Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/86757060_240435060300545_8416803279182233600_n.jpg

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусын халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Ковид-19 халдвар Азийн 12 оронд бүртгэгдээд байна. Тэр дундаа монголчуудын хамгийн ихээр зорчдог Япон, Сингапур, Тайвань зэрэг оронд халдвар нэмэгдсээр байна. Одоогоор манай улсад коронавирсын халдвар бүртгэгдээгүй байна " гэв.

КОРОНАВИУС ХЯТАД УЛСААС ГАДНА ДЭЛХИЙН 25 УЛСАД 900 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН

ЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "2020 оны хоёрдугаар сарын 19-ний 10:00 цагийн байдлаар ковид-19-ийн халдвар авсан хүний тоо 75,182, нас баралт 2,009 байна. Сүүлийн 24 цагт шинээр бүртгэгдсэн тохиолдол 1,851 байгаа бол нас баралт 137-оор нэмэгджээ. Хятад улсаас гадна дэлхийн 25 улсад 900 тохиолдол бүртгэгдсэн.Хоёрдугаар сарын 11-ний байдлаар БНХАУ-д эрүүл мэндийн 3,019 ажилтан халдвар авснаас 1,716 нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан. 14.6 хувь нь маш хүнд байгаа. Одоогоор Хятадад 80 гаруй эмнэлзүйн туршилт судалгаа хийгдэж байгаа бөгөөд эхний үр дүн дөрөвдүгээр сард гарна" гэлээ.

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл "ДЭМБ-аас улс орнуудад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдээ үргэжлүүлэхийг уриалж байгаа. Сая 17 байгууллагын төлөөлөл багтсан ажлын хэсэг эрсдлийн үнэлгээг тав дахь удаагаа хийж, эрдэл өндөр байна гэж дүгнэлээ. Халдвар буурахгүй, оргил үе тохиож байгаатай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн хугацааг гуравдугаар сарын 30-н хүртэл сунгалаа. Үүнтэй холбоотойгоор Улсын Онцгой комисс маргааш хуралдана" хэмээх мэдээллийг өглөө.

ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл, технологийн газрын мэргэжилтэн А.Баярзаяа "ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори нь амьсгалын замын цочмог халдвар үүсгэгчийг илрүүлэх тоног төхөөрөмж, урвалж, оношлууртай, мэргэжлийн боловсон хүчин ч хангалттай байдаг. ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори ДЭМБ-ын сүлжээ лаборатори болохынхоо хувьд Японы халдварт өвчин судлалын төвийн лавлагаа лабораториос оношлуур хүлээн авч, шинжилгээ хийж байна. Манай орон Ази тивдээ хамгийн түрүүнд оношлуур хүлээж авсан. Оношлуурыг 100 хувь найдвартай гэж үзэж байгаа. Энэ оношлуурыг ДЭМБ-ын лавлагаа таван лабораторийн нэг болох Токиогийн лавлагаа лабораториос хүлээн авч, шинжилгээний дүнгээ Япон руу илгээн баталгаажуулж байна. Ер нь бол ХӨСҮТ-ийн лаборатори Токиогийнхтой яг адил тоног төхөөрөмж, урвалж, оношлуур хэрэглэж байгаа" гэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Хоёрдугаар сарын 17-нд ХӨСҮТ-д гурав, Говьсүмбэр аймагт хоёр иргэнийг тусгаарлаж шинжилгээ авсан бөгөөд таван хариу сөрөг/халдваргүй/ гарсан. Өчигдөр буюу 18-нд сэжигтэй тохиолдол бүртгэгдэгүй. Өнөөдрийн байдлаар тусгаарласан сэжигтэй тохиолдол байхгүй байна" гэдгийг хэллээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх