Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/hdjfgkjhl.png

ЭМЯ-наас өнөөдөр зохион байгуулсан ээлжит мэдээллийн үеэр энэ сарын 6-наас Хятад улстай хиллэдэг автозамын боомтуудыг хааж, агаарын болон төмөр замын боомтуудаар монгол иргэдээ оруулна гэж мэдээллээ. 

Нэгдүгээр сарын 28-нд цагаан сарын дараа Хятадын хил нээгдсэн бөгөөд үүнээс хойш өнөөдрийг хүртэл Монголын 5200 иргэн Хятадтай хиллэдэг боомтоор орж ирсэн байна.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:  Яг одоо Хятадын Эрээн хотод манай улсын 150 иргэн Замын-Үүдийн боомтоор орж ирэх хүсэлтээ өгчихөөд байж байгаа. Эдгээр иргэдийг авчрах ажил ид явагдаж байна. БНХАУ-ын Эрээн хотоос монгол иргэдээ эх орондоо авчрахаар өнөөдөр өглөө эрт дөрвөн автобус хөдөлсөн. Улаанбаатарт хэдэн цагт ирэхийг нууцалж байгаа бөгөөд нийслэлд ирэнгүүт нь Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарлаж, үзлэг шинжилгээ хийх юм. Мөн энэ сарын 6-наас Хятад улстай хиллэдэг автозамын боомтуудыг хааж, агаарын болон төмөр замын боомтуудаар монгол иргэдээ оруулна. Гадаад улсад байгаа иргэдэд хэлэхэд тухайн улс дахь Монгол Улсын ЭСЯ, консулын газартаа бүртгүүлэх хэрэгтэй.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс манайд өгсөн 200 оношлуурын 100 нь үлдсэн. ДЭМБ-аас 3000 оношлуур авахаар болсны эхний ээлж дараагийн долоо хоногт ирнэ. Мөн хувийн хамгаалах хэрэгсэл ирнэ.  Ухань хотоос ирсэн 31 иргэнээс эхний ээлжинд шинжилгээ аваад хариу нь сөрөг гарсан ч тусгаарлаж, хяналтад байлгаж байгаа. Ажлыг гүйцэтгэсэн багийнхныг мөн тусгаарлаж, өдөр бүр үзлэг хийн, хянаж байна. Тодорхой хугацааны дараа зөвлөлдөөд дахин шинжилгээ хийнэ. Эмч, тархвар судлаачдын бүтэн баг ажиллаж байна.

МХЕГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар: Манай улсад БНХАУ-тай хиллэдэг 13 боомт байгаагийн 5 нь түр хаагдсан байгаа. Мөн иргэдийн тээшинд хяналт тавьж, боловсруулаагүй болон далайн гаралтай хүнсийг устгалд оруулж, зарим тохиолдолд буцаах арга хэмжээ авч байгаа. Өвчний голомт буюу Ухань хотоос хоёр чингэлэг ачаа ирснийг ариутгал, халдваргүйжүүлэлт хийн, шинжилгээ хийгээд халдвар илрээгүй учраас хилээр нэвтрүүлсэн. Засгийн газрын нөөц хөрөнгөөс ариутгал, халваргүйжүүлэлтэд зориулан 1.2 тэрбум төгрөгийг шийдвэрлэснийг термокамер авах, байцаагчдад хамгаалах хувцас хэрэглэл авахад зарцуулаад явж байгаа.

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх