etoim.mn
photos/80329147_2505566143024088_7264766237190651904_n.jpg

Улиран одож буй 2019 он Монголчуудын ажил амьдралд ямар ул мөрөө үлдээгээд одох гэж байна вэ? Цагийн урсгалтай хамт цахилж одсон өдрүүдийг эргэн санаж, улс орны амьдралд өрнөсөн онцлох үйл явдлуудыг сөхье. Энэ удаад ETOIM.MN сайт 2019 онд улс төрийн эргэн тойронд хөвөрсөн онцлох АРВАН үйл явдлыг танилцуулж байна.

1. “Тохироо” нь бүрдсэн Үндсэн хуулийн өөрчлөлт

Энэ жил улс төрийн хүрээнд хамгийн хүчтэй, удаан хугацаанд яригдсан асуудлын нэг бол Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах явдал байлаа. 1992 онд батлагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал сүүлийн 20-иод жилийн турш хөндөж, сүүлийн 3 парламент дамжин яригдаж байлаа. УИХ-д зургаан өөр төсөл өргөн баригдаж байсан ч парламентаар хэлэлцэгдэх “хувьсгалын тохироо” бүрдээгүй юм. Харин энэ удаа өмнө нь өргөн барьсан тэдгээр төслүүдийг нэгтгэн, илүү сайжруулан боловсруулж, олон нийт, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага зэрэг өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлсний үндсэн дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг бэлэн болгожээ. Энэ ажлыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг таван сар буюу 158 хоног хэлэлцэж, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан юм. Монгол Улсын Үндсэн хууль 70 зүйлтэй. Үүний 19 зүйл, 36 заалтад нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байна. Ингэхдээ байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэндээ хүртээх, өвлүүлж үлдээх томоохон зохицуулалтыг хийж өгсөн нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн амин чухал зүйл нь байлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг 2020.05.25-ны 12:00 цагаас дагаж дагаж мөрдөх бөгөөд голлох өөрчлөлтийг уншигчдадаа дахин сануулж байна.  

  1. Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн 1 хувиас доошгүй иргэд эвлэлдэн нэгдэж байгуулна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсэхийг хуулиар тогтооно.  
  2. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д анх оруулснаас хойш 45 хоногийн дотор,  эсвэл 43.1-д “Ерөнхий сайдыг огцруулснаас” эсвэл Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг тараах шийдвэр гаргана. Шийдвэр гаргаснаас хойш УИХ 10 хоногийн дотор шинэ сонгууль зарлана. Шинэ сонгууль явагдаж дуустал УИХ бүрэн эрхээ эдэлнэ.  
  3. Шүүхийн сахилгын хороо ажиллана.  
  4. Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд мөнхүү зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно.  
  5. УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн бол УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна.  
  6. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, баялаг ой, усны нөөц, ан амьтан төрийн, нийтийн өмч мөн. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж шударга хүртээхэд чиглэнэ.  
  7. УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. УИХ-ын ээлжит сонгуулийн явуулахын өмнө хуульд өөрчлөлт оруулж, батлах, өөрчлөлт оруулахыг хориглоно.  
  8. УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний 2/3 үзэж, эсвэл Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж санал гаргасан бол УИХ-ын гишүүний 2/3-оор шийдвэрлэнэ.  
  9. Улсын төсвийг батлахдаа Засгийн газрын өргөн мэдүүлснээс бусад зарлагыг нэмэгдүүлж үл болно.  
  10. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд хүрээ хязгаарыг хуулиар тогтооно.  
  11. Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг зөвхөн нэг удаа сонгоно.  
  12. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болно.  
  13. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ.  
  14. Засгийн газрын гишүүнийг УИХ Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө.  
  15. УИХ-ын гишүүдийн 1/4-ээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг тавьсан бол УИХ гурван дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүд хэлэлцэн дэмжвэл тогтоолыг баталж, Ерөнхий сайдыг огцорсонд тооцно. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар огцорсонд тооцно. Шинэ Ерөнхий сайдыг 10 хоногийн дотор томилно.

2. М.Энхболдын орыг Г.Занданшатар залгав

М.Энхболдыг огцрохыг шаардсан гишүүд, иргэдийн тэмцэл он дамнаж, 2019 оны нэгдүгээр сарын 29-нд УИХ-ын даргыг огцруулав. Улс төрд шургалсан МАНАН бүлэглэлийн гол эздийн нэг гэгддэг М.Энхболд УИХ-ын даргын албан тушаалаасаа бууж, түүний оронд Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилсон нь оны онцлох үйл явдлын нэг яах аргагүй байлаа. 

Тухайн үед тэмцэгч, шударга гишүүд хэмээн нэрлэгдэж байсан Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан МАНАН-гийн эсрэг тэмцлийг улс төрийн хүрээнд эхлүүлж "их цэвэрлэгээ"  хэмээн тэмцэж байсан ч өнөөдөр М.Энхболд огцроод өөрчлөгдсөн зүйл алга хэмээн ярьж суусан биз ээ.

МАНАН-ийн эсрэг тэмцлийг толгойлж байсан гишүүдийн нэг болох Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргын суудлыг буюу Г.Занданшатарын орыг залгаснаар тэмцлээ “өөрчлөсөн” юм.

3. Эрдэнэт үйлдвэрийн онцгой дэглэм өнөөдөр ч үргэлжилсээр

У.Хүрэлсүхийн Засгийн газар маш зоригтой хэд хэдэн шийдвэр гаргасны нэг нь Эрдэнэт үйлдвэрийг төрийн өмчит компани болгож, онцгой дэглэм тогтоосон явдал юм.

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга /сахал/ Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон нарийг сүр дуулиантай баривчилсан боловч маргааш нь сулласан. Улмаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэт үйлдвэрт ажиллаж 6 сарын онцгой дэглэм тогтоосон юм. Засгийн газар эл шийдвэрээ есдүгээр сарын 13-нд дахин 6 сараар сунгасан тул ОНЦГОЙ дэглэм өнөөдөр ч үргэлжилж байна. ​

Засгийн газраас энэ тэм арга хэмжээг авч байгаа бол нөгөө тал болох ОХУ-аас 49-ийг худалдан авагч тал хэрхэх нь тодорхойгүй л байна.

4. Сөрөг хүчингүй УИХ

Намынхаа бодлого, үзэл баримтлалын эсрэг ажилласан хэмээх үндэслэлээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-аас хөөв. Улмаар УИХ-ын гишүүн Л.Болд тус намаас гарч байгаагаа мэдэгдсээр УИХ дахь АН-ын бүлэг, үйл ажиллагааг энэ оны дөрөвдүгээр сарын 9-ны өдрөөр зогсоолоо.

УИХ-ын тухай хуулиар “Ээлжит сонгуулиар найм болон түүнээс дээш суудал авсан нам бүлэг байгуулах эрхтэй” гэж заасан байдаг. Тэгвэл 2016 оны сонгуулиар АН 9 суудал авсан бөгөөд 2 суудлаа алдсанаар УИХ сөрөг хүчингүй болсон. АН-аас УИХ-д сонгогдсон үлдсэн долоон гишүүн хамтран Зөвлөл байгуулан ажиллаж байна.

5. Парламентад суудалтай ШИНЭ нам байгуулагдав

АН-аас хөөгдөж, өрх тусгаардсан УИХ-ын хоёр гишүүн болох Ж.Батзандан, Л.Болд нар 2019.06.06-нд Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам /ШИНЭ/-ыг үүсгэн байгуулах анхдугаар их хурлаа хийж, намын даргаар Ж.Батзанданг, УЗ-ийн даргаар Л.Болдыг сонгосон юм. Улмаар намын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Улсын дээд шүүхээс тус намыг бүртгэв.

Ингэснээр Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 34 дэх нам бөгөөд парламентад суудалтай дөрөв дэх нам болсон юм. Ийнхүү парламентад хоёр ч суудалтай нам үйл ажиллагаа идэвхжүүлж, гол хуулийн төслүүдийн ажлын хэсэгт багтан саналаа шингээж ажиллах болов. ШИНЭ-ийнхэн зөвхөн өөрийн намын бодлого гэхээсээ илүүтэй улс төрийн бусад намуудын дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэхийн тулд идэвхтэй ажиллаж, сөрөг хүчний орон зайг орлон ажиллаж байна.

6. Оюутолгой ашиггүй ажиллаж байгаа хүлээн зөвшөөрлөө

2009 онд баталж байсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ ашиггүй байгааг парламент хүлээн зөвшөөрлөө. Тиймээс Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталж, Дубайн гэрээг цаашид шийдвэрлэх эрхийг Засгийн газарт өгсөн юм. Учир нь, Дубайн гэрээ нь олон хууль, тогтоомжийг зөрчсөнийг Захиргааны хэргийн шүүх тогтоож, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын дөрвөн захирамжийг хүчингүй болгосон. 

Энэ тогтоолын төсөл батлагдснаар  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээг хуульд нийцүүлж, Монгол Улсын Засгийн газрын хувьцааг судлах, нөөцийн тайланг дахин тодорхойлж, ТЭЗҮ зэргийг шинэчлэх боломжтой болж байгаа юм. Харин Рио тинто компани Оюутолгойн гэрээ хууль ёсных гэж мэпэгдсэн бөгөөд 2010 оноос хойш манай улсад найман тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн байна. 

Оюутолгой нь зэсийн 70 жилийн, алтны 55 жилийн нөөцтэй бөгөөд манай улс 2023 онд ашиг хүртэх байсан ч 2041 он болж хойшилсон юм. Учир нь хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр Монголын ашиг хүртэх хугацаа хойшилно гэж гэрээнд заажээ. Үүнийг засах шийдвэр УИХ гаргасан нь зөвхөн Монголын биш дэлхийн анхаарлыг татсан шйлдэл байлаа.

7. УИХ-ын босго давсан Ерөнхийлөгчийн хориг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-аар баталж байгаа олон хууль тогтоомжид хориг тавьсан ч УИХ-ын босго давсан нь үгүй.  Энэ жил Ерөнхийлөгч цөөнгүй хуульд хориг тавьсан ч цөөн хэдийг нь УИХ хүлээж авсан юм. Тухайлбал...

  • 2019.05.30-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсныг УИХ 2019.06.07-ны нэгдсэн хуралдаанаараа хүлээж авах шийдвэр гаргалаа.
  • Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг 2019.10.04-ны хуралдаанаар хүлээж авлаа. Ингэснээр Үндсэн хуулийг ард түмнээр бус УИХ-аар хэлэлцэн батлахаас өөр гарцгүй боллоо.
  • Монгол улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагадан гарсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсныг УИХ 2019.12.03-нд хэсэгчлэн хүлээж авсан. Ингэснээр 2020 нэгдүгээр сараас нэмэгдэх байсан нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэхгүй болсон.

8. Төрийн айлчлалууд

Төрийн өндөрлөгүүдийн айлчлалаас 3 айлчлалыг онцлох нь зүйн хэрэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны долоодугаар сарын 29-нөөс 2019 оны наймдугаар сарын 3-ны өдрүүдэд АНУ-д айлчиллаа. Айлчлалын хүрээнд Америкийн ерөнхийлөгч Трамптай 40 минут ганцаарчилсан уулзалт хийж,  Монгол Америкийн стратегийн түншлэлийн тухай тунхаглал гаргажээ.

Айлчлалын үеэр Стратеги, олон улс судлалын хүрээлэнд Монгол-АНУ-ын харилцааны асуудлаар илтгэл тавьсныхаа дараа тус улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдтэй уулзсан байдаг.

Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин  9 дүгээр сарын 3-ны өдөр албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцсон билээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн нь онцлох үйл явдлын нэг байлаа. Тэрбээр ОХУ-ын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нартай ганцаарчилсан уулзалтыг хийж, хоёр орны хамтын ажиллагаа хийгээд эдийн засгийн харилцааг нэг шат ахиуллаа. Айлчлалын хүрээнд Монголын нутгаар дайруулан тавих хийн хоолойн асуудлыг хөндсөн юм. Мөн Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцож хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар, яамд хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.  

9. Эрх баригчдын халаа сэлгээ

МАН төрийн эрхэнд гарснаас хойш төрийн албаны халаа сэлгээ тасраагүй гэхэд хилсдэхгүй. Ялангуяа энэ онд ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гэгддэг фракц илүү эрх мэдэлтэй байж, томоохон халаа сэлгээг хийлээ. Тухайлбал, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, хотын дарга, С.Батболд, ЗТХЯ, БСШУСЯ-ны сайд, хууль, шүүх, АТГ-ын удирдлагууд гээд халаа сэлгээ хийгээгүй алба бараг үлдсэнгүй.

Эдгээрээс хотын даргын томилгоо хамгийн удаан дуншсан бөгөөд нийслэлчүүд гурван сар орчим удирдлагагүй байсан юм. НИТХ-аас С.Мөнхчулууныг хотын даргад сонгосон боловч Ерөнхий сайд батламжлахгүй хэсэг удсаны эцэст албан ёсоор татгалзах бичгийг НИТХ-д өгсөн. Улмаар Хотын захирагчын сунгаа дахин эхэлж С.Амарсайхан ялснаар хотын дарга болсон түүхтэй.

Харин Ерөнхий сайдад таалагдаагүй нэр дэвшигч буюу С.Мөнхчулуун хотын даргад нэр дэвшсэнийхээ төлөө намаасаа "хөөгдөв". Түүнийг  намын дүрмийг сахин хамгаалах, эв нэгдлийг хамгаалах, намын эрх ашиг албан ёсны шийдвэрт хүндэтгэлтэй хандах, бүх шатны удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчихгүй байх зэрэг МАН-ын шинэчилсэн дүрмийг мөрдөөгүй гэдэг үндэслэлээр хөөсөн билээ.

10. Сонгуулийн хуулийн тохиролцоо

Эрх баригчид УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө өөрсдөдөө давуу эрх олгохын тулд Сонгуулийн хуулиа өөрчилдөг уламжлалтай. Энэ дагуу Сонгуулийн хуулийг 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр яаруу сандруу баталлаа.

Сонгуулийн хуулийн эхний хувилбар нь 50:26 буюу холимог тогтолцоо байсан ч нэр бүхий гишүүд Үндсэн хууль зөрчинө гэж хүчтэй эсэргүүцсний улмаас дээрх хувилбар унасан. Улмаар 2020 оны сонгуулийг 1992, 2008 онд болж байсан шиг олон мандаттай, томсгосон тойргоор явуулна. Нэр дэвшигч нэгээс илүү тойрогт нэр дэвшихийг хориглож, нам эвсэл 76-аас илүүгүй хүнийг нэр дэвшүүлэх юм. Дүүрэг, аймаг бүр тойрог болж, тухайн тойрогт хэдэн мандаттай байх вэ гэдгийг ирэх жилийн хоёрдугаар сарын 1-нээс өмнө шийднэ.

Сонгуулийн тухай хуульд орсон зарим онцлох заалтуудаас дурдвал...

  • Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй... Ингэснээр  МАХН-ын дарга Н.Энхбаяраас эхлээд олон хүн нэр дэвших эрхгүй болсон юм.
  • Сонгогчдын нэрсийг жагсаалт улс төрийн намуудад нээлттэй байна. 
  • Нэр дэвшигчид үнэмлэхийг нь гардуулсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхэлнэ 
  • Сонгуулийн хандивыг нэмэгдүүлж иргэн таван сая, хуулийн этгээд 20 хүртэл сая төгрөгийн хандив өгөх эрхтэй болсон
  • Цахим орчинд бусдыг гүтгэх доромжлохыг хориглосон
  • Сонгуулийн сурталчилгааны хоног 18 байсныг 22 болгон нэмэгдүүлсэн
  • Шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс хойш хориглоно
  • Мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахтай холбоотойгоор гадаад улс оронд амьдарч байгаа сонгогчдын саналыг авахгүй
  • Сонгуультай холбоотой маргааныг тухайн сонгуулийн жилд багтаан шийдвэрлэнэ гэх мэт заалтууд тусгагдсан.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх