Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/86970581_191117018763586_3650056696417484800_n.jpg

Манай хөрш орон болох БНХАУ-д шинэ төрлийн Коронавирус(COVID-19)-ийн халдвар тархаж дэлхий нийтийг түгшээж эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга  А/108 дугаар захирамж гаргасан билээ. Тиймээс бид НЦУГ-ын алба хаагчидтай хамтран тус захирамжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын газрууд болон архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудад гэнэтийн шалгалт хийсэн юм. 

 ЦАХИМ ТОГЛООМЫН ГАЗАР НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДҮҮДЭД "VIP" ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ БАЙЖЭЭ

Бидний хамгийн эхэнд очсон газар БГД-ийн 13-р хороонд үйл ажиллагаа явуулдаг PC тоглоомын газар байсан бөгөөд дотор нь 80 гаруй залуус тоглож байсан юм. Тус газар нь Нислэлийн Засаг даргын захирамжийг зөрчөөд зогсохгүй бага насны хүүхдүүдэд "VIP" үйлчилгээ үзүүлж байсан юм. Нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дараагаар энэ төрлийн зөрчил хичнээн гарсан талаар бид НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөнгөөс тодруулахад: 

Засаг даргын захирамж хэрэгжилж эхлээд 21 хонож байна. Энэ хооронд тус захирамжийг зөрчсөн нийт 88 зөрчил илэрсэн. Эдгээрээс 50 орчим нь баар ресторан болон согтуутай холбоотой зөрчил байгаа. Харин цахим тоглоомтой холбоотой нийт 25 зөрчил илэрсэн.

Мөн өнөөдөр баасан гариг учраас нөхцөлбайдал ямар байгаа талаар болон захирамжийн хэрэгжилтийн биелэлтийг гэнэтийн байдлаар газар дээр нь шалгаж байна. Энэ хүрээнд БАянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг тоглоомын газар 80 гаруй хүнд үйлчилж байгааг илрүүллээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр удаа дараа ард иргэдэд захирамжийг танилцуулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхааруулж олноороо бөөгнөрч цуглахаргүй байхыг зөвлөсөн. Энэ газрын хувьд өмнө нь бичиг баримтаа цагдаа нарт хураалгасан байсан боловч зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан байна.

-Энэ газарт ямар арга хэмжээ авах вэ?

- Цагдаагийн байгууллагаас зөрчлийг гаргахгүй байх талаар албан шаардлага болон зөвлөмж өгсөн. Тэр зөвлөмжийг биелүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна. 

- Удаа даараа хууль зөрчсөн ААН-д  ямар арга хэмжээ авдаг вэ?

- Зөрчлийн тухай хуулиар албан шаардлага, зөвлөмжийн биелэлтийг зөрчсөн тохиолдолд ЗӨрчлийн тухай хуулиар иргэнийг 250 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 2 сая 500 мянган төгрөгөөр торгодог. 

Тухайн газар "VIP"  үйлчилгээ буюу тусгай өрөө авч тоглож байсан хүүхдүүдээс зарим зүйлийг тодруулсан бөгөөд хамгийн гол нь тэд бүгд насанд хүрээгүй хүүхдүүд байсан юм. 

- Нийслэлийн засаг даргын захирамжаар шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоосон талаар мэдсэн үү?

- М.Ц: Тийн зурагтаар  гарч байсан. 

- Чи хэдэн настай вэ?

- М.Ц: 17-той. Удахгүй 18 хүрнэ. 

- Чамайг ингээд тоглоомын газар хонож байгааг ар гэрийнхэн чинь мэдэж байгаа юу?

- М.Ц: Үгүй. Найзындаа хононо гэж хэлээд гарсан. 

- Энд хэдүүлээ ирсэн бэ?

- М.Ц: Байрныхаа хоёр найзтайгаа гурвуулаа ирсэн. 

- Энэ газрыг ажиллаж байгааг яаж мэдсэн бэ? Өмнө нь энд тоглодог байсан юм уу?

- М.Ц: Үгүй. Манай найз захиалга өгсөн гээд тэгээд дагаад ирсэн. 

- Тоглооын газар хонохын тулд захиалга өгсөн гэлээ. Захиалгаа яаж өгсөн бэ?

- Б.О: Зүгээр өмнө нь энд ирж ганц хоёр тоглож байсан. Тэгээд энэ ахыг жаахан мэддэг болсон. Манай нэг найз гадаадаас ирээд тэгээд бид нар хамт тоглож хоноё энэ ахаас асуугаад тэгээд ирсэн. 

- Та нар тусгай өрөөнд байсан. Тэнд хэдэн төгрөг өгч орсон бэ?

- Б.О: Нэг хүний арван мянга гэж тооцоод гучин мянган төгрөг өгсөн. 

- Нийслэлийн Засаг даргын захирамж гарсныг мэдсэн үү?

- Б.О: Мэдсэн. Манай найз харин гадаадаас ирээд бид нар уулзсан юм. Уг нь дөрвүүлээ тоглох байсан ч тэр найз маань гэрийнхэнтэйгээ байна гээд тэгээд гадаадад байсан юм чинь гэрийнхнийгээ санасан байх гээд бид нар явуулсан юм. Тэгээд гурвуулаа тоглож хонох гэж байгаад ийм юм болчихлоо. 

Хуулийн дагуу бол цахим тоглоомын газар нь 16 хүртэлх насны хүүхдэд зуны улиралд 20.00 цаг, өвлийн улиралд 18.00 цаг хүртэл харин насанд хүрэгчдэд 23.00 цаг хүртэл үйлчлэх журамтай.  

Тус газрыг Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ оногдуулж, үйл ажиллагааг нь зогсоосон юм.

ӨДРИЙН ЦАГААР КАРАОКЕ АЖИЛЛУУЛЖ ШӨНИЙН ЦАГААР АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДААГ ШАГЛАН ЗАРДАГ БАЙЖЭЭ

Бидний дараагийн очсон газар БГД-ийн тавдугаар хороонд байрлах  "GRAND Нийтийн VIP кароeke" гэх газар юм. Тус газар нь архи согтууруулах ундааг шөнийн цагаар шаглан гар дээрээс борлуулж байсныг алба хаагчид илрүүлжээ.

Тус газрыг хариуцан ажиллуулдаг гэх иргэн "А" нь шаардлага тавьсан алба хаагчдыг хэл амаар доромжлон өөрийнх нь эрхийг зөрчиж байна хэмээн орилж байсан бөгөөд түүний энэ үйлдэл нь алба хаагчдад төдийгүй бидэнд ч ажлаа хийхэд хүндрэлтэй байсан юм. Тийм учраас бид тус хэргийн талаар  НЦУГ-ын УСХ-ийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайгаас зарим зүйлийг тодрууллаа.  

Одоо шөнийн 01:30 цаг болж байна. Энэ үеэр Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг тус газарт хууль бусаар архи согтууруулах ундааг гар дээрээс худалдан борлуулж байгааг Баянгол дүүргийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна гэсэн юм.

Хуулиараа бол тус ААН-д Зөрчлийн тухай хуулийн 6:5:13- заасны дагуу хариуцлага тооцдог аж.

Монгол улсын зөрчлийн хууль 6:5:13. Зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд зааснаас бусад газарт, эсхүл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, эсхүл түүгээр үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ. 

Г.А: АРХИ АВАХААР ИРСЭН ХҮНЭЭ ХАРЖ БАЙГААД ХЭДЭН ТӨГРӨГ НЭМЖ ХЭЛЭХЭЭ ШИЙДДЭГ 

Бид тус караокены газраас хөдөлж амжааггүй байхад хувь хүн архи согтууруулах ундааг шаглан зарж байгааг илрүүлсэн гэх мэдээлэл авсан юм. Мэдээллийн дагуу очиход мөн л Баянгол дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.А хувиараа архи шаглан зарж байсныг тус дүүргийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид иргэнийг алба хаагчид илрүүлжээ. Тэрээр өөрийн худалдаалахаарбэлдсэн архи, согтууруулах ундаануудаа нэгэн газар хураан архи асууж ирсэн нэгэнд зардаг аж. 

- Шинэ төрлийн коронавирусын халдвартай холбоотойгоор Монгол улсад хөл хорио тогтоож шөнийн цагаар архи согтууруулах ундааг худалдан борлуулахгүй гэсэн Нийслэлийн ЗАсаг даргын захирамж гарсан. Энэ талаар мэдсэн үү?

- Мэдэж байсан. Энэ миний буруу буруу. Гэхдээ яалт ч үгүй зарах хэрэг амьдралд гарч байна. Хэцүү шдээ. Ах нь гурван нялх хүүхэдтэй дээр нь эхнэр жирэмсэн. Бас коронавирусээс болоод ажлууд зогсчихлоо. Түлээ нүүрс, ус, тэр олон нялх нойтон хүүхдүүдийг зүгээр хараад суугаад байх хэцүү. Би чинь эцэг нь юм чинь хариуцлага хүлээх ёстой. Ямар ч байсан ах нь хулгай хийхгүй, худлаа хэлэхгүй гэсэн л зарчим баримталдаг. 

- Та өдөрт хичнээн төгрөгийн ашиг олдог вэ?

Би сүүлийн хэд хоног л зогссон. Яах вэ хэсэг хүмүүс авсаан авсан. Орлогын хувьд үуу, хоёр зуун мянга гээд янз бүр л байна. БАйдлаасаа л шалтгаална. Зарим үед манайхан чинь уухгүй шд. Уудаггүй юм байна лээ. Заримдаа гэнэт ихчихдэг. Цалин энэ тэр буусан юм байлгүй. Нэг үеэ бодоход манайхны ууж идэх нь багассан байна. 

Одоо шөнийн 02:00 цаг өнгөрч байна. Та нилээн даарсан харагдаж байна. Энд хэр удаан зогсч байна вэ?

12 цагаас хойш зогсч байна. Харин их даарсан байна. 

- Та нэг архи, пивонаас хэдэн төгрөгийн ашиг олдог вэ? 

 Нэг пиво 10000 төгрөг. Ах нь гурван мянган төгрөг л нэмдэг. Архи бол янз бүр. Үнэнийг хэлэхэд хүнээ харж байгаад л хэдийг нэмэхээ шийддэг. Нэг их үнэ тогтоогоод бас яах юм л гэж боддог шдээ. 

Яг өнөөдрийн хувь хэдэн төгрөгийн ашиг олов?

Өнөөдөр юу ч зарж чадсангүй ингээд л баригдчихлаа. 

Хэдийгээр алба хаагчид өдөр шөнөгүй ажиллаж архидалттай тэмцэж хууль тогтоомж, дүрэм журам хэрэгжилтэнд хяналт тавьж байгаа боловч энэ төрлийн бизнес эрхлэгчдийн арга нарийссаар л... Тэд Монгол улсын хууль тогтоомжийг үл хайхран зөвхөн ашиг хонжоо хайн сархад хүсч мөнгө сарвайсан хэн бүхний хүслийг биелүүлж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй. Хожмын хор уршгийг ядаж ганц удаа бодож үзсэн бол...

Энэ удаагийн гэнэтийн шалгалт болон Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн хэрэгжилтийн талаар НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөнгөөс тодруулахад: Цагдаагийн байгууллагаас  2020 оны хоёрдугаар сарын 03-ны өдрөөс эхлэн сар шинэ 2020" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Үүний хүрээнд цагдаагийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд нэмэлтээр эргүүлийн хүн хүчийг зохион байгуулж ажиллаж байгаа.

Ер бол Засаг даргын захирамжийн хэрэгжилтийн хувьд тус захирамжийг зөрчсөн зургаан удаагийн тохиолдлыг илрүүллээ. Тухайн захирамжаас гадна Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн арав гаруй тохиолдол бүртгэдсэн. Ихэвчлэн баасан, бямба гаригуудад гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл тэр дундаа согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотой дуудлага мэдээлэл ихэсдэг. Хэдийгээр Засаг даргын захирамж гарсантай холбоотойгоор энэ төрлийн дуудлага мэдээлэл харьцангуй багассан боловч бодит байдал дээр шалгалт хийхэд хууль тогтоомжийг зөрчиж байгаа ААН-үүд тодорхой хэмжээгээр байгааг та бүхэн харлаа.

Хамгийн гол нь манай орон коронавирус (COVID-19)-ийн халдвар тархах өндөр эрсдэлтэй орны  тоонд орсон энэ хүнд цаг үед иргэд дор бүрнээ өөрсдийн эрүүл мэндэд анхаарч ААН-үүд хуулийн хүрээнд ажиллаж төрөөс гаргасан хууль тогтоомж, захирамжийг дагаж мөрдөх нь чухал байгааг хэлмээр байна гэлээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх