etoim.mn
photos/fhdf.png

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч байна.

Шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яам өнөөдөр мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:  Шинэ коронавирусийн халдвар хурдацтай  нэмэгдсээр байна. Энэ талаар олон арван эрдэмтэн судлаачид өөрсдийн судалгаа шинжилгээгээ эрчимжүүлж, шинэ дүгнэлт, мэдээллүүд гараад байгаа. Тухайлбал: Өчигдрийн байдлаар нэг хүн 1-5 хүнд халдвар тарааж байна гэж үзэж байсан бол өнөөдөр нэг хүн 5-6 хүнд халдвар тараах магадлалтай гэж үзэж байна.  Мөн өвчний нууц үе буюу 2-14 хоногт өвчтөнд ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүйгээр халдвар тараах магадлалтай гэж үзсэн.

Түүнчлэн ДЭМБ-ын захирал хэлэхдээ энэ бол зөвхөн мөсөн уулын орой байж магадгүй тул сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэж анхааруулсан. Цаашдаа тахалын хэмжээнд хүрэх эрсдэл ажиглагдаж байгаа ийм эрсдэлтэй үед бид аж төрж байна. 

ДЭМБ болон бусад улсуудад амны хаалттай асуудал үүсээд байгаа. Тиймээс дэлхийн зарим улсад амны хаалт, хувийн хамгаалах хэрэгслийг ихээр нөөцөлсөн тохиолдолд тэдэнд хүлээлгэх хуулийн хариуцлагыг тодорхойлсон байна. Нэг ёсондоо амны хаалтны хомсдол үүсээд байгаа. Тийм учраас та бүхэн өөрсдийн эрүүл ахуйд хариуцлагатай хандаж амны хаалтыг зөв хэрэглэхийг уриалж байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа: Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар авсан 43,099 тохиолдол бүртгэгдэж, 1,018 хүн нас барсан гэсэн тоон мэдээ гарсан байна.

БНХАУ-аас гадна дэлхийн улс орнуудад 391 тохиолдол бүртгэгдэж байна. Тэдгээрийн ихэнх нь Хубэй мужид аялсан түүхтэй эсвэл оршин сууж байсан түүхтэй байсан ч сүүлийн үед Франц, Герман, АНУ, Вьеьнам, Сингапур, Испани, Тайланд, Солонгост Хятад улсад зорчсон түүхгүй тохиолдлууд бүртгэгдэж байгаа нь анхаарал татаж байна. 

Үүнээс гадна Хятад, Япон, Малайз, Саудын Арабад шинж тэмдэг илрээгүй хүмүүст халдвар батлагдсан тохиолдол гарсан.

Нэгдүгээр сарын 6-наас хойш ЭМЯ, ОБЕГ, МХЕГ хамтран дөрвөн удаагийн эрсдлийн үнэлгээ хийж улмаар түүнээс гарсан асуудлуудыг хамтран хэлэлцэж эрсдлийг бууруулах ажлыг зохион байгуулж байна. 

Энэ долоо хоногт эмнэлгийн халдвараас сэргийлэх үүднээс эмнэлгийн байгууллагуудад  танхимын сургалт зохион байгуулж байгаа. ДЭМБ-уулагаас эмнэлэгийн халдварын халдвар сэргийлэлт болон бусад салбарын яаралтай тусламжийн багийг авч ирэхээр ярилцаж байна. Мөн энэ долоо хоногт 3,000 оношлуур нэмж ирэхээр болсон. 

Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж: Засгийн газраас хилийн боомтуудад хийх зохицуулалттай холбоотой шийдвэрүүдийг нэгдүгээр сарын 28-нд гаргасан. Шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой УОК-оос тогтоолууд гаргаад холбогдох байгууллагууд чиг үүргийн хүрээнд ажиллаж байна.

Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бага зэрэг ташаа мэдээлэл яваад байна. Үүнд бага зэргийн тайлбар өгөх гэсэн юм. Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтууд байрлаж байгаа аймаг, сумандаа харьяалахгүй бөгөөд энэ нь Монгол Хятадын хилийн боомт юм. Тиймээс хилийн Замын-Үүд боомт гэж ярих нь зөв.

Түүнчлэн Монгол Хятадын хилийн боомтуудад зарим хязгаарлалт хийсэн болохоос бүхэлд нь хаагаагүй гэдгийг онцлон хэлмээр байна. Зорчигч тээврийн зарим хөдөлгөөнийг тодруулбал: Монгол Улсын иргэн хувийн ажлаар БНХАУ-руу зорчихыг хязгаарласан. Түүнээс биш БНХАУ-аар дамжиж өөр улс руу явж байгаа, тус улсад ажиллаж амьдардаг иргэд, оюутнуудыг, мөн эмнэлгийн зайлгүй шалтгаанаар зорчих иргэдийн  хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Зорчигчид албан ёсны бичиг баримтаа үзүүлээд БНХАУ-руу зорчиж байгаа.

Өчигдрийн УОК-ын хуралдаанаар авто замын боомтуудаар нүүрс тээвэрлэхийг зогсоох шийдвэр гаргасан. Бусад эрдэс баялаг тухайлбал, зэсийн баяжмалын тээвэрлэлт хэвийн үргэлжилнэ. Ачаа тээвэр мөн саадгүй үргэлжилилэх болно. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд БНХАУ-ын талаас 634 иргэн хил нэвтэрч орж ирсний 625 нь Монгол Улсын иргэн байна. Дээрх хугацаанд БНХАУ руу 388 иргэн гарсан. Үүний дийдэнх нь буюу 342 нь эрдэс баялгийн тээврийн жолооч нар байна. 

Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хязгаарлалтын хүрээнд нэгдүгээр сарын 28-наас хойш 12,151 иргэн Монгол Улсад зорчин ирсний 11,354 Монгол Улсын иргэн. Харин 5,902 иргэн БНХАУ-руу зорчсоны 4,785 нь Монгол Улсын иргэн байгаа.

Үүнээс гадна зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр эх сурвалж нь тодорхойгүй БНХАУ-ын олон зуун иргэн хилээр нэвтэрч орж ирж байгаа гэх ташаа мэдээлэл тарж байна. Хязгаарлалт тогтоосноос хойших 14 хоногт нийт 442 БНХАУ-ын иргэн орж ирсэн. Эдгээр иргэдийн дунд дипломат ажилтнууд, хүндэтгэн үзэх шалтгаантай БНХАУ-ын иргэд байгаа гэсэн юм. 

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар: Хил нэвтэрч байгаа зорчигч болон тээврийн хэрэгсэлтэй  хамааралтай тоон мэдээллүүдийг та бүхэн сая сонслоо. Хамгийн гол нь бид халдварт өчний болон эрүүл мэндийн хяналтаа тавьж байна. 

Түүний мэдээлснээр нэгдүгээр сарын 7-ноос хоёрдугаар сарын 11-ны хооронд 86 сэжигтэй тохиолдол илрүүлсэн. Эдгээрийн 

- 66 нь Буянт Ухаа боомт дээр, 

- 5 нь Замын-Үүдийн боомт, 

- 3 сэжигтэй тохиолдлыг Хавиргын боомтоор илрүүлсэн. 

Өчигдөр нэмж 12 сэжигтэй тохиолдлыг Гашуунсухайт боомт дээр илрүүлж, тэдний шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү явуулж, шинжилгээнд өгсөн.  Мөн  "Монгол Улсын иргэдийг БНХАУ руу дипломат болон эрүүл мэндийн шалтгаанаар явахыг зөвшөөрч байгаа ч иргэд тус улсын эрүүл мэндийн байгууллагад хандах эсэхээ сайтар бодолцож үзэлцэхийг хүсч байна. Учир нь урд хөршийн эмнэлгүүд нилээд их ачаалалтай ажиллаж байгаа, тэр хэрээр эрсдэл өндөр байна. Тиймээс зайлшгүй шаардлагатай биш бол аль болохоор тус улсад зорчихгүй байхыг зөвлөж байна.

Мөн бид өнөөдөр дөрөв дэх удаагаа эрсдэлийн шинжилгээ хийж үзлээ. Үүний үр дүнд БНХАУ-тай хил залгаа хилийн боомтууд өндөр эрсдэлтэй байгааг тодруулсан бөгөөд эрсдэлийн үнэлгээний дагуу өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. 

Энэ үеэр сэтгүүлчдийн зарим асуултанд хариулт өгсөн юм. 

- Олон улсад эмчилгээний зарим эм гаргаж авсан  гэсэн мэдээлэл байсан. Эм, эмчилгээний судалгааг ямар түвшинд байна вэ?

-ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Шинэ төрлийн  коронавирусийн халдварын тархалтын байдалд дүн шинжилгээ хийхэд дэгдэлт өндөр байна. Нас баралтын түвшин 2.2 хэвээр байна. Шинжилгээгээр тогтоогдсоноос гадна сэжигтэй тохиолдол хэдэн мянга бий. Энэ бол хэдхэн хоногт буурах төлөвтэй халдвар биш.

Өмнөх туршлагуудаас харахад вирусийн тархалт 2-4 сар үргэлжилж байсан. Шинэ коронавирусийн эмчилгээний тухайд өвөрмөц эмчилгээ байхгүй, харин эмнэлзүйн эмчилгээнүүдийг хийсээр байгаа. Тухайлбал, амьсгал дэмжих, хүчилтөрөгч өгөх гэх мэт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа. 

-ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл: Амны хаалт бол халдварт өвчнөөс хамгаалах найдвартай арга юм. Гадны улсуудад ажиллаж, суралцаж байгаа иргэдээс олон тооны амны хаалтыг хандивлаж байгаа. Тэдгээрийг эрсдэлт бүлэг буюу эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, мөн өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан настнуудад тарааж байна.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх