etoim.mn
photos/olloo_mn_1576134622_nomtoi.jpg

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийгөө яллагдагчаар татагдах шалтгаан байхгүй хэмээн мэдэгдэж Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Түүнийг хоёр асуудлаар яллагдагчаар татсан байна. Иймээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр АТГ, цагдаа, прокурорын удирдлагуудад хандан “УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-д өргөн барьчих, тэрийг чинь УИХ хэлэлцэг” хэмээлээ. 

Тэрбээр энэ талаараа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотой намайг яллагдагчаар татсан тогтоолд гаргажээ. Би тогтоолтой танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлж, тайлбар, мэдүүлэг, нотлох баримтуудыг прокурорт өгөхөө мэдэгдсэн. Төслүүдийг эргэн төлөлтгүй хэрэгжүүлэх тогтоол гаргаж, улсад 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж яллагдагчаар татах тогтоолд тусгасан байна. Хөдөлмөр халамжийн дэд даргатай бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 8 этгээдэд давуу байдал үүсгэсэн гэсэн байна. Нэр дурдаад байгаа гишүүдийн зүгээс ямар нэг албан бичиг юм уу, зохион байгуулалттай зүйл хийгээгүй. Тэгэхээр АТГ-ын яллагдагчаар татсан тогтоолд дурдсан бүх мэдээлэл ор үндэслэлгүйгээр намайг гүтгэсэн. Намайг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татахаар бичиг хөөцөлдөөд байгаа гэсэн. Тэрийгөө өргөн барь, УИХ хэлэлцэг” гэсэн юм. Харин хоёр дахь асуудал Г.Батхүү агсны амь насаа алдсан хэргийн талаар "Аваар ослын хэрэгт би яллагдагчаар татагдаагүй. Худал мэдээлэл өгсөн гэдэг үндэслэлээр яллагдагчаар татсан” хэмээн мэдэгдлээ. 

- Та яллагдагчаар удаа дараа татагдлаа. Г.Батхүү агсны хэрэгтэй холбоотой гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэж үнэн үү?

Би яллагдагчаар татагдсан зүйл огтхон ч байхгүй. Энэ хэрэгт хэн ч яллагдагчаар татагдаагүй. Г.Батхүү агсны хэрэг дээр намайг яллагдагчаар татаагүй. Энэ оны таван сараас хойш нийт 22 мэдээллийн хэрэгслээр 195 IP хаяг, давтамжтайгаар 400-500 удаа над руу дайрч, энэ хэрэгт нэр цохож холбогдуулсан. Тэр хүнийг нас барсантай холбогдуулж намайг сонин хэвлэлээр л гүтгэж доромжилж байгаа болохоос хуулийн байгууллага яллагдагчаар татаж, дуудсан зүйл байхгүй. Энэ хэргийг хянаж байгаа прокурор Мөнхгэрэлтэй албан уулзалт хийсэн. Нэг л зүйл асуусан. Энэ асуудлаар миний бие ямар нэг байдлаар шалгагдаж байгаа юу, өөр хэн нэгэн шалгагдаж байгаа юу гэж асуусан. Үүнд сэжигтэн, яллагдагчаар татагдсан хүн байхгүй байгаа. Би гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. Надтай хаана таарч, манай өрөөгөөр ороод гарсан гээд би бүгдийг нь хэлсэн.

Та тэгээд гэрчийн мэдүүлгээ худлаа өгсөн юм уу?

Гурван удаа гэрчийн мэдүүлэг өгөхдөө хоёр удаад нь худал мэдүүлэг өгсөн гэж яллагдагчаар татсан. Зориудаар худал мэдүүлэг өгсөн гэдэг нь “Танай өрөөнд орсон. Танай өрөөнд архи уусан байхад уугаагүй гэж” зориудаар мэдүүлсэн гэсэн. Манай өрөөнд архи уугаагүй зүйл байхгүй гэдгийг би дахиад хэлье. Ходоодноос нь олдсон архи миний өрөөнд байсан архитай адилхан эсэхийг лабораторийн шинжилгээгээр судлаагүй гэсэн. Шүүх шинжилгээний дүгнэлтийг харахад тархины цус харвалттай гэж гарсан байсан. Бүх зүйл нь тодорхой байхад намайг дайрч, холбож байгаа учраас аргагүй эрхэнд би мэдээлэл хийж байна. Хуулийн байгууллага тодорхой мэдээлэл өгч, цэг тавих хэрэгтэй байна. Санаатай, зорилготой юм шиг чимээгүй байгаа юм. Нийтдээ 200 гаруй хүн гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд хамгийн сүүлд уулзсан хүмүүсийн нэг нь би гэж хэлсэн. Яллагдагчаар татсан гэдэг нь хүн нас барсан асуудлаар биш худал мэдүүлэг өгсөн гэж яллагдагчаар татсан. Шүүх шинжилгээний дүгнэлтэд тархины цус харвалт байсан гэдэг мэдээлэл УИХ дээр ирсэн. Ер нь анхнаасаа надад үл бүтэх, хөгийн зүйлсийг нааж байх нь хэн нэгэнд сонирхолтой байх шиг байгаа юм.

– Улс төрийн зорилготой гэж яриад байна. Яагаад?

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайдыг дуудаж 10 гаруй гишүүн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас мөнгө авсан асуудал байна гэсэн мэдээлэл гарсан гэж ярьсан гэсэн. Засгийн газрын хуралдаан дээр яригдсан гэхээр нь би Ерөнхий сайдтай уулзах хүсэлт өгсөн ч уулзаагүй. Намрын чуулган эхэлсний дараахан нэг УИХ-ын гишүүн өнөөдөр болж байгаа процессыг согтуудаа гишүүдэд хэлсэн гэж би сонссон. Яг тэр хүний согтуудаа ярьсан яриа нь өнөөдөр биелээд байгаа учраас би улс төрийн асуудал гэж хардаж байгаа юм. Хуулийн байгууллагын удирдлагад хандаж хэлэхэд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-д өргөн барьчих. АТГ, цагдаа, прокурор яаж ажиллаж байгааг хармаар байна. Тэд ичихгүй бол би ичихгүй. Би хэрэг хийгээгүй учраас түдгэлзэхгүй.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх