Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/gsdgsdhylmj.png

Нийслэлийн автозам ашигласны төлбөрийн хураамжийг нэмэгдүүлсэн шийдвэрийг эргэн харахаар өнөөдөр НИТХ хуралдаж байна. Үүнтэй холбогдуулан зарим албаны хүмүүсээс тодруулга авлаа. 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА С.АМАРСАЙХАН: ТОДОРХОЙ АСУУДАЛ ДЭЭР ЗОРИУД УЛСТӨРЖҮҮЛЛЭЭ

- Төсөвт тодотголыг хэрхэн хийх бол?

Нийслэлийн автозамын хураамжийг нэмэгдүүлсэн асуудлыг зөвхөн замтай холбож тайлбарлаж болохгүй. Зам, даланг засварлах байсан. Гэвч энэ шийдвэрээ цуцлахад хүрээд байна. Одоо бусад эх үүсвэрүүдийн зардлаасаа хасч зохицуулна. Сургууль, цэцэрлэгийн гадна тохижилт, явган хүний зам, газрын дуудлага худалдаа зэргээс зохицуулахаар ярилцаж байна. Гэхдээ бүрдэх боломжгүй төсөв батлагдаж байна. 

- Ирэх ажил автозамын засвар, шинэчлэлийн ажлыг хүлээх шаардлагагүй боллоо гэж албаны хүмүүс хэлж байна. Энэ талаар...?

Тодорхой асуудал дээр зориуд улстөржүүллээ. 100 км-т 40 литр бензин иддэг автомашин уначихаад эсэргүүцлийн жагсаал хийлээ. Газар дуудлага худалдаагаар 10 тэрбум төгрөгөөр худалддаг байсан бол 15 тэрбум төгрөг болгохоор хэлэлцэж байна. Энэ бол улстөржүүлэхгүй оруулж ирсэн асуудал. Харамсалтай нь сонгуулийн явцуу байдлаар асуудлыг хардаг. Тиймээс энэ шийдвэр унаж байна. Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөр тутам 300 мянган автомашин оролцож байна. 

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Б.ИНДРА: АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД ЗОГСОХ МАГАДЛАЛТАЙ 

- Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлж баталсан. Харин одоо цуцлах эсэхийг хэлэлцэх гэж байна. Ингэснээр төлөвлөсөн ажлуудад ямар өөрчлөлт орох вэ?

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл оролцдог. Эдгээрийн зорчих авто замын аюулгүй байдлыг хангахаар олон ажлууд төлөвлөөд байлаа. Тухайлбал их, дээд сургуулиудын орчимд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүд, гэрэлтүүлэг, зам дагасан ус зайлуулах шугам хийх зэрэг олон ажил төлөвлөсөн нь зогсох магадлалтай.

Мөн энэ онд төлөвлөөд байсан чухал нэг ажил нь Улаанбаатар хотын орон сууц, гэр хорооллын дунд 60 гаруй км үргэлжлэх дугуйн замыг хийхээр төлөвлөсөн ч хийгдэхгүй болох нөхцөл үүслээ. Уг нь дугуйн замыг зориулалтын өнгө хучилттай, стандартад нийцсэн замыг төлөвлөөд байв. 

НИЙСЛЭЛИЙН ЗАМ, ТЭЭВЭР ХАРИУЦСАН ТӨСЛИЙН УДИРДАГЧ Б.ОТГОНСҮХ: ХЭРЭВ ӨНГӨРСӨН ЖИЛ ЭНЭ САНАЛЫГ ГАРАГСАН БОЛ ХЭН Ч ЮУ Ч ХЭЛЭХГҮЙ БАЙСАН БАЙХ 

Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн шийдвэрийг өнөөдөр цуцлаж магадгүй. Энэ талаар...?

"Улаанбаатар хотод нийт 1,100 км үргэлжлэх хатуу хучилттай авто зам бий. Нийслэлийн авто замын төсөвт 40-өөд тэрбум төгрөг бүрддэг. Энэ мөнгөөр 30-40 хувийг нь засах боломжтой. Авто зам ашигласны төлбөрийг нэмсэнээр өдөрт 276 төгрөг төлөөд Улаанбаатар хотын замыг ашиглаж болно гэсэн санал байсан. Иргэд нэг жилийн настай зам гэж шүүмжилдэг. Тэгвэл нэг жилийн настай замыг халъя, баруун болон зүүн 4 замын хоёр түвшинд огтлолцуулдаг болъё гэж бодож энэ саналыг өргөн барьсан. Сонгууль дөхсөн байна, цэвэр улс төржилт гэж харж байгаа. Хэрвээ өнгөрсөн жил энэ саналыг гаргасан бол хэн ч ингэхгүй байсан байх. Иргэд сайхан замаар зорчих боломжтой байлаа. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх