Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/IMG_1541.jpg

“Монгол цэргийн өдөр” буюу Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 99 жилийн ойн өдрийг тохиолдуулан Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарын, бүлгийн довтлогч, ахлах дэслэгч Жаргалын Оюунболдтой ажил мэргэжил, хүсэл мөрөөдлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.

Дотоодын цэргийн байгууллагад  ажиллах болсон сайхан түүхээр нь яриагаа эхлэе?

Миний хувьд Дотоодын цэргийн байгууллагатай ажил амьдралаа холбосноороо бахархаж явдаг алба хаагчдын нэг юм. Би оюутан байхдаа хааяа ангийнхантайгаа одоогийн “Хүч” спорт хорооны зааланд ирж тоглодог байсан юм. Тэр үед хар хувцастай, улаан малгайтай ах нарыг хараад маш их сүрдэж байлаа. Тэгээд энэ хүмүүс ямар ажил алба хашдаг хүмүүс юм бол доо гэсэн бодол төрж байлаа. Ингээд дотоодын цэрэгт ажилладаг болохыг нь мэдээд ямар чиг үүрэгтэй байгууллага юм бол, би ажиллаж чадах болов уу гэсэн бодол надаас салахгүй байсан. 2011 оны хавар сургуулиа төгсөөд бичиг баримтаа бариад шууд л Дотоодын цэргийн байгууллагад ирж материалаа өгчихөөд явсан юм.

Анх ажлын гараагаа эхэлж байсан түүхээсээ хуваалцвал?

Би 2011 онд Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарт бүлгийн довтлогчоор томилогдон ажиллаж байгаад 2015 онд дотоодын цэрэг татан буугдахад Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газарт бүлгийн цагдаагаар ажиллаж, 2018 оноос Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарын бүлгийн довтлогчоор одоог хүртэл ажиллаж байна. Дотоодын цэрэг гэх эгэлгүй хэрнээ даруухан айлтай амьдралаа холбож эхэлснээс хойш өдгөө 9 жил өнгөрсөн байна.

Дотоодын цэргийн тусгай салбараас танд тавьж байсан хамгийн том шалгуур юу байв?

Ер нь дотоодын цэргийн байгууллагад ажиллах л гэж байгаа бол сэтгэлзүйгээ хамгийн сайнаар бэлдэх хэрэгтэй. Сэтгэлзүйгээ бэлдэж, хоёргүй сэтгэлээр л хандвал бусад чадварыг чадварлаг хамт олон, манлайлагч удирдлагаасаа суралцах боломжтой. Гэхдээ тэсвэр тэвчээр, хурд хүч, авхаалж самбаагүй бол энэ байгууллагад гологдоно. Ингээд би цаг хугацааны уртад хангалттай бэлтгэгдсэн. Үүнийгээ дагаад ч ажил албандаа үнэмшилтэй, албаараа бахархах сэтгэл үргэлж төрөхийн зэрэгцээ улам хичээж ажиллаж, бүлэг, хамт олныхоо итгэлийг алдахгүйг хичээж байна даа.

Ямар үед ажлаараа бахархах сэтгэл төрдөг вэ?

Бүх цаг үед албаараа бахархдаг. Энэ мундаг, чадварлаг баг, хамт олонтой мөр зэрэгцэн ажиллаж байна гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Цэвэрхэн хувцасаа цэмцийтэл өмсөөд, алтан соёмбот малгайгаа магнайдаа залаад, даргаасаа үүрэг авч ёслоод гарахдаа энэ нэр хүндтэй албатай амьдралаа холбосон азтай хүндээ гэж өөрийн эрхгүй бахархдаг.

Таны цаашдын зорилго юу вэ?

Надад олон олон зорилго, мөрөөдөл бий. Залуу хүний хувьд өсөх дэвжих, суралцах гээд л хүсэл мөрөөдөл минь дуусашгүй. Надад сурах, суралцах зүйл их байна.

Дотоодын цэрэг гэх энэ байгууллагын тусгай салбарын онцлогоос нь яриач?

Террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагаанд оролцох, барьцаанд авагдсан хүн, цагдаагийн байгууллагаас үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад нэмэлт хүч, тусгай тактик хэрэглэх шаардлагатай онцгой нөхцөл байдал бий болсон үед дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй. Миний ажил хурд хүч, эр зориг шаарддаг.

Ажлаасаа шантрах үе гарч байсан уу, хэрхэн даван туулдаг вэ?

Шантрах үе гарч байгаагүй ээ, миний сэтгэл зүй дотоодын цэргийн байгууллагадаа үүрэг гүйцэтгэхэд бүрэн бэлтгэгдсэн. Яг л миний хүсэл сонирхол, надад тохирсон бахархам алба. 

Таныг спортод чамгүй амжилт гаргасан гэж алба хаагч нар тань бахархан ярьдаг. Та ямар спортоор хичээллэж байна?

Би спортод их хайртай. 2019 онд гардан тулааны “Спортын мастер” цолтой болсон. Бас чөлөөт бөхөөр хичээллэдэг. Цаг зав гарган спортоор хичээллэх дуртай даа. Хэдэн жилийн өмнөөс буудлагын спортоор бас хичээллэж эхлээд байна.

Таны ажлыг ойлгон таныг хүндэтгэдэг гэр бүлийнхнийгээ танилцуулаач?

Манай эхнэрийг Д.Соёл-Эрдэнэ гэдэг их сургуульдаа хамт суралцаж байсан. Одоо хоёр хүүхдийн аав, ээж болцгоосон. Миний ажлыг хүндэтгэн, намайг бүхий л зүйлээр тусалж, дэмжиж явдаг ханьдаа маш их баярлаж, бахархаж явдаг.

Жил бүрийн 03 дугаар сарын 18-ны өдөр “Монгол цэргийн өдөр”-ийн тохиодог. Та хэрхэн тэмдэглэдэг вэ?

Манай төрсөн ах, эгч, дүү цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилладаг. Тэд нартайгаа гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Энэ жилийн хувьд цаг үеийн нөхцөл байдал, төр засгийн шийдвэртэй холбогдуулан тэмдэглэхгүй гэж ярилцсан байгаа.

Өнөөдөр Монгол цэргийн өдөр тохиож байна. Мөрдэс нэгт нөхөддөө баярын мэнд дэвшүүлнэ үү?

Мөр зэрэгцэн ажиллаж байгаа салбар салбарын мөрдэс нэгт офицер, ахлагч, үе үеийн ахмад ажилтнууддаа Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 99 жил, “Монгол цэргийн өдөр”-ийн мэндийг хүргэж, цаашдынх нь ажил хөдөлмөр, амьдралд нь сайхан бүхнийг хүсье. 

Ярилцсанд баярлалаа

эх сурвалж: police.gov.mn

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

irgen

[31.165.215.200]

2020-03-20 22:01:33

goe shyy shantarch baigaagui gedeg chin mash chuhal…..