Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/553382_open-uri20200116-4195-19ivhrk_x974.jpg

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь танилцуулав. Ажлын хэсэг гурван удаа хуралдсан байна.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь улсын төсвөөс санхүүжигдэх бөгөөд комиссын дарга төсвийн төслийг Улсын Их Хурлын даргад хүргүүлж, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд, улсын төсөвт нэгтгүүлэхээр төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлэх зохицуулалтыг төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Комисс таван гишүүнтэй байх, жендэрийн тэнцвэрийг харгалзах, мөн эрүү шүүлт хариуцсан гишүүнтэй байх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизм, үндэсний үйл ажиллагаа хэмээх бүлэгт уг үйл ажиллагааг эрхэлсэн гишүүний чиг үүрэг бүхий бүрэн эрх, түүнд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх мэргэшсэн нэгжийн тухай тодорхой тусгах нь оновчтой хэмээн холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулсан байна.

Комиссын гишүүний сонгон шалгаруулахдаа Хууль зүйн байнгын хороо ажлын хэсэг байгуулан, 15 хоногийн дотор сонгон шалгаруулалтыг явуулах бөгөөд хамгийн өндөр оноо авч тэнцсэн иргэдээс сул орон тоогоор нэр дэвшүүлнэ гэж, ийнхүү нэр дэвшсэн иргэнийг Хууль зүйн байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр тусгасан байна.

Комиссын ажлын албыг Тамгын газар болгох гэх зэрэг асуудлыг төсөлд тусгахаар зарчмын зөрүүтэй 23, найруулгын шинжтэй 2, дагасан хуулийн төслийн талаарх 1 саналыг тус тус бэлтгэн томъёолсон байна. 

Ажлын хэсгийн ахлагчийн уг танилцуулгатай холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Тухайлбал, төслийн 8 дугаар зүйлийг “8.1.Комисс үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмаас гадна дараах зарчмыг баримтална:

8.1.1. хүний эрх, эрх чөлөөг дээдлэх;

8.1.2. хүртээмжтэй байх;

8.1.3. шудрага, ил тод байх;

8.1.4. хараат бус, бие даасан байх.” хэмээн өөрчлөн найруулахыг Хууль зүйн байнгын хорооны гишүүд дэмжив. Мөн төслийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн “гурван гишүүнтэй” гэснийг “таван гишүүнтэй” гэж өөрчилж, 12.3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын” гэснийг хасаж, 12.4 дэх хэсгийн “Байнгын хороонд” гэсний өмнө, 12.6 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсгийн “Байнгын хороо” гэсний өмнө “Хууль зүйн” гэж тус тус нэмэх нь зүйтэй хэмээн гишүүд дэмжлээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан шийдвэрлэсэн. 

Ийнхүү зарчмын зөрүүтэй саналуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсний дараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх