etoim.mn
photos/04_20200124025224.jpg

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны нэгдүгээр  сарын 20-ноос нэгдүгээр сарын 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

“Эрүүл иргэн -2020” аяны нээлт боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы захирамжаар нийслэлийн хэмжээнд “Эрүүл иргэн 2020” аяныг хэрэгжүүлэхээр болсон. Өдгөө гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Эрүүл иргэн аян-2020” үйл ажиллагаа нийслэлийн есөн дүүрэгт албан ёсоор эхэллээ. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд “Эрүүл иргэн -2020” аяны нээлтэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул болон иргэдийн төлөөлөл, эмнэлгийн ажилтан албан хаагчид оролцов. “Эрүүл иргэн-2020“ аян нь гурван жилийн өмнөөс анх эхэлсэн бөгөөд тус аяны хүрээнд өнгөрсөн оны байдлаар Баянзүрх дүүргийн хэмжээнд 90 мянган иргэнд төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг хийж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулжээ. Харин энэ жилийн хувьд эрүүл иргэн аянд Эрүүл мэндийн яамны харъяа төв эмнэлэг, төрөлжсөн болон тусгай мэргэжлийн төвүүдийн эмч мэргэжилтнүүд, дүүрэг хороодын эмч нартай хамтран халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх  үзлэг оношлогоог хийх аж.

Хотын Захирагч нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх олон төрөлт цогц шийдлийг танилцууллаа

“Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх олон төрөлт шинэ нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилтуудтай холбоотой товч танилцуулгыг Хотын захирагч С.Амарсайхан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Э.Оюун-Эрдэнэ, Барилга хот, байгуулалтын сайд Х.Баделхан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар болон хэвлэл мэдээллийнхэнд хандан танилцууллаа. агаарын такси тээвэр /Cable car/ хэрэгжсэнээр одоогийн нийтийн тээврийн үйлчилгээг авах боломжгүй гэр хорооллын алслагдсан оршин суугчдыг богино хугацаанд ая тухтай тээвэрлэх боломж бүрдэх аж. Тухайлбал, Баянхошуунаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэл 16 минут зарцуулснаар иргэдийн зорчих хугацааг дөрөв дахин багасгах бол 7 буудлаас хотын төв рүү зорчих хугацааг тав дахин багасгаж, 14 минутад тус тус зорчих боломжийг бүрдүүлнэ. Тусгай замын автобус /BRT/ нь Канад, Америк, Франц, Герман, Финланд, Англи тэргүүтэй Дэлхийн 40 гаруй орнуудад ашиглагдаж байгаа сонгодог тээврийн хэрэгсэл юм. Автобус явах тусгай замын зурвасыг эхний ээлжинд Нисэх-Долоон буудал чиглэлд /15 буудал бүхий/ байгуулахаар төлөвлөж байна. Дараагийн ээлжийн тусгай замын автобусны зурвасыг хотыг тойрог хэлбэрээр хамарсан маршруттай болгож, 60 орчим буудалтайгаар байгуулна. Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр авто замын түгжрэл 20-30 хувь буурч, үр дүнд нь үндсэн зорчих хэсгийн хөдөлгөөний хурд 2-3 дахин нэмэгдэх аж. Танилцуулга мэдээллийн дараа Хотын Захирагч С.Амарсайхан Сүхбаатарын талбайд байршуулсан агаарын дүүжин тээвэр буюу cable car /агаарын такси/ болон цахилгаан автобусыг ЗГХЭГ-ын дарга Э.Оюун-Эрдэнэ, Барилга хот, байгуулалтын сайд Х.Баделхан болон бусад холбогдох албаны төлөөлөлд танилцуулав. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Э.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахын тулд Хотын захиргаа УИХ, Засгийн газар, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамтай хамтран зөв гарч шийдлийг шат дараатай хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна. Үүрэг даалгавар өгснөөс хойш үндсэндээ дөрөв, тавхан сарын хугацаанд бүрэн хэмжээний шийдлийг танилцуулж байгаа Хотын даргад болон төрийн албан хаагчдад Засгийн газрын зүгээс талархал илэрхийлье” хэмээн ярилаа

Удаашралтай байгаа төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах талаар АХБ-ны Суурин төлөөлөгчтэй Хотын захирагч санал солилцов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа. Павит Рамачандран нь сүүлийн 23 жилийн хугацаанд Ази, Номхон далайн 10 гаруй улс оронд олон улсын хөгжлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн салбаруудад улс орны ба бүсийн хэмжээний олон хөтөлбөрүүдийг боловсруулж, удирдан хэрэгжүүлсэн чадварлаг мэргэжилтэн аж. Уулзалтын үеэр талууд Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

“Хоггүй орчин” ажлын хэсэг байгуулж, хог цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэхээр болов

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж, хэд хэдэн чиглэлд үүрэг даалгавар өглөө. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр Хотын захирагч С.Амарсайхан "Хоггүй орчин" ажлын хэсэг байгуулж, энэ хүрээнд Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон төвийн зургаан дүүргийн удирдлагуудын хамтаар гэр хорооллын дунд, гудамж талбайд цугларсан хур хогийг зөөж, цэвэрлэх үүрэг өглөө.

Нийслэлд Цэргийн бүртгэл эхэллээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2020 оны Цэргийн бүртгэлийн талаар НЗДТГ-ын Цэргийн штабын ахлах офицер, хурандаа Т.Мөнхбаяр, Цэргийн штабын Тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнай нар мэдээлэл хүргэлээ. НЗДТГ-ын Цэргийн штабын ахлах офицер, хурандаа Т.Мөнхбаяр “Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1248 дугаар захирамжийн дагуу цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 07-ны өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж болох хороон дээр зохион байгуулна. Цэргийн бүртгэл явуулах журмыг Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаалаар баталсан бөгөөд уг журмын дагуу бүртгэлийн ажлыг явуулж байна” хэмээн ярилаа. Цэргийн бүртгэлийн тогтолцоо нь цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарт дүн шинжилгээ хийх үйл ажиллагааны цогц юм. Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг.

Говьсүмбэр, Баянхонгор аймгуудаас төлөөлөл ирж, туршлага солилцлоо

Улсын Их хурлаас 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууийг баталснаар Монгол Улсын иргэдийн эрүүл, аюулгүй таатай орчинд амьдрах эрхийг хангах үүднээс “нийтийн эрх ашгийг эрхэмлэн, олон нийтийн оролцоог хангах” зарчмыг баримтлан ажиллаж байна. Төсөл хэрэгжүүлэхэд оролцогч талууд төслийн төлөвлөгөө боловсруулах, шийдвэр гаргахад оролцох, газар болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчидтэй зөвшилцөх, хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хот, суурин газрын барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулахтай холбогдон Хот байгуулалт, хөгжлийн газар Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслүүдийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд Говьсүмбэр, Баянхонгор аймгуудын Засаг даргын Тамгын газар болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтэст нэгдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд ажиллаж, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах болон ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлэх явцтай танилцан, туршлага судлах уулзалт боллоо.

Монгол улсад ПАССИВ орон сууцны стандартыг нэвтрүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Ронген Архитектор компанитай “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах 9 байршилд барих “Орлогод нийцсэн орон сууцны төсөл”-ийн ажилд дэмжлэг үзүүлэх, Монгол улсад пассив орон сууцны стандартыг нэвтрүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.  Пассив орон сууцны халаалтын систем нь нарны илчийг ашиглахаас гадна тухай байшинд хэрэглэгдэж байгаа гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болон дотор нь ажиллаж, амьдарч байгаа хүний биеэс ялгарч байгаа дулааныг барьж авч ашигладгаараа онцлогтой юм. Санамж бичгийн хүрээнд Ронген Архитектор компани нь “Орлогод нийцсэн ногоон орон сууц” төслийн техникийн шийдэл гаргах талаар зөвлөх үйлчилгээ үзүүлж “НОСК” ХК-иас санал болгосон байршилд орон сууц болон дагалдах барилга байгууламжуудад шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалтыг ХБНГУ-ын хөрөнгөөр барих асуудлыг шийдвэрлэх, зураг төсөл боловсруулахаас түлхүүр хүлээлгэн өгөх зарчмаар пассив хаусны стандартаар барьж гүйцэтгэх юм.

“UB SCHOOL BUS” аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ

Хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн “Сургуулийн автобус”-ны төсөл хэрэгжиж эхэлсэн.

Нийслэлийн ерөнхий боловсролын их тойрууд байршилтай 17 сургуульд 26 автобус, хотын захын 12 сургуульд 14 сургуулийн автобус сурагчдад үйлчилж байна. Энэхүү төсөл нийслэлд анх удаа хэрэгжиж байгаа бөгөөд эцэг эхчүүд олон нийтийн талархлыг хүлээж өдрөөс өдөрт “Сургуулийн автобус”-аар зорчих сурагчдын тоо өсч байгаа аж. Тиймээс энэхүү төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад сургуулийн автобусаар зорчих хүүхдүүдийн NFC чип бүхий бугуйвчийг  гардуулан өглөө. Сурагчид сургуулийн автобусанд сууж, буухдаа бугуйвчаа уншуулснаар эцэг эхчүүд хүүхдээ автобусанд хэдэн цагт хаанаас суусан, буусан талаар болон автобусны байршил, хурдны мэдээллийг аппликейшнаар харах  боломжтой юм. Одоогоор нийслэлийн хэмжээнд 33 чиглэлд 40 автобус явуулж таван мянган сурагчдад үйлчилж байна. Төслийн үр дүнд Улаанбаатар  хотын түгжрэлийг бууруулахаас гадна хамгийн чухал нь хүүхдийн аюулгүй зорчих асуудал шийдэгдэж байгаа юм. Харин энэхүү бугуйвчийг хаяж гээгдүүлэхгүй байх, эвдэлж гэмтээхгүй байх зэрэгт эцэг эхчүүд, сургуулийн удирдлага анхаарал хандуулж ажиллах аж.

“Улаанбаатар эдийн засгийн форум- 2020” хоёрдугаар сарын 07-нд болно

Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлыг талуудын оролцоотойгоор хэрхэн  шийдэж болох гарц, боломжуудын талаар эрэлхийлдэг “Улаанбаатар эдийн засгийн форум- 2020” арга хэмжээг хоёрдугаар сарын 07-нд Корпорейт конвеншн центрт зохион байгуулна. 2015 оноос хойш зохион байгуулагдаж буй энэхүү үйл ажиллагааны талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа, Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч Ч.Ганхуяг, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан болон бусад холбогдох албаны төлөөлөл НЗДТГ-т мэдээлэл хийлээ. Энэ жилийн “Улаанбаатар эдийн засгийн форум- 2020” нь:

Улаанбаатар хотын эдийн засаг, хөрөнгө оруулалт

Улаанбаатар хотод хэрэгжих томоохон төсөл

Улаанбаатар хотын хөгжил

SMART CITY

“Нэг хот- Нэг стандарт” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд явагдана.

Форумын үеэр нийслэл хотод хэрэгжиж буй томоохон төслийг оролцогчдод танилцуулахаас гадна хувийн хэвшилтэй хамтарч хийх төсөл хөтөлбөр, бизнес эрхлэгчдэд олгож буй боломжоо танилцуулах аж. Мөн хотын удирдлага, газар хэлстийн дарга нар оролцогчидтой уулзаж, шууд ярилцан тулгарч буй асуудлаараа санал солилцох боломж олгоно.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх