Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/89515214_2251483221823319_2632243811991945216_n_20200312064043 (1).jpg

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Нам даралтын халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. Захирамжийн хэрэгжилтийн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулсан юм. Тэрбээр хэлэхдээ “Түүхий нүүрс хэрэглэж буй 409 халаалтын зуух байгаагаас тусгай зөвшөөрөлтэй 22 аж ахуйн нэгжид хамаарах 212 зуух бий.

Харин тусгай зөвшөөрөлгүй гурвалсан гэрээтэй 135 аж ахуйн нэгж байгууллагын 197 халаалтын зуух нийслэлийн Зохицуулах зөвлөлөөс нүүрс тээвэрлэх зөвшөөрлийн бичиг олгогдож, хяналт тавин ажиллаж байна. Хэрэгжилтийн явцад зарим аж ахуйн нэгж байгууллагыг төвлөрсөн дулаан хангамжид холбох асуудал бий. Нийслэл хотын ерөнхий төлөвлөгөө болон дахин төлөвлөлттэй уялдуулж Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр Амгалан дулааны станцын Гачуурт, Толгойтын зам дагуух шугам шинээр угсрагдаж ашиглалтад орсны дараагаар 45 халаалтын зуухнаас дулаанаар хангагддаг 58 барилга, объектыг төвлөрсөн дулаанд холбох боломж бүрдэнэ. Төлөвлөлтөөр хийгдэх дулааны шугамын хувьд тендер шалгаруулалт, угсралтын ажил, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж дулааны шугамыг ажиллагаанд оруулах хугацааг тодорхой тогтоох боломжгүй байгаа юм.

Мөн 99 халаалтын зуухнаас дулаанаар хангагддаг 127 барилга, объект төвлөрсөн дулаан хангамжид холбогдох боломж бүрдэнэ. Иймд Амгалан дулааны станцын дулааны шугамыг шинээр барих асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай” гэж ярилаа.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зөвлөлийн гишүүд асуулт асууж, санал хэллээ. “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох ажлыг зөвхөн нийслэлийн удирдлагууд хийхээс илүүтэйгээр дүүргүүдийн Засаг дарга, Тамгын газрын оролцоог нэмэгдүүлж, тэднийг хамруулах шаардлагатай. Мөн Засаг дарга нартай, хотын Ерөнхий менежер ямар уялдаа холбоотой ажиллах юм, үүнийгээ тодорхой болгох хэрэгтэй. Захирамжийг зөрчин түүхий нүүрс түлэх л юм бол ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болно гэдгийг тухайн аж ахуйн нэгж байгууллагад хатуу мэдэгдэх ёстой” гэсэн саналыг зөвлөлийн гишүүд хэлж байлаа.

Хуралдааны төгсгөлд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлыг сайн хийж байна” гээд “Захирамжийн хэрэгжилтийн явцын талаар иргэд, олон нийтэд тогтмол мэдээлэх, тодорхой ажлуудыг дүүргийн Засаг дарга, удирдлагуудад хариуцуулж өгөх, энэ оны гуравдугаар улиралд багтаан төлөвлөгөөт ажлуудыг хийж дуусгах”-ыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт үүрэг болгов.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх