Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Best-Sensory-Toys-For-Babies-Toddlers-1-1.jpg

“Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа” гэдэг ардын сайхан цэцэн үг бий. Аав ээж болгон хүүхдээ эрүүл чийрэг өсгөхөөс гадна бусдаас ухаантай, чөлөөтэй сэтгэдэг болоосой гэж хүсдэг.

Харин хүүхдийн бие хүн болон төлөвших, уураг тархины хөгжлийн хамгийн чухал үйл явц буюу 70 хувь нь эхийн хэвлийд бүрэлдэхээс зургаан нас хүртэл бий болдог гэдгийг эрдэмтэд тогтоосон.

Тэгвэл хүүхдийг хүмүүжүүлэх гол хэрэгсэл нь тоглоом бөгөөд хүүхэдтэйгээ хамтдаа тоглож наадах нь аав ээж бүрийн хүүхэддээ өгч буй хайр энэрлийн нэг шинж юм. Хүүхэд эцэг эхээрээ ямар тоглоом хэдийг авахуулснаа биш хамтдаа хэрхэн тоглодог байсныг л санадаг.

Иймд энэ удаагийн дугаартаа уншигч танд бяцхан үрийн тань оюун ухаан болон бие бялдрын хөгжлийг дэмжихэд туслах арван төрлийн тоглоом танилцуулж байна.

Та хүүхэдтэйгээ өдөр бүр хамт тоглож наадан, хамтдаа хөгжилдөж, цагийг зугаатай өнгөрүүлээрэй.

1. Оньсон тоглоом

Монголчууд эрт дээр үеэс олон янзын тоглоом наадгай бий болгож, тоглосоор ирсэн. Тэдгээрээс хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх оньсон тоглоом нь нүүдлийн соёл иргэншилтэй салшгүй холбоотой байдаг бөгөөд оньсон тоглоомоороо дэлхийд тэргүүлдэг гэж үздэг. Оньсыг түгжих, гаргах, эргүүлэх, шургуулах, эвлүүлж угсардаг учраас хүүхдийн гарын жижиг булчингуудыг хөгжүүлж, анхаарал, ой тогтоолт, ургуулан бодох, ажиглах чадвар суулгахаас гадна бүтээлч, тэсвэр хатуужилтай, авхаалж самбаатай болгодог.

2. Пирамид

Пирамид нь тогтворгүй, төвлөрч чаддаггүй хүүхдийн ч сонирхлыг татдаг. Төрөл бүрийн тод өнгөтэй хэлбэр дүрсээр хүүхэд аливаа зүйл барьж угсрахын тулд төвлөрч, сууж чаддаг болох ба тархинд сэтгэн бодох, төсөөлөх, ургуулан бодох процесс явагдахаас гадна хүүхдийн гарын булчин ажиллаж байдаг.

3. Өрж байгуулах тоглоом

Өрж байгуулах буюу угсардаг тоглоомыг хүүхдийн нас сэтгэхүйд тохируулан сонгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл хүүхдээ өсөх тусам жижиг ширхэгтэй тоглоом сонгоно. Хөвгүүдэд магадгүй төрөл бүрийн байшин байгууламж, унаа машин, робот угсардаг тоглоом сонгож болох бол охидод хүүхэлдэйн байшин, гал тогоо, гоо сайхны ширээ сандал угсардгийг авж өгч болох юм. Гэхдээ заавал хүйсээр ялгаварласан тоглоом сонгох албагүй шүү дээ. Угсардаг тоглоомоор тоглох үед логик сэтгэлгээ, зохион байгуулах болон ургуулан бодох чадвар, гарын жижиг булчингуудыг хөгжүүлж байдгийн зэрэгцээ тоглож дуусахад нь өөрөөр нь хураалгах нь хүүхэд хүмүүжлийн чухал арга юм.

4. Хэвэнд тааруулж хийдэг тоглоом

Үүнд төрөл бүрийн хэлбэр дүрсийг тохирох нүхэнд нь тааруулж хийдэг тоглоомууд багтдаг. Тухайлбал, гурвалжин, дөрвөлжин, дугуй дүрс, ан амьтан, ургамал ногоо, цагаан толгойн үсэгнүүдийг ижил дүрстэй хэвэнд тохируулан оруулж хийх гурав хүртэлх насныханд илүү тохиромжтой. Тэдгээр тоглоом нь хүүхдийн гар хурууны жижиг булчингуудыг хөгжүүлж, хэлбэр дүрсийг ялгах, сэтгэн бодох чадварыг хөгжүүлнэ.

5. Эвлүүлдэг тоглоом (PUZZLE)

 

Сургуулийн өмнөх насны хүүхэдтэй айл бүр зураг харж эвлүүлдэг олон жижиг хэсгүүдээс бүтсэн puzzle буюу эвлүүлдэг тоглоомтой байхыг зөвлөж байна. Энэхүү тоглоом нь хүүхдэд өнгө дүрс ялгах, аливаа дүрсийг бүрэн бүтэн болгох чадвар суулгахаас гадна ургуулан бодох, логик сэтгэлгээг хөгжүүлэхийн зэрэгцээ хүүхдийг сургуульд бэлтгэгдсэн эсэхийг шалгахад тусалдаг ажээ. Хүүхэд зааврыг харалгүйгээр эвлүүлж чаддаг бол маш сайн.

6. Зурагт карт

Image result for picture card childrens toy

Улс орон, хот хөдөө, гудамж талбай, зам тээвэр гэх мэт төрөл бүрийн сэдвээр дагнасан зурагт картуудаар тоглох нь хүүхдийн газар зүйн мэдлэгийг нэмэгдүүлдэг. Тухайлбал, хүүхэдтэйгээ хамт тоглосноор хүүхэд баруун зүүн, өмнө хойно, хол ойр, жижиг том гэх мэт орон зайн баримжаалалтай болдог байна.

 

7. Шоо

Энэхүү тоглоом нь бүхий л цаг үед байсаар ирсэн хамгийн сонирхолтой тоглоомын нэг. Төрөл бүрийн зурагтай шоонууд эвлүүлж, өөрийн бүтээлээ туурвих нь хүүхдийн бүтээлч, ургуулан бодох, сэтгэлгээг хөгжүүлж байдаг бөгөөд үүний хажуугаар гар хурууны булчингууд ажиллаж байдаг гэнэ. Үсэг тоотой шоонууд нь уншиж бичиж сурах гэж байгаа хүүхдэд цагаан толгой сурахад дөхөм болно.

8. Хэлхдэг тоглоом

Хүүхдэд зориулсан ургамал ногоо, ан амьтан, геометрийн хэлбэр дүрсээр хэлхэж хийдэг зүүлтнүүд олон бий. Эсвэл та өөрийн хэрэглэхээ больсон өнгө өнгийн шүр сувдтай зүүлтээрээ тоглуулахад гэмгүй. Хамгийн гол нь хүүхэд жижиг ширхэгтэй зүйлсийг ам хамартаа хийх, залгихаас сэрэмжлэх хэрэгтэй. Жижиг шүр сувд утсанд хэлхэж хийж тоглох нь мөн л хүүхдийн гар хурууны нарийн булчинг ажиллуулахаас гадна аливаа зүйлд бүтээлчээр ханддаг болоход тусалдаг.

9. Бөмбөг

Орон орны үндэстэн ястан, ард түмний дунд эрт цаг үеэс уламжлагдан ирсэн хүүхэд бүхний тоглох дуртай тоглоом бол бөмбөг юм. Бөмбөгөөр тоглох нь хүүхдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, хамт олонч чанарыг хөгжүүлэхээс гадна зохион байгуулалт, орон зайн баримжаалалтай, түргэн шаламгай, авхаалж самбаатай болгодог.

10. Дуут тоглоом

Төрөл бүрийн дуу чимээ гардаг тоглоом нь хүүхдийн сонсгол, хэл яриаг хөгжүүлэх давуу талтай. Хүүхэд урт богино, чанга сул чимээг ялгаж чаддаг болохын зэрэгцээ дуулж ярьдаг тоглоомууд нь хэл ярианы хөгжлийг дэмждэг байна. Хүүхэддээ бөмбөр, даралтат хөгжим, ярьдаг дуулдаг хүүхэлдэй, чихмэл тоглоом авч өгөхийн зэрэгцээ сонссон зүйлийг нь асууж харилцан ярилцаж байгаарай.

эх сурвалж: maamuu.mn

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх