Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Эрүүл-мэндийн-яам.jpg

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрхийн хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцлоо.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Коронавирусний халдвар дэлхийн 166 оронд тархлаа. Итали, Испани, Герман, АНУ зэрэг орнуудад халдвар эрчимтэй тархаж байна. Тиймээс Европын зарим улс орнууд гадаадын иргэнд эмнэлгийн тусламж үзүүлэхээс татгалзаж эхэллээ. 

 "Сүүлийн 24 цагийн хугацаанд Итали, Испани, Франц, АНУ, ХБНГУ-д халдварын тархалт нэмэгдсээр байна. Европын зарим улс гадаадын иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй, дэлгүүр худалдааны төвүүд бага хэмжээгээр хүнс, бараа худалдана хэмээн мэдэгдсэн байна.

Харин БНХАУ-ын Ухань хотод өчигдөр анх удаа халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй. ДЭМБ-аас ээлжит хурлаа хийж манайд халдвар орж ирэхгү йгэж тайвшралгүйгээр орж ирсэн тохиолдолд хэрхэх вэ? гэж бодон эрсдэлд бэлэн байхыг уриалсан" гэлээ. 

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирал Б.Нарантуяа: "Улсын онцгой комиссын шийдвэрээр резидент буюу үндсэн мэргэжлээр сурч байгаа эмч нарын бэлэн байдлыг хангах, дайчлан ажиллуулах чиглэл өгсний дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төв ажиллаж байна.

Өнөөдөр улсын хэмжээнд 20 сургалт эрхлэгч байгууллагад нийт 1,842 резидент эмч суралцаж байгаа. Тэднээс 1,489 суралцагч эмчийг нэгдүгээр сарын 28-31-ний өдрүүдэд долоон удаа COVID-19 халдварын үед үзүүлэх тусламж үйлчилгээний чиглэлээр сургалтад хамруулсан. 

Постууд дээр ажиллаж байгаа резидент эмч нарын хэрэгсэл, хангамжийг НЭМГ болон судалгааг явуулж байгаа олон улсын байгууллага хариуцаж байгаа бөгөөд 14 хоногийн тусгаарлалтад дайчлагдан ажиллах резидент эмч нарыг ХӨСҮТ-тэй хамтран иргэдийг тусгаарлан байршуулах газарт нь, тухай бүрт нь ажиллуулж, сургалтын ажлыг зохион байгуулан ажиглалтад ажиллах бэлэн байдлыг хангаж байна.

Үүнтэй холбоотойгоор гуравдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн ажиглалтын зургаан байранд найман удаагийн нислэгээр ирсэн иргэдэд ахлах эмчээр удирдуулсан 39 резидент эмч тусламж үзүүлж байгаа бөгөөд тэдгээр эмч нарыг ажиллагаа дайчилгаанаас буухад бүгдэд нь цалин олгохоор байгаа” гэлээ.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: “ДЭМБ-ын өгсөн мэдээллээр өнгөрсөн 24 цагийн дотор Европын бүс нутагт халдварын шинэ тохиолдол 10,911-ээр нэмэгдсэн бол Номхон далайн баруун бүсэд шинээр 312 хүн халдвар авч, дэлхийн хэмжээнд COVID-19-ийн тохиолдол 191,127 бүртгэгдээд байна. 

Австралийн холбооны улсын Засгийн газраас олон улсын бүх чиглэлд зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, аялал, зорчих хөдөлгөөнтэй холбоотой эрсдлийн зэргийг дөрөв болгож ахиулах шийдвэр гаргасан. Тус улсад анх удаа олон улсын хөдөлгөөнийг ийм ноцтой түвшинд хүргэж хориглосон шийдвэр гаргаж байгаа нь энэ юм. Үүнтэй холбоотойгоор Австрали улсын үндэсний агаарын тээвэрлэгч компаниуд олон улсын бүх нислэг болон дотоодын нислэгийнхээ 60 хувийг цуцалж байгаагаа мэдэгджээ.

Герман улс хилээ үндсэндээ хаасан бөгөөд Итали, Австри, Испани, Франц, Швейцар зэрэг улсаас хүлээж авах агаарын тээврийн нислэгүүдээ бүгдийг нь зогсоосон. Харин Европ тивийн хувьд Португали улс онц байдал зарлан, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. 

Итали улсад халдварын голомт хумигдаагүй хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн 24 цагийн дотор шинэ халдварын тохиолдлын тоо 4,207-оор, нас баралт 400 гаруйгаар нэмэгдсэн гэсэн мэдээ байна. Мөн Испани, Герман, Франц зэрэг улсад шинэ тохиолдлын тоо өдөрт мянга, мянгаараа нэмэгдсээр байгаа бол АНУ-ын 50 муж улсад халдвар бүртгэгдэж халдвар авсан хүний тоо  8,400 гаруй болжээ. 

Дэлхийн маш олон улс COVID-19 халдварын улмаас сургууль, цэцэрлэгийнхээ үйл ажиллагааг хааж байгаатай холбогдуулан ЮНЕСКО-оос дэлхийн хэмжээнд нийт 849 сая хүүхэд сургууль завсардаад байгааг мэдээлсэн.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “Гуравдугаар сарын 17-ны өдөр ХӨСҮТ-д нэг, Говь-Алтай аймагт нэг, Сэлэнгэ аймагт хоёр хүн тусгаарлагдаад байсан. Эдгээр хүмүүсийн шинжилгээнд коронавирус илрээгүй. 

Харин өчигдөр шинээр Сэлэнгэ аймаг гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу эерэг гарсныг өчигдөр мэдээлсэн. Ингээд COVID-19 халдварын нийт зургаан тохиолдол ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.

Халдвар илэрсэн зургаан иргэний  дөрвийнх нь биеийн байдал дунд, нэг нь хүндэвтэр байга бол Франц иргэнийх тогтвортой байна.

Мөн өчигдрийн нислэгээр ирсэн 200 гаруй хүний 25 нь ХӨСҮТ-д тусгаарлагдсан бөгөөд дөрвөн удаагийн тусгай үүргийн онгоцоор нийт 1,000 гаруй хүн эр орондоо ирсэн байна. Бид тэдгээрт үргэлжлүүлэн шинжилгээ хийж байна"гэлээ.

Хэвлэлийн хурлын төгсгөлд сэтгүүлчдийн зарим асуултанд хариу өгсөн юм. 

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын төгсгөлд албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Дөрвөн удаагийн тусгай нислэгээр ирсэн иргэдийн хэдийг нь шинжилгээнд хамруулсан бэ?

Дөрвөн нислэгээр ирсэн нийт 1,000 гаруй иргэнийг тусгаарлаад байгаа бөгөөд тэдэнд шинжилгээ хийгдэж байгаа.

- Тусгаарлах байрнаас иргэд гарч зугтаасан гэх мэдээлэлд тайлбар өгнө үү?

Тийм тохиолдол гараагүй байна. Тусгаарлах байранд иргэдийг хуваарилахдаа онгоцонд хийсэн үзлэг асуумжийг үндэслэсэн. Иргэдийг онцгой байдал, цагдаагийн байгууллагын хяналтан дор тусгаарлах байруудад хүргэж байгаа бөгөөд тусгаарлах байруудын гадаа мөн хамгаалалттай учир гараад зугтаах боломж байхгүй.

- Тусгаарлах байранд ажиллаж байсан эмч нарын хувийн хамгаалах хувцас, амны хаалтны хүрэлцээ хангамжийн талаар мэдээлэл өгөөч?

ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу бид бүх бэлэн байдлыг хангаж, резидент эмч нарыг сургалтад хамруулсан байгаа. Мөн тусгай үүргийн онгоцоор ирэх өвчтөнүүдийг үзэх эмч нар ажиглалтын байранд нислэгийн урд өдөр очиж бэлтгэл байдлыг ханган ажиллаж байна. Тэндээ 14 хоног тусгаарлагдан ажиллаж байх хугацаанд нь сэтгэл санааны дарамтад оруулахгүй тайван ажиллах нөхцөлөөр хангахыг уриалж байна.

- БНХАУ-ын эрүүл мэндийн байгууллагагаас өгсөн уламжлалт эмийн жорын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Өчигдрийн цахим уулзалтын үеэр европ эмчилгээний талаар түлхүү ярьсан. Ер нь бол хятадын уламжлалт анагаах ухаанд хэрэглэж байгаа эмнүүд монголын уламжлалт анагаах ухааны эрдэмтдийн санал болж байгаа эмтэй ойролцоо байгаа.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх