Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Screenshot-2020-01-28-at-11.27.17-AM.jpg

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас коронавирустэй холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар: “Өнөөдрийн 10.00 цагийн байдлаар дэлхий дахинд 4474 хүн шинэ төрлийн коронавирусээр өвчилсөн байна. БНХАУ-ын Эрүүл мэндийн хорооноос ирүүлсэн мэдээлэлээс үзэхэд БНХАУ-д 4439 тохиолдол  бүртгэгдсэн бөгөөд тэднээс 106 хүн нас барсан гэсэн тоон дүн гарчээ. Харин Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй.

Нэгдүгээр сарын 9-27-ны хооронд Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д нийт 13 хүнд шинжилгээ хийсэн. Эдгээр иргэд нь БНХАУ-аас ирсэн, халуурсан иргэд байсан бөгөөд тэдний дөрвөөс нь томуугийн А хүрээний вирус илэрсэн. ЭМЯ, Гадаад харилцааны яам нь коронавирустэй холбоотой мэдээллийн албаны эх сурвалж болж байгаа бол гаднын орнуудын эх сурвалж нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/, БНХАУ-ын эрүүл мэндийн хороо, БНХАУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төв, Синхуа агентлаг болж байна.

Түүнчлэн Архангай болон Ховд аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч үгүйсгэгдсэн. Халуурсан, уушгины хатгалгаа туссан, хатгалгааны улмаас нас барсан тохиолдлыг шалгаж байна. Мөн Хонконгоос ирсэн хоёр оюутан болон Өмнөговь, Булган, Хэнтий аймагт гарсан сэжигтэй тохиолдлуудаас шинжилгээ авсан, хариу гарахаар дахин мэдээлэх болно.

Үүнээс гана шинэ коронавирусийн оношлуур Японы Халдварт, өвчин судлалын үндэсний хүрээлэн болох ЭМБ-ын хамтын ажиллагааны төвөөс ирсэн. 

2019 оны сүүлийн мэдээллээр уушгины хатгалгаагаар 78 мянга 141 хүн хэвтэн эмчлүүлсэн. Уушгины хатгалгаа өвчнөөр 431 хүн нас барсан.

Шинэ төрлийн вирусийн халдвартай холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүн болон маскны эрэлт өндөр байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн зохиомол хомсдол, үнийн хөөргөдөл ажиглагдаж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргасан шийдвэрээр зах, худалдааны төвүүд хэвийн ажиллаж байгаа. Бүтээгдэхүүний үнийн хөөргөдөл үүсгэх шаардлагагүй гэж анхааруулсан.

Хятадын Үхань хотод байгаа оюутнуудаа авчрах хүсэлтийг гадаад харилцааны яамаас тус улсын Гадаад харилцааны яаманд албан ёсоор хүргүүлсэн. Ийм хүсэлтийг өөр 10 орон тавьсан байсан. Үүнд БНХАУ нь эрүүл мэндийн үзлэг хийж, аюулгүй байдлыг хангаад зөвшөөрөл өгөхөө илэрхийлсэн.

МХЕГ-ын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар: Бид үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан бид өндөржүүлсэн байдалд ажиллаж ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж байна. Хилийн бүсэд 450 байцаагч ажиллаж байгаагаас 100 гаруй нь эрүүл ахуйн байцаагчид. Түрүүн 13 сэжигтэй тохиолдол дээр ажилласан гэж дурдсан. Үүний долоо нь хилийн боомтоор орж ирсэн хүмүүс. Бид сэжигтэй тохиолдол гарвал тухайн иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлж байгаа гэсэн юм.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх