Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Turiin.jpg

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Уг төслийг өчигдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн зөрчилтэй заалтууд орж ирснийг анхааруулаад, зарим заалтыг эргэж харах чиглэлийг ажлын хэсэгт өгсөн билээ. Энэ тухай тэрбээр Байнгын хорооны хуралдаан дээр хэллээ.

Тэрбээр “Авлига, албан тушаалын хэргээр шийтгэгдсэн хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхийг хориглох тухай заалт ҮХЦ-ийн 2008 оны дүгнэлттэй зөрчилдөх эсэх, нэг хүнд чиглэгдсэн зохицуулалт болоод байна гэсэн шүүмжлэл гарсан. Энэ асуудлыг судлах хэрэгтэй. Эцэст нь олон улсад маргаан дэгдээж байгаа асуудал "Ард түмний сонголтыг шүүх шийдвэрлэх" тухай. Энэ асуудлыг хянаж зохицуулахыг гишүүд чуулган дээр ярьсан” гэсэн юм. Үүний дагуу ажлын хэсэг эцсийн хэлэлцүүлэгт зарчмын зөрүүтэй 11 саналыг оруулж ирж хэлэлцүүлж байна. Үүн дунд УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы санаачилсан “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн төслийн 30.8 дахь заалтыг хасах саналыг ажлын хэсэг оруулж иржээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Монгол Улсын Эрүүгийн хуульд хуучин ялтайд тооцох хугацаа гэж байсан. Энэ нь ямар учиртай вэ гэхээр тодорхой эрүүгийн хэрэгт ялгаатай хугацаатай буюу зарим хэрэгт таван жил, эсвэл 5-10 жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдвэл давтан хийсэн хэмээн ял нэмэгддэг байсан. Энэ дагуу Цэцэд гомдол гаргасныг Цэц дэлхийн хаана ч ялтайд тооцох хугацаа гэж байдаггүй юм байна гээд Эрүүгийн шинэ хуульд байхгүй болсон. Хоёрдугаарт, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцэд гишүүн орнууд авлига албан тушаалтан хээл хахууль, мөнгө угаах, терроризмтой холбоотой хэргийг Эрүүгийн хуулиас тусад нь авч үзээд зохицуулалтаас нь үл хамааран чангатгах ёстой гэдэг. Цэцийн дүгнэлтийг үндэслээд ялаа эдэлж дууссан бол одоо гишүүн бол гээд нэр бүхий хүмүүсийг нэр дэвшүүлэх эрх байгаа юм уу. Үүнд АТГ ямар байр суурьтай байгаа юм бэ. Энэ бол хувьд хүнд зориулсан заалт биш. Миний ойлгож байгаагаар шүүхээс зарим хүн ял авсан ч жирийн иргэнийхээ хувьд ажиллаж амьдрах нь нээлттэй байх. Заавал УИХ-д орох шаардлагатай юм уу.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч н.Даваатогтох "Авлигын эсрэг НҮБ-ын конвенцэд Монгол Улс нэгдэн орсон. Уг конвенцид “Авлига нь хөгжил дэвшил, шударга ёсны эсрэг гэмт хэрэг, нийгмийн тогтолцоог сулруулах ардчиллын үнэт зүйлд хохирол авчрах ноцтой гэмт хэрэг болохыг тодорхойлж хүлээн зөвшөөрсөн байдаг. Авлигын нийгэмд маш хор хөнөөлтэй гэдгийг бид бүгд мэднэ. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлага, Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял эдлээгүй байх” гэж заасан байдаг. Тэгэхээр төрийн жинхэнэ албан хаагчид ийм шаардлага тавьж байхад төрийн түшээ, гишүүнээр сонгогдох гэж байгаа хүн авлига, албан тушаалын гэмт хэргээр шийтгэгдээгүй байх гэсэн байр суурьтай байна" гэсэн.

Гишүүд асуулт асууж дуусахад “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн төслийн 30.8 дахь заалтыг хасах саналыг хасах гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон байнгын хорооны 11 гишүүний 9 нь дэмжсэнээр хасах санал дэмжигдлээ.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх