Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/82e4d71a-2a43-431d-99ae-88bd6de8b4dd.jpg

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Авто замын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгууллаа.

УИХ-аас Авто замын тухай хуулийг 2017 оны тавдугаар сарын 11-нд баталсан байна. Хуульд замын баталгаат засварын хугацааг гүйцэтгэгч байгууллага болоод зөвлөх компанид тус бүр гурван жил байхаар хуульчилсан. Хуулийг мөрдөж эхэлснээс хойш нийт 109 зам барьсан бөгөөд хуулийн заалтын дагуу баталгаат засварын хугацааг гурван жилээр тогтоосныг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан танилцуулав. Хуулийн хүрээнд авто замын ажил гүйцэтгэгч болон зөвлөх компаниудын ажлын үр дүн, чанарт дэвшил гарч байгааг мөн онцолсон юм.

Улсын хэмжээнд 2017 онд 20 байршилд, 2018 онд 19 байршилд, 2019 онд 21 байршилд автозамын их хэмжээний эвдрэл гарч 5.2 тэрбум төгрөгийн хохирол учирсныг зам хариуцагч 32 байгууллагууд засварлажээ. Харин Авто замын санд олон улсын, улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс төлбөр авах ажлын хүрээнд 2018 онд 7.6 тэрбум төгрөг, 2019 оны эхний 11 сард 8.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Тус сангийн хөрөнгөөр нийт 6293 ширхэг тэмдэг шинээр байрлуулж, 170 км хэвтээ тэмдэглэгээг сэргээжээ. Тодруулбал, анхааруулах тэмдэг 2368, хориглох тэмдэг 1680, мэдээлэх тэмдэг 2070, заах самбар 175 ширхэгийг байрлуулсан байна. Мөн салбарын сайдын 2018 оны 41 дүгээр тушаал, 2019 оны 109 дүгээр болон 283 дугаар тушаалын дагуу холбогдох төрийн өмчит зам хариуцагч байгууллагуудын машин механизмыг шинэчлэхэд зарцуулжээ. Авто замын тухай хууль нь 10 бүлэг, 36 зүйл, 167 заалттайгаас өнөөдрийн байдлаар 95 хувийн хэрэгжилттэй. 9 зүйлийн 29 заалт хэрэгжээгүй болон хагас хэрэгжилттэй байгааг салбарын яамнаас танилцуулсан. Харин Монголын автозамчдын холбоо төрийн бус байгууллагынхан 34 заалт буюу 13.5 хувь нь хэрэгжихгүй байна гэлээ.

Сонсголд оролцогчид хуулийн зүйл заалтын хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг нарийвчлан хэлэлцэх шаардлагатайг дурдаж байлаа. Тухайлбал, Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газрын өргөн 100 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 50 метр/, орон нутгийн чанартай авто замын зурвас газрын өргөн 60 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 30 метр/ байхаар хуульд заасан ч бодит байдалд хэрэгжүүлэхэд иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшилд халдах шаардлага үүсдэг байна. Мөн зам тавихад түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудал тулгардаг. Кареерын зөвшөөрөл авахад цаг хугацаа алдаж, гурван яамнаас зөвшөөрөл авах шаардлага үүсдэг зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг оролцогчид хэлж байлаа.

Сонсголын үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Дархан-Улаанбаатарын авто замын ажлын явцыг тодрууллаа. Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батболд "Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар замын ажил 2019 онд эхэлсэн ч гүйцэтгэгч компаниудтай холбоотойгоор хэрэгжилтийн явцад алдаа дутагдал гарч, төлөвлөсөн хугацаандаа дуусгах боломжгүй болсон. Европын сэргээн босголтын банктай байгуулсан зээлийн гэрээг саяхан соёрхон баталж, гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах тендер зарласан. 2020 оны зургаадугаар сард ашиглалтад оруулчих байх" гэж хариуллаа. Ерөнхий хяналтын сонсголоос Авто замын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагуудыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, гарсан саналыг нэгтгэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхийг ЗТХЯ-нд чиглэл болгов.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Иргэн

[64.119.22.14]

2019-12-17 17:29:37

Энхамгалан гэж хогийн амьтан 1918 оноос хойш худлаа ярилаа.улсын ажлыг хармаанд орох монгоо бодож хийсэн хулгайч ард тумэн бутэн жил шахуу зовлоо. Одоо ногоо хоер урсгалыг европийн хогжилийн бананы зээлээр барих асуудал сонгуулийн монго болон ххулгайн замаар ороод Алга бодох уу сайдаа шаараа