийг гаргасан. 3 дугаар сарын 20-ноос эхлэн улс орон даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсооно.

Итали Улс - 2020 оны  3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Итали Улсын хэмжээнд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. Уг шийдвэртэй холбогдуулан зайлшгүй шаардлагатай буюу ажилдаа явах, эрүүл мэндийн үйлчилгээ авах, хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх зэрэг хүндэтгэх шалтгаантай тохиолдолд энэ тухайгаа тусгай боловсруулсан маягтаар мэдүүлж, гадуур хөдөлгөөнд оролцох, гэрээсээ гарах боломжтой. 4 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл Ром дахь бүх католик сүмийн үйл ажиллагааг зогсоохоор болсон байна.

Босни-Херцеговин Улс- БНХАУ /Ухань муж/, БНСАУ, Япон, Итали, Иран, Франц, Русын, Герман, Австри, Испани, Швейцар, Бельги улсаар дамжих ирэх гадаадын иргэдийн хөдөлгөөнийг зогсоосон.

Дани Улс-  1000-с дээш тооны хүн цугларах арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон бөгөөд нийтийн тээврийн оргил цагийн үед аль болох зорчихгүй байхыг зөвлөж байна. Италийн хойд нутгийн 10 гаруй хот, Өмнөд Солонгосын Дэгү хот болон Гиеонбук муж, Хятадын Хубей муж, Австрийн зарим хот, Ираны бүх газар нутгаас ирж байгаа нислэгүүдийг түр хориглосон.

Лихтенштайн Улс- 3 дугаар сарын 16-ны өдрөөс 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан.

Люксембург Улс - Иргэдээ онц чухал шаардлагагүй тохиолдолд гадаад улсад зорчихгүй байхыг зөвлөж байна.

Нидерланд Улс – 3 дугаар сарын 13-наас 3 дугаар сарын 27 хүртэл БНХАУ (Хонг Конг орно), Иран, Итали, Өмнөд Солонгостой хийх нислэгээс зогсоосон. Түүнчлэн иргэдээ онц чухал шаардлагагүй тохиолдолд гадаад улсад төдийгүй Европын Холбоон дотроо зорчихгүй байхыг зөвлөж байна.

Норвеги Улс- 1000-с дээш тооны хүн цугларсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ханиаж найтаалгаж байгаа хүнээс дор хаяж 1 метр зай барих, гараа тогтмол угааж, ариун цэврийг сахихыг зөвлөж байна. Мөн халдварын бүс нутгаас ирсэн бол 14 хоног гэртээ тусгаарлаж, эрүүл мэндээ хянах, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай утсаар мэдэгдэхийг зөвлөж байна.

Словени Улс -  ЕХ-ны гишүүн орнуудаас бусад орон руу хийж буй нислэгүүдээ 2020 оны 3 дугаар сарын 17-30-ныг хүртэл зогсоосон. ЕХ-ны орнууд руу хийж буй нислэгүүдийн хяналтыг нэмэгдүүлж, эрүүл мэндийн үзлэг хийх, иргэд Словенид ирсэн даруйдаа гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах үүрэг хүлээж байна.

Словак Улс - 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн гадаад иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй, улс хоорондын хурдан галт тэрэг, автобусны зорчих хөдөлгөөнийг зогсоосон. Хурдны зарим зам дээрх хилийн цэгүүдэд эрүүл мэндийн үзлэг, хяналт хийж байна.

Финланд Улс- 1000-с дээш тооны хүн цугларах арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон бөгөөд нийтийн тээврийн оргил цагийн үед аль болох зорчихгүй байх, Италийн бүх хэсэг, Герман болон Австрийн зарим хэсгийг өндөр эрсдэлтэй хэмээн зарлаж, эрсдэлтэй бүс нутгуудад зорчихгүй байхыг зөвлөж байна. Хятад, Япон болон Өмнөд Солонгосын өдөр тутмын нислэгүүдийг цуцалсан ба Итали, Герман, Австрийн зарим нислэгүүдийг 3 дугаар сард нэмж цуцлаад байна.

Эстони Улс-  Хятад, Итали, Иран, Өмнөд Солонгосоос тус улсад зорчиж буй иргэдийг үзлэгт хамруулах, хөдөлгөөнийг хязгаарлах, тусгаарлах зэрэг арга хэмжээ авахыг мэдэгдээд байна. Түүнчлэн, дээрх улсаас гадна Япон, Сингапур, Франц, Герман Улс руу онц шаардлагагүй бол зорчихгүй байхыг зөвлөж байна.

Хорват Улс- 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Дипломат болон албан паспорт эзэмшигч, Хорват Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэдээс бусад гадаадын иргэдэд виз олгох үйлчилгээг зогсоосон.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[203.91.115.37]

2020-03-20 11:08:13

wow