etoim.mn
photos/0010rhr.jpg

1. ОЛИМПИЙН БЭЛГЭ ТЭМДЭГ - ТАВАН ЦАГИРАГ

“Олимпийн бэлгэ тэмдэг” нь Олимпийн Хартид заасны дагуу хоорондоо хэлхэгдэн холбогдсон адил хэмжээтэй өөр өөр өнгө бүхий таван цагиргийг хэлдэг. Үүнд дээд талдаа зүүнээс баруун тийш цэнхэр, хар, улаан харин доод талдаа шар, ногоон өнгөтэй цагиргууд байрладаг. Таван цагиргийн өнгө нь Олимпизмийн түгээмэл байдлыг бэлгэдэх бөгөөд цагиргийн таван өнгө болон түүний дэвсгэр цагаан өнгөний аль нэг нь Олимпийн наадамд өрсөлдөж буй улс орны туг, далбааны өнгөнд ямар нэгэн байдлаар оролцсон байдаг. Мөн Олимпийн таван цагираг нь Олимпийн наадамд оролцож буй Европ, Ази, Далайн орнууд, Африк, Америк гэсэн дэлхийн таван бүс тивийг илтгэдэг.

Олимпийн Хартид заасны дагуу Олон улсын олимпийн хороо/ОУОХ/ нь Олимпийн таван цагиргийг өөрийн үйл ажиллагаандаа чөлөөтэй ашигладаг бол Үндэсний Олимпийн хороод нь Олимпийн хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилго бүхий үйл ажиллагаанд ОУОХ-ны зөвшөөрлийн дагуу ашгийн бус зорилгоор хэрэглэх боломжтой байдаг.

2. ОЛИМПИЙН ДАЛБАА

Дэлхийн улс орнуудын туг, далбаа нь үндэсний бахархлын бэлгэ тэмдэг нь байдаг бол Олимпийн далбаа нь Спорт, Олимпийн үнэт зүйлсээр дамжуулан олон улсын эв нэгдлийг илэрхийлдэг. Олимпийн далбаа нь ямар нэгэн хүрээгүй цагаан суурьтай байх бөгөөд далбааны голд таван өнгө бүхий Олимпийн цагираг байрладаг.

Олимпийн далбаа нь анх орчин үеийн олимпийн хөдөлгөөнийг үндэслэгч Барон Пьер де Кубертиний санаачлалаар 1914 онд Египетийн Александрия хотод зохион байгуулагдсан бүх Египетийн наадмын үеэр дэлгэгдсэн түүхтэй. Олимпийн анхны далбаан дээр Францаар “Alexandrie 5 Avril 1914”- /Александрия, 1914 оны 4 дүгээр сарын 5/ хэмээн тэмдэглэгджээ.

Харин албан ёсоор анх удаа Олимпийн тэнгэрт Олимпийн далбаа мандсан нь 1920 оны Бельгийн Антверп хотноо зохиогдсон VII Олимпийн наадмын нээлтийн ёслолоор байв. Үүнээс хойш Олимпийн далбааг Олимпийн наадмын нээлтийн ёслолын үеэр цэнгэлдэх хүрээлэнгийн тугийн индэрт ёслол төгөлдөр өргөж, наадам үргэлжлэх хугацаанд мандуулж байх уламжлалтай болсон.

Энэхүү ёслолын ажиллагааг тухайн Олимпийн наадмыг зохион байгуулах хороо нь бүрэн хариуцдаг бөгөөд Олимпийн төв цэнгэлдэх хүрээлэнд төдийгүй уралдаан тэмцээн, бэлтгэл сургуулилтын заал танхим, тамирчдын тосгон зэрэг бүхий л газарт Олимпийн далбаа мандах ёстой ажээ.

Олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос Олимпийн далбааг залан мандуулах ёслолд үндэстнийхээ амжилт бүтээлээрээ нэрд гарч, сор болсон хүмүүсийг урин оролцуулдаг нь уригдсан хүмүүсийн хувьд ч амьдралд нь тохиох хосгүй их хүндэтгэлийн нэг болдог.

Олимпийн наадмын хаалтын ёслолоор Олимпийн далбааг буулгаж, наадмыг зохион байгуулсан хотын захирагч дараагийн Олимпийн наадмыг зохион байгуулах хотын даргад хүлээлгэн өгдөг уламжлалтай. Тус ёслол нь хүн төрөлхтний их баяр болох Олимпийн наадам болон Олимпизмийн үзэл санаа түгэн дэлгэрэх, Олимпийн хөдөлгөөн үргэлжлэн өрнөхийг илтгэдэг.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх