Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/74363af1-25a1-4755-adab-8deac87a8d43.jpg

Өчигдөр 18 цагт хуралдаж эхэлсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ дахь МАН-ын бүлэг ахмадуудын зээлийг 6 сая хүртлэх төгрөгөөр хааж, илүү зээлтэйг нь өөрсдөө төлөх мөн зээлгүй ахмадуудад Салхитын мөнгөний ордоос үнэт цаас эзэмшүүлэхээр ярьж тохироод байна. 

Энэ асуудлаар гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийллээ. 

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: Ирээдүйн орлогоор барьцаалж  байгаа  үнэт цаас тодорхойгүй байна. Салхитын мөнгөний ордын орлогыг яаж тооцоолж байна вэ? 194 мянган иргэнд компанийн үнэт цаас өгнө гэж байна. Өрийн бичиг юм уу, хувь эзэмших эрхийн бичиг юм уу? Үүнийг тавдугаар сарын нэгний дотор өгнө гэж ямар тооцоолол хийсэн юм бэ? Эхлээд ахмадуудын зээлийг шийдэж байгааг эсэргүүцэж байгаа зүйлгүй. 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Салхитын ордын ашгийн орлогыг барьцаалж байж, 194 мянган ахмадад үнэт цаас хэлбэрээр нэг сая төгрөгийн эрх олгоно. Энэ нь 2021 оны тавдугаар сарын нэгнээс олгоно.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Зээл тэглэх асуудлыг Цагаан сарын өмнө шийднэ гэж байгааг дэмжиж байна. Үүний хажуугаар 194 мянган иргэнд нэг сая төгрөгийн үнэт цаасыг 2021 оны тавдугаар сард өгнө гэнэ. Нэгмөсөн бондоо босгоод нэг сая төгрөгөө Цагаан сарын өмнө өгөөд явах боломжийг харъя. Хамтад нь шийдээд явсан нь дээр. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Монгол Улсын хэмжээнд 421 мянган тэтгэвэр авагчид байгаа. Үүний 51,8 хувь нь зээлтэй байгаа. 194 000 иргэн ямар ч зээл аваагүй байгаа. Энэ бол 12 сарын 31-ний байдлаар авсан тоо юм. Бүх зүйлийг болгоно бүтээнэ гэж борви бохисхийлгүй зүтгэж өдий хүрсэн ахмадуудаа нэг удаа баярлуулья гэсэн юм. 194 мянган иргэндээ нэг сая төгрөг өгье гэхээр нийтдээ 194 тэрбум төгрөг шаардлагатай. Нийт бондын хэмжээг 900 тэрбум төгрөг гэж тооцож байгаа юм. Зээлийн хэмжээ бас зөрөөтэй байгаа. Хамгийн бага зээлийн зөрүү гэхэд 22 тэрбум төгрөг болж байгаа юм. Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж байж энэ бүхнийг шийднэ.

УИХ-ын гишүүн Н.Учрал:  Ямар асуудал дээр шүүмжлэлтэй хандаж байгаа гэхээр 190 мянган хүний асуудал шүү дээ. 2-3 жилийн дараа тэтгэврийн зээл тэглэлээ гэхэд баярладаг ард түмэн байх юм уу, тэтгэвэр нь хангалттай болчихсон улс орон байх юм уу гэдгээ шийдмээр байна. Тэтгэврийн реформ хийе гэхээр наад бүх хүн чинь тэтгэврийн зээлтэй байгаа гэдэг байсан. Одоо ингэж зээл тэглэхээр нэг гараанаас гарах нөхцөл бүрдлээ шүү дээ. Энэ үнэхээр тэтгэврийн реформ хийх цаг мөнөөсөө мөн шүү. Тэгэхээр тэтгэврийн реформыг яаралтай хийх нь л чухал.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Энэ халамжийн бодлогоо гэнэтийн огцом шийдвэр гаргаж, алаагүй баавгайн арьсыг хувааж байгаа юм шиг л харагдаж байна. Гэхдээ төрийн хайр хишгийг хүртэж байгаа ажлын эхлэл гэж ойлгож байна. Энэ бол үндсэндээ халамжийн бодлого. Гэхдээ цаашдаа зорилтот бүлэгт чиглэсэн, хавтгайрсан бус халамжийн бодлого л явуулах ёстой. Бид Ирээдүйн өв сангаа хуульчлаад баталчихсан. Өнөөдрийн байдлаар энэ санд 538 тэрбум төгрөг хуримтлагдсан байгаа. Бид ирээдүйн өв сангаа өргөтгөөд нийгмийн даатгалын реформ хийх цаг болсон шүү. Энэ бол Засгийн газар, УИХ, төрөөс үзүүлж байгаа ахмадууд руу чиглүүлж буй халамжийн бодлогын эхлэл юм шүү.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Яагаад бид ахмадуудаа нэг удаа харж үзэж болохгүй гэж. Бараг 30 жилд анх удаа хийгдэж байгаа ажил шүү. Дээрээс нь хүний эрх гэдэг үүднээс зээл авах эрхийг нь жилд нэг удаа олгож байгааг дэмжиж байна. Бодит байдал дээр буурсан юмыг эсрэгээр нь ярьж сөрөг сурталчилгаа явуулах хэрэггүй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Тэтгэврийн зээлийг барьцаалсан НДС-гийн хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал, тухайлбал, “Капитал” банкны асуудлыг салбарын сайдаас асууж тодруулмаар байна. Мөнгө мөртэй гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр хаана нэг газар энэ их мөнгө байх л ёстой. Хариуцсан эзэд нь бэлээхэн байж байна. Эд нартай яагаад хариуцлага тооцож болдогггүй юм бэ.

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Би энэ хуулийг дэмжиж байгаа ч цагаа олсонгүй. Хүн сэтгэлийн тусыг хэзээ ч мартдаггүй. Харин манай улсад дөрвөн жилд нэг удаа л ийм шийдвэр гаргадаг. Сонгуулийн өмнө шүү дээ. Иймд хэдүүлээ дөрвөн жилд ганц л удаа хуралдаж байя. Сонгон сонгон нэг цадна, сонгууль дөхөхөөр нэг цадна гэдэг үг бий боллоо. Уг нь хүнд юм өгөхдөө зүгээр өгөх нь зөв. Гэтэл би өгсөн шүү гээд байв аа. Энэ хайрын шийдвэр байв уу, сонгуулийн шийдвэр байв уу? Та нар сонгуулийн сурталчилгаандаа баахан ахмадыг чирээд, бид ийм шийдвэр гаргасан шүү гээд байв даа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Зээлээ өгч чадахгүй нэмэгдээд байгаа үнийн дүн нь зургаан саяас хэтэрсэн байвал яах вэ гэдэг асуудал байна. Өөрөөр хэлбэл нэг удаагийн зээл нь хоёр сая. Төлж чадахгүй явсаар дөрвөн сая, найман сая болчихлоо гэхэд зээлийг нь өөрчлөх боломж байна уу. Тэгэхгүй бол шударга ёсны зарчим алдагдах гээд байна. Хуулийн утгаараа тэглэх гэдэг ойлголт байхгүй болоод мөнгийг нь хасаж өгөх гэдэг ойлголт руу яваад байна. Тэтгэвэр тэглэж өгье гэдэг нь зээлийг нь тэглэж өгье гэж байгаа юм шүү дээ. Өвөө эмээ нар маань зээлээ төлж чадахгүй зээлээс зээлийн хооронд хоорондоо нийлж зээл авсаар байгаад нийт зээлийн нийлбэр зургаан сая давчихсан байгаа. Тиймээс эцсийн хэлэлцүүлэг хийхдээ төлбөрийг баталгаажуулах, төлбөрийн тооцоог тэтгэвэр авагчтай нийлүүлэх гэдэг ойлголтонд аргачлалыг нь нарийвчилж зааж өгөх хэрэгтэй шүү.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх