Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/18789414_1503495126369881_470055570_o.jpg

АН-ын зөвлөл тэтгэврийн зээлийг тэглэх ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэлэлцэн зөвлөлийн байр сууриа нэгтгэжээ. Иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэхдээ инфляцийг өсөлтөөс эхлээд бусад учирч болох бусад эрсдлийг нарийн тооцох хэрэгтэй гэдгийг тус зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэллээ.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: "Сонгуулийн шоу болгож эдийн засгаа баллаж болохгүй. АН Ерөнхийлөгчийг сонгуульд нэр дэвшихэд Монгол хүн бүрийг нэг удаа өрийн дарамтаас чөлөөлөх захиас  өгсөн. Ингэхдээ тэтгэвэр, цалин, оюутны сургалтын төлбөрийн зээлийг өрийн дарамтаас чөлөөлөхдөө байгалийн баялгаас иргэдэд хүртээх өгөөж болон иргэдэд оногдох хувьцааны ногдол ашгаас чөлөөлөх асуудал ярьсан. Нийгмийг талцалд хувааж болохгүй. Зөвхөн Салхитын ордыг ярьж болохгүй, бид эрх зүйн орчноо шинэчилж нийт стратегийн ордыг төрийн нийтийн үйлчилгээний компани байгуулах нь зүйтэй.  ҮАБЗ-ийн шийдвэр нь үүнийг хэрэгжүүлэх эхний алхам болж байна гэж харж байгаа. Асуудлын гол нь дараа нь гарах үр дагаврыг зөв тооцоолох нийт иргэдээ өрийн дарамтгүй болгоход  стратегийн ордуудаа эргэлтэд оруулах стратегийн компани байгуулах шаардлагатай. Энэ асуудлаар хуулийн төсөл боловсруулаад  УИХ-д өргөн барих нь зүйтэй. Мөн 2020 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүснэ. Газрын хэвлийн баялгийг иргэдэд хүртээхдээ Үндсэн хуулийн суурь зарчмыг баримтлах ёстой" гэв. 

Асуудлыг цаашид өргөн хүрээнд харж зөвхөн ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх тухай асуудал биш  нийт иргэдийнхээ өрийг стратегийн ордуудын үр өгөөжөөс барагдуулах зэрэг асуудалд өргөн утгаар нь хандана гэлээ. Иймээс УИХ-ын гишүүн З.Нарантуяа нарын  гишүүд Төрийн нийтийн зориулалттай өмчийг иргэн, ААН-д эзэмшүүлэх, ашиглуулах тухай хуулийг санаачлан  УИХ-д өргөн барина гэж мэдээллээ. 

УИХ-ын  гишүүн З.Нарантуяа: "ҮАБЗ тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг хөндөхдөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр  тусгасан заалтыг  барьж асуудалд хандсан гэж ойлгож байгаа. Стратегийн ордуудаа хэрхэн, яаж ашиглах зарчмаа эхлээд тодорхойлохын тулд төрийн, нийтийн зориулалттайгаар иргэн, ААН-д ашиглуулах, эзэмшүүлэх бол ямар зарчмаар ашиглуулах вэ гэдэг хуулиа эхлээд батлах ёстой гэж би хувьдаа үзэж байна. Би энэ тухай хуулийн төслийг боловсруулаад хоёр жил гаруй болж байна. Энэ төслөө одоо ярих цаг нь болсон гэж үзэж байна. Зөвхөн нэг ордыг эргэлтэд оруулж бонд босгон тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэнэ гэж онцгойлон авч үзэх нь  үүсээд байгаа асуудлыг төгс шийдэж чадахгүй. Энэ нь нийгмийн нэг хэсгийг ялгаварлан авч үзэж байгаа шийдвэр болно. Бүх иргэнээ зээлийн дарамтгүй, орлогын  тогтвортой эх үүсвэртэй болгоё гэвэл зөвхөн Салхитын мөнгөний орд бус Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр зэрэг иргэдэд эзэмшүүлж болох бүх хувьцааг нь УИХ-ын тогтоолоор иргэддээ эзэмшүүлэх явдал юм. Орд бүхэн өөрийн онцлогтой, нөөцтэй. Хэдэн хувийг нь иргэдэд эзэмшүүлэх вэ гэдэг үндсэн зарчмаа хуулиар тогтоож иргэдийн хувьцааны ногдол ашгийг нь  жил бүр өгдөг байхыг  баталгаажуулж өгөх ёстой. Ингэснээр зээлтэй, зээлгүй гэж ялгаварлагдахгүйгээр Монголын бүх иргэн хувьцааны ногдол ашгаас тогтвортой орлоготой болно. Ингэж байж өрхийн орлогыг бодитойгоор дэмжинэ. Бид холбогдох хуулиудыг боловсруулсан. Удахгүй олон нийтийн дунд хэлэлцүүлж УИХ-д өргөн барина" гэлээ. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх