Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/a6924493-1eca-427c-b473-aff392de6161.jpg

УИХ-ын чуулганаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

хурлын эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргалаа. Тодруулбал, хуулийн төслийн хүний эрхийг хамгаалах тэр дундаа эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой заалтуудыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дахин нарийвчлан хэлэлцэх шаардлагатай хэмээн үзэж буйгаа дурдсан юм.

Харин Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар уг асуудлыг заавал хойшлуулах шаардлагагүй бөгөөд эцсийн хэлэлцүүлгийн үеэр нарийвчлан хэлэлцэх боломжтой гэсэн тайлбар өгөв.

Ийнхүү чуулганаар Усны тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Усны агентлаг байгуулахаар заалт орж ирсэн нь сайн хэрэг. Өмнө нь хоёр ч удаа усны агентлагаа татан буулгаж байсан. Мөн Үндэсний хороог татан буулгаж байсан. Ямар учраас татан буулгаж байсан юм бол.Мөн ойн агентлаг ч байгуулах ёстой. Ойн хаягдлыг ашиглах ёстой. Ан агнууртай холбоотой агентлаг ч байгуулах ёстой. Гадуур зарагдаж байгаа загаснуудыг харахад дандаа дэлбэлж агнасан байна. Байгаль орчны яам эдгээр асуудалд хэрхэн анхаарч байгаа юм бэ.

Ажлын хэсэг: Ойн агентлагийг байгуулахаар бэлтгэл ажил хийж байна. Удахгүй үе шаттай танилцуулна. Антай холбоотой суудал яригдаж байна. Манай улсад дулаарал дэлхийн дунджаас гурав дахин эрчимтэй явагдаж байна. Иймээс усны нөөцөө хадгалж хамгаалах ёстой. Тиймээс гол мөрөнг хамгаалах ажлыг эрчимтэй явуулж байна. 180 орчим булаг шандыг хамгаалж байна. Өнгөрсөн жил есөн усан сан байгуулсан. Усны нөөцийг нэмэгдүүлэх судалгаа хийж байгаа.

УИХ-ын гишүүн Л.Энхболд: Оюутолгойн компаниас авч байгаа усны төлбөртэй холбоотой асуудал байгаа. Салбарын яам байгаль орчны төлөө ажиллаж байгаа бол 60 хувийн төлбөр авмаар байна. Монгол Улсын нийт усны нөөцийн 1.9 хувийг гүний ус эзэлдэг. Гэтэл уул уурхайд ашиглаж байгаа усны хэрэглээний 80 хувийг газрын доорх уснаас бүрдүүлж байна. 10-15 хувийг хөв цөөрөм үүсгэх замаар бүрдүүлэх боломжтой гэсэн. Хэрлэн гол төсөл, Орхон гол төслүүд хэзээ хэрэгжих вэ. Орхон, Онги төслийг яаравчилъя. Эдгээр төслийг эрчимжүүлэхгүй бол газрын гүний ус дуусах гээд байна.

Ажлын хэсэг: Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолоор ашиглалтын зориулалтаас хамааран усны төлбөрийг тогтоодог. Уул уурхайд ашиглаж байгаа усны үнийг хамгийн багаар тогтоосон. Таны хүсэлтийн дагуу уул уурхайд ашиглаж байгаа усны төлбөрийг 35 хувиар тооцож судалгаа хийсэн. Судалгааг удахгүй Засгийн газарт танилцуулж, усны төлбөрийн хувь хэмжээ өөрчлөгдөнө. Монгол оронд жилдээ 564.8 км/куб усны нөөц бүрэлдэн бий болдог. Үүнээс 1.9 хувь буюу 10.8 км/куб нь газрын доорх ус байдаг. Манай орны эрс тэс уур амьсгалаас хамаарч газрын доорх усыг түлхүү ашиглаж байгаа. Хөх морь төслийн хувьд тантай санал солилцсоны дагуу Орхон, Онги төслийг хамгийн түрүүнд хэрэгжүүлэхээр урьдчилсан судалгаа боловсруулаад байгаа. Австрийн Засгийн газарт захидал хүргүүлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Усны асуулал бол маш чухал. Ялангуяа манайхаас гадагшаа гарч байгаа гол мөрний асуудал байна. Үүн дээр жишээ нь усыг нөөцлөөд хуримтлал бий болгож ашиглахад олон улсын конвенц, эрх зүйн актаараа хэрхэн зохицуулсан байдаг вэ. Тийм боломж байдаг уу. Бидний нэгдсэн ямар конвенц байна вэ. Усны асуудал дээр цаашид ямар бодлого чиглэл баримтлах вэ. Ялангуяа хүн ам ихтэй улс орнуудад усны хомсдол маш их үүсэж байна. Ус гэдэг алтнаас ч үнэтэй зүйл. Хүний амь настай холбоотой. Усгүйгээр хүн хэд хоног амьд явах вэ. Тэр алт бензин, шатахуунгүйгээр амьдарч болно. Усны асуудалд дээд зэргийн өндөр анхаарал хандуулах ёстой. Үүнийг төрөөс анхаараад хуульд өөрчлөлт оруулж байгаа нь маш чухал.

Ажлын хэсэг: Манай орны ихэнх гол гадагш урсан гардаг. Энэ асуудлыг хилийн усыг ашиглах хамгаалах гэрээгээр зохицуулдаг. Хилийн усыг ашиглах гэрээнд усан цахилгаан станц, барилга байгууламжийн судалгааг хийсэн, санхүүжилт хүлээж байна. Олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд нийт урсацын 10-15 хувийг ашиглах боломжтой. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх