Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/a6924493-1eca-427c-b473-aff392de6161.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн хэлэлцэх эсэхийг шийднэ.

Эрх баригчид ирэх оны сонгуулийг хосолсон мажоритар тогтолцоогоор явуулахаар зэхэж, Сонгуулийн хуулийг өргөн бариад байгаа билээ. Ингэхдээ 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдох юм. Ингэснээр нам дугуйлах хэлбэрээс хүнээ сонгож дугуйлах хэлбэрт шилжиж, ард түмэн өөрийнхөө элч төлөөлөгчийг өөрсдөө шууд сонгох Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжинэ гэж үзэж байгаа.

Хэлэлцэж байгаа асуудлаар гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Холимог тогтолцоог дэмжих гишүүд муу байх шиг байна. Жагсаалтын 26 мандатад буюу улс нэг тойрогт нэг хүн дугуйлна гэж заасан байх юм. Энэ ямар учиртай юм бэ? Уг ардчилсан зарчимаараа 26 хүртэлх хүний нэрийг дугуйлж болно биздээ. 26 мандат байхад яагаад ганцхан хүнийг дугуйлах ёстой гэж. Хоёрдугаарт сонгууль ганц өдөр амжих уу. 26 мандатад 35 намын 500,600 хүн нэр дэвшинэ. Энэ бүх хүний нэрийг уншаад дугуйлна гэдэг хүндрэлтэй. Тэр тусмаа сонгуулийн ирцийн багагүй хувийг эзэлдэг ахмадуудад хүндхэн байх нь мэдээж.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан: 50:26 гэдэг тогтолцоо нь мажоритар тогтолцоо гэдгийг онцлон хэлмээр байна. Мажоритар дотроо хувь тэнцүүлдэг тогтолцоог нь бид сонгоод байгаа юм. Одоо бид нар намын жагсаалт нь нээлттэй буюу нэр дэвшсэн хүмүүс нь ил байна гэсэн үг. Улс даяар 26 нэр дэвшигч дэвшиж байхад яагаад ганцхан сонгоно вэ гэж асууж байх шиг байна. Жижиг мандаттай үед нэг тойрогт 10-15 хүн нэр дэвшихэд 1 сонгодог. Яг энэ зарчимаараа явж байгаа юм. Намууд 26 хүн нэр дэвшүүлж болно. Тэрнээс хэдийг сонгох нь иргэдийн сонгох эрх юм. Шилжилт хөдөлгөөнийг яах вэ?

УБЕГ-ын дарга Б.Баасандорж: Өмнөх Сонгуулийн тухай хуульд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 60 хоногийн өмнө зосгооно гэж заасан. Гэхдээ энэ асуудлыг хэн хариуцах нь тодорхойгүй байгаа. Харин энэ өргөн мэдүүлсэн хуульд энэ асуудлыг нарийн зохицуулсан.  Өөрөөр хэлбэл, сонгууль болохоос 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг зогсоож, сонгуулийн дараагийн өдөр сэргээнэ. Үүнийн Улсын бүртгэл хариуцсан эрх бүхий албан тушаалтан шийднэ гэж заасан. 

Сонгуулийн ерөнхий хорооны Ч.Содномцэрэн: Саналын хуудас дээр 910 хүн нэр дэвших байх гэсэн тооцоо гарсан. Ингээд саналын хуудас 1 байсан бол одоо 4 хуудас болно. Гол нь 910 хүнээс 26 сонгоно гэхээр иргэд цаг хугацаа алдах учраас 1 хүн сонгоно гэж заасан юм. Тиймээс 2 сая сонгогчийн санал авна гэвэл ганц өдрийн дотор санал авч болохгүй бөгөөд техникийн хувьд боломжгүй болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл 1-ээс олон хүн дугуйлвал хар машин уншихгүй.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: 26 мандат дээр 20 орчим нам хүнээ дэвшүүлэхэд 400-500 хүн болно. Энэ дотроос иргэд 1 хүн сонгох сонголтоо хийж чадах уу. Нөгөө талд өнгөрсөн сонгуулиар УИХ, орон нутгийн сонгууль хамт нь явуулсан нь их завхарсан алдаа гарсан. Энэ алдаа засагдах уу? Бие даагч нарт ямар шаардлагатай тавьж байгаа вэ?

Сонгуулийн ерөнхий хорооны Ч.Содномцэрэн: Нам эвсэл, бие даагч нарын нэр дэвших шаардлага ижил болсон. Хугацаа болон бусад шаардлага ижил болсон.

УИХ-ын гишүүн О.Батнасан: 26 хүнээс нэг хүн дугуйлна гэхээр тэр нэг санал нь нам руу явчих гээд байгаа юм л даа. Тойргийг яаж байгуулах вэ? хоорондоо 300 км зайтай хоёр сум нэг тойрог орсон байх жишээтэй.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан: Тойрог байгуулахдаа хүн амын тоо, засаг захиргаа, газар нутгийн хэмжээ, байршил харгалзаж үзэж байж тойрог байгуулна. Тиймээс хилийн цэс нэг байгаа сумдыг нэг тойрог болгоно.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Сонгуулийг мөнгөний хүчин зүйлээс холдуулах хэрэгтэй юм. 1-рт сонгуулийн сурталчилгаа. Мөнгөний хүчин зүйлүүдийг өдөөсөн жишээтэй байна. Тухайлбал нэг хэвлэл өдөрт 60 минут сурталчилгаа явуулах бөгөөд энэ 60 минутын 15 минутыг нэг нэр дэвшигч эзэмшиж болно гэж заажээ. Мөн сурталчилгааны хэвлэмэл материалууд маш их байна. Үүнийг цөөлөх боломж байна уу?

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан: Сонгуулийг маш өндөр өртөгөөр хийдэг болсон юм билээ. Цаашид мөнгөний хэмжээг багасгах шаардлага байгаа нь үнэн. Тиймээс нэр дэвшигчид тодорхой ижил гараанаас өрсөлдөх боломжийг бий болгохын зорьж байна. Тухайбал сурталчилгааны самбар. Маш том том самбар байрлуулдаг байсныг болиулж ижил хэмжээтэй, нэг дор самбар байрлуулахаар зааж өгсөн. Харин ТВ-ийн сурталчилгааны 60 минут дээр нэг асуудал гардаг нь мэдээний цаг дээр сурталчилгаа хийж байгаа явдал юм. Тиймээс мэдээний сурталчилгааг 60 минут дотроо багтахаар тусгасан. Мөн 5 төрлийн 10 хэвлэмэл материал хэвлэдэг байсан бол өргөн барьсан хуулиар 3 төрлийн 7 хэвлэмэл материал тарааж болохоор тусгасан.

ШИНЭ намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан: ШИНЭ нам сонгуулийн хуулийг судлах ажлын хэсэг гаргаж байна. Монгол улс нэг тойрог буюу 26-гийн асуудлыг судалж байна. Тойргоо томруулж, 26 гишүүнээ сонгох нь зөв болов уу гэж ШИНЭ нам гаргаж байна. Сонгуульд оруулахгүй байхын тулд сэтгэцийн өвчтэй, эрүүгийн хариуцлага татагдсан, эрүүгийн хэрэг үйлдсэн хүнийг сонгуульд оруулахгүй гэж заажээ. Сэтгэцийн өвчтэй хүн гэдгийг шар хадны эмнэлэг оношлох байх. Монгол Улсын түүхэнд Н.Энхбаяр гэдэг хүнийг сэтгэцийн өвчтэй гээд сонгууульд оролцуулж байгаагүй.  Зөрчил гаргасан хүнийг нэр дэвшүүлэхгүй гэж байна. 200 гаруй зөрчлийн  заалт байдаг. Энэ асуудлыг анхаарах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан: Монгол Улс нэг тойрог гэдэг хувилбар нь хөгжлийн бодлого явуулахад зөв гэж үзсэн. Бид жижиг 76 тойргоор сонгууль явуулахад жалга, довны үзэл гарч байна. Улс орны хэмжээнд хийдэг томоохон асуудлыг шийдэх хэрэгтэй. Бүсчлэх гэдэг хоёр дахь хувилбар, одоогийн байгаа жижиг дөрөв дэх хувилбар бий. Сонгуулийг зардал багатай явуулах зарчим барьж байна. 

УИХ-ын гишүүн М.Билэгт: Ард иргэд жагсаалтаар орж ирдэг тогтолцоог эсэргүүцэж байгаа. Эмэгтэйчүүдийн нэр дэвших квотоо нэмэх хэрэгтэй. Монголын хүн амын 50 хувь нь эмэгтэйчүүд байгаа. Тиймээс сонгуулийн хуульдаа нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн заалтыг оруулж өгөх хэрэгтэй байна. 

УИХ-ын чуулган үргэлжилж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх