etoim.mn
photos/08c37f1e7b772eb5big-copy-copy.jpg

Б.Ринчен гуай залуудаа манай Монголын ховсч хүнтэй уулзаж ярьсан тухайгаа ярив. Ринчен гуайн уулзсан тэр хүн “Багш надад заахдаа шүд унахаар ховс хийж чадахаа больдог гэсэн, би шүдээ унаснаас хойш ховсдож чадахаа больсон” гээд ховс хийж үзүүлээгүй гэнэ. Та ховс хийж явсан тухайгаа яриач гэж шалж гуйж байж нэг тохиолдлыг яриулсан гэнэ. Ховсч өөрөө оролцож хэдүүл тэмээн жингээр өмнө зүг алс явах зуурт амны усаар тасраад худаг устай газар хүртэл маш хол байж гэнэ. Хүн малгүй цангаж зутраад явах тэнхэлгүй болоход нөхөд нь “Чи нэг аргалж үз” гээд шахаад байж гэнэ. Тэгээд явж байтал орой бүрий болж хэрэв шөнө нь хоновол маргааш нь бүр зутрах, нэг шөнийг алдаад, өдрийн халуунд улам цангах болоод хэцүүдэж гэнэ. Тэгтэл ховсч “За одоо үдлэнэ. Цай чанаж ууна. Тэмээгээ усална. Тэгээд даруй хөдөлж худаг усны бараа харах хүртлээ шөнөжин явна шүү” гэж хэлж гэнэ. Нөхөд нь ч зөвшөөрч. Цөм түр буудаллаж, галаа түлж гэнэ. Ховсч “За тогоогоо тавь!” гэж, хөтөч ч тогоогоо тавьж гэнэ. “За би ус дүүргэе” гээд л ховсдоход тогоонд ус мэлтэлзээд ирж. Буцалгаад л, цай, давс үйгээд л ховсч өөрөө аягалаад цөмд нь уулгаж, нөхөд нь хөлрөөд л ууж гэнэ. Дараа нь “За тэмээгээ услая” гээд тогоонд дахин ус мэлтэлзүүлж тэмээдээ услаад “За хөдөлнө шүү” гээд л хөдөлчихсөн. Тэгж явж нэг юм усны бараа харсан даа гэжээ. Ринчен гуай тэгэхэд нь “Тэр тогоонд тэгээд ус үнэхээр байсан хэрэг үү?” гэж асуухад “Юуных нь ус байх вэ дээ. Ховсдох гэдэг чинь л тэр байхгүй юү. Байхгүй юмыг байгаа юм шиг болгодог юм” гэсэн аж. Ринчен гуай тэр ховсчоос, -Та харь хүнд хийж   чадах уу?    гэхэд    монгол    хэл мэддэг бол чадна гэсэн гэнэ. Тэгэхлээр хүний хэл, сонсголтой хамаатайгаар сэтгэлийг нь захирдаг арга юм байна гэж Ринчен гуай ярьсан. Тэгтэл Цэвэл гуай Заяын шавьд Дамбадаржаа гэж ховсч хүн байсан гэж би дуулсан гэж ярьсан. Дамбадаржаа нэг удаа Заяын хүрээний жастай цагаан сарын хурал ёслолын үед түлээний гэрээ хийгээд өвлийн сүүл болтол түлээ буулгаж өгөхгүй удаад байж. Тэгтэл жасын нярав лам сандраад удаа дараа шаардаад бүтэхгүй болохоор нь гэсгүй, цорж лам, шанзав нарт айлтгаж гэнэ. Тэгтэл шанзав нь /Гөлөг шанзав гэсэн шиг санагдах юм/ “Цаадах чинь ховстох гэж байгаа байх, яаж ч магадгүй, дахин дахин шаард, тамганд мэдүүлнэ гэж хэл” гэж гэнэ. Нярав лам шанзавынхаа хэлснээр шаардахаар очтол Дамбадаржаа ганц хайнаг хөллөөд тэргэн дээрээ ганц хөрөө даруулчихаад уул өөд явж байна гэнэ. Уулзаж ярилцтал “Би жасын түлээг маргааш өглөө л буулгаад өгчихнө” гэж гэнэ. Тэгэхлээр нь нярав буцаж давхиад хэд хэдэн хүн дагуулж эргэж мөрөөр нь явсаар ууланд очтол харанхуй болчихож. Хэдүүл Дамбадаржаагийн орсон уулын аманд хүлээж байтал ууланд хөрөөний дуу гарч эхэлснээ урд ард, хойт энгэрт, энд тэндгүй хөрөөний дуу гарч, ганц нэг мод унах дуу гарч байснаа газар бүр мод унах дуу гарч эхэлжээ. Тэгээд нөгөөдүүл энэ ер нь юу гэгч болж байнав гэж ярилцаж байтал ганц шар хөллөөстэй тэрэг мод ам уруудан гарч ирээд задгай газар зогсож гэнэ. Төдөлгүй урд араас ч, хойт энгэрээс ч ганц нэг тэрэгтэй мод ачсан үхэр тэрэг гарч ирж түүний араас угсарч байснаа сүүлдээ хоёр гурваараа гарч ирж угсардаг болж гэнэ. Тэгээд урт гэгчийн цуваа болсон хойно Дамбадаржаа морио унасаар модноос гарч ирж цувуулан угсарсан үхэр тэрэгтэй модыг тойрч нэг үзчихээд эхний шарыг хөтлөн хөдөлж хүрээ тийш явжээ. Нөгөөдүүл ч босож жасын хашаанд давхиж ирэв. Шанзав, нярав нар урдаас нь тосож модыг нь үзэхэд яах аргагүй л түлээ мөн байв гэнэ. Тэд тэр түлээг түлж боов боорцгоо хийж, хурал номоо хурж, цагаан сар болоод л өнгөрчээ. Цэвэл гуайн ярьсны дараа бидний хэн нь ч билээ “Ховс гэж хогусун гэсэн үг, хоосон юмыг байгаа юм шиг санагдтал сэтгэлийг жолоодохын нэр гэсэн. Ерөөсөө Европынхон хүнийг унтуулж сэтгэлийг нь захирдаг бол манайхан сэрүүн байхад нь сэтгэлийг нь жолоодож чаддаг байсан хэрэг. Нөгөө нэг үлгэрт ноёныг гурван жил тэнүүлээд гуйлгачин эхнэртэй суулгаад цөхрөнгий нь баруулж зовоогоод сэргэхэд нь аягатай цай нь хөрөөгүй байж гэнэ гэдэг чинь ховсдох шидийг хэлсэн хэрэг” гэж билээ. Ринчен гуай Цэвэл гуайг тэр Дамбадаржаагийн тухай өөр юу мэдэх вэ? гэж асуухад Цэвэл гуай ярьсан нь: -Бас нэг удаа Заяын шавийнхан жинд явж байж гэнэ. Тэгээд зэлүүд газар явж хүнсээр тасраад байтал нэг өглөө Дамбадаржаагийн галынхан нэг л удаан саатаад байхаар нь зэргэлдээх галын жаал баньд “Эд нар юм идэж байх шиг байна” гэж бодоод гүйгээд ороотохож гэнэ. Тэгтэл тэд хайлмаг идэж байжээ. Тэдний галын дэргэд сууж байсан Дамбадаржаа гуай “Алив хүү минь, алгаа тосож бай” гээд алган дээр нь хайлсан тос хийгээд өгөхөөр нь идсэн чинь халуун гэж жигтэйхэн гэнэ. Харин бушуухан залгичихсан хойно нь сэтгэлд нэг л тос биш шиг санагдаад, аманд нь шавар амтагдаад байх шиг байсан аж. Тэр буудалласан газар нь шар шавартай газар байсан юм гэнэ. Тэгээд тэр хүү “Дамбадаржаа гуай бидэнд шавар халаагаад өгчих шиг болсон” гэж ярьсан гэнэ лээ гэж Цэвэл гуай хуучилсан билээ. Энэ яриа 1966 оны үест манайхны хүрээлэнгүүд Их сургуулийн байранд хамт байх үед болсон юм. Энэ хоёр өтгөсийн хүүрнэсэн хуучаас өөрөөр Монголд ховсддог хүн байсан талаар элдэв зүйл сонсож, уншиж явсангүй билээ. Тэгтэл харин “Ардын эрх” сонины 1992 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн 3 дугаарт “Тэр хүн хэн байв аа?” гэсэн өгүүлэл гарч ховсдох чадвартай хүний тухай бүүр түүрхэн мэдээ нийтэлсэн байв. Энэ өгүүлэлд байгаа мэдээ төдийлөн тодорхой биш юм. Гэхдээ монголчуудын дотор тийм чадвартай хүн байсныг үгүйсгэж болохгүй гэсэн санааг гаргажээ. Хэрэв энэ тохиолдол үнэн бол хүнд сэтгэхүйгээр нөлөөлөх чадварыг чамгүй эзэмшсэн өвгөн байж таарч байна. Ер нь ийнхүү хол ойрын зайнаас хүн хүндээ нөлөөлдөг чадвар хүнд байдаг нь нэгэнт тодорхой зүйл. Карповын дэргэд доктор Зухарь, Каспаровын дэргэд Тофик Дадашев гэгч ийм сэтгэцийн нөлөө үзүүлэгч чадвартан дагалдан олон улсын тэмцээнд оролцож явдаг тухай хэвлэлд бичсэн байсан. Дэлхийн том том улсуудын төрийн албаны хүмүүсийг ийм нөлөө үзүүлэх чадвартай хүмүүс дагалдан явж гадны нөлөөнөөс хамгаалдаг юм гэсэн. Бусдын бодлыг мэдэрдэг бусдад сэтгэхүйгээрээ нөлөөлдөг хүнийг Европ дахинд телепатч гэх бөгөөд шинжлэх ухаанд ийм хүн нэг бус тэмдэглэгдсэн. Варшавын циркт 1937 онд үзвэр үзүүлж байхдаа “Гитлер дорно зүг хөдөлбөл толгойгүй болно” гэж хэлж байсан алдарт телепатч В.Г.Месингийн тухай “Хөдөлмөр” сонин 1973 оны V сарын 1-ний дугаартаа бичиж байлаа. Тэрээр, залуу байхдаа өөрийг нь судалж байсан алдарт сэтгэл судлаач Зигмунд Фрейд түүнийг дагуулан их Эйнштейнд очиж энэ хүү хүнд сэтгэлээрээ нөлөөлөх чадвартай гэж танилцуулахад Эйнштейн сонирхож “Тэр чадлаа үзүүлнэ үү?” гэжээ. Тэгэхэд нь залуу Месинг саваагүйтэж “Манай профессор энэ өвгөн профессорын сахлаас хоёр үс зулгааг!” гэж бодтол нь Фрейд ихэд сандран гар нь чичирч “Уучлаарай” гэж ээрүүтэн хэлж хямсаа барин чичигнэх байж Эйнштейн гуайн сахлаас хоёр үс зулгаасан юм гэдэг. Манай оронд ийм чадвартай хүмүүс эрт цагт байсан бололтой. Данзанравжаа хутагт хүүхэд байхдаа айлын эхнэр өөрт нь муу хандахад саалийн хувингаа бариад хээр тэнэтэл нь нөлөөлсөн хэмээн сонинд бичсэн байж билээ. Дэлхийд бусдад нөлөөлөх сэтгэцийн нөлөөллийг судлах хүрээлэн, ийм чадвартай хүмүүсийн олон улсын холбоо байдаг байна. Бид даанч хол хоцорч дээ. Бид энэ талаар хуучин уламжлалаа тасалж, шинээр төрж буй авьяастныг хавчиж, үл ойлгон алдаж байна.

 

Etoim.mn

Таалагдахгүй байна

63
5

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[122.201.21.91]

2016-10-15 17:45:25

telepatch

[202.21.125.15]

2016-10-13 12:58:00

iim humuus odoo ch baigaa, harin hii demii yumand zartsuulahgui shuu

ppp

[103.229.123.204]

2016-10-13 10:45:07

shar hadnyy setegtsiin klinikiin tevd hiideg bsan ...ene talaar nemtsuud ih sain nomnuud gargasan bdag

Зочин

[103.229.121.93]

2016-10-12 23:37:40

odoogoor setgel zuichid l hiijmagad gadaadad bol hiideg yum bnlee

Зочин

[112.72.11.107]

2016-10-11 16:55:38