Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Fette_Butterstapel_Fotolia_61792839_XS_c577a20f2afcc948408cf476351bf686.jpg

Тосыг ханасан, ханаагүй гэж хоёр ангилдаг гээд эхлэхээр хүн бүр химич биш учраас нарийн ойлгоход төвөгтэй. Тэгвэл хамгийн энгийнээр тайлбарлахад үйлдвэрийн аргаар гаргаж авсан тосыг транс тос гэдэг. Тухайлбал, Монголчууд бидний хэрэглэж заншсан масло, маргарин зэрэг багтдаг. Энэ нь шингэн тосыг тасалгааны хэмд хайлахааргүй хатуу болгосон бүтээгдэхүүн.

Транс тосыг анх 1880-гаад оны үед мах, маслоны олдоц муутай байх үед европчууд ургамлын тосыг хэрхэн хатуу болгож маслоны оронд хэрэглэж болох вэ гэдгийг судалж туршиж үзсэн байна. Ингээд ургамлын тосон дээр устөрөгч нэмэн хатууруулах химийн урвалд оруулснаас үүдэлтэй аж.

Ингэж зохиомлоор гаргаж авсан өөх тос нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа тухай анх 1990-ээд оноос эхэлж хөнджээ.

Эрдэмтэд зохиомлоор гаргаж авсан өөх тос нь үргүйдэл, Алцхаймерийн болон зүрх судасны өвчин, чихрийн шижин, зарим төрлийн хавдар зэрэг олон өвчлөлийн эх үүсвэр болдог гэдгийг тогтоосноос хойш олон орон транс өөхний хэрэглээнээс татгалзсаар байгаа аж. Үүнээс гадна транс өөх нь хүүхдийн хөгжилд ч сөргөөр нөлөөлдөг гэдгийг эрдэмтэд нотолдог байна.

Тэр ч бүү хэл ДЭМБ-аас анх хүн өдөрт хоёр граммаас илүү транс тос хэрэглэхгүй байхыг зөвлөж байсан ч 2009 оноос хойш хоол хүнсэндээ огт хэрэглэхгүй байхыг уриалсан байдаг.

Өнгөрсөн зун АНУ-ын Эм, хүнсний бүтээгдэхүүний чанарыг хянах албанаас ургамлын хатууруулсан өөх тос хэрэглэхийг хориглож, 2018 оноос транс өөх тосны хэрэглээнээс бүрэн татгалзсан байна. Дашрамд дурдахад, Австри, Бразил, Канад, Швед, Англи зэрэг зарим улсад хүнсний бүтээгдэхүүн дэх транс өөхний хэмжээг зааж өгдөг бол Аргентин улс өнгөрөгч 2014 оноос транс өөхний хэрэглээнээс бүрэн татгалзаад байгаа аж.

Манай улсад ямар ч хяналтгүй борлуулагддаг бялуу, чихэр, вафли, бэлэн гоймон, зайрмаг, чимс, зарим төрлийн сүүн бүтээгдэхүүн болон талх, нарийн боовны найрлагад транс тос агуулагддаг гэнэ.

Бид яагаад “хортой” тос хэрэглэдэг вэ

Ургамлын 100 литр шингэн тосыг хагас хатуу хэлбэрт оруулснаар овор хэмжээ нь хэд дахин багасдаг. Мөн ашиглалтын хугацаа уртасна. Өөрөөр хэлбэл исэлдэж, муудах хугацаа нь уртасдаг гэсэн үг. Үүнийгээ дагаад транс тостой бүтээгдэхүүний үнэ өртөг ч хямдарна.

Түүнчлэн, бусад хүнсний будаг, бодистой хольж болдог учраас өнгө, амт, үнэр ч оруулж болдог. Тиймээс л боов, чипс, масло зэрэг олноор нь үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнд эл транс өөх ихээр агуулагддаг хэрэг. Бүтээгдэхүүнийг муутгахгүйгээр удаан хугацаанд хадгалж, зарж чадсанаар тухайн үйлдвэрлэгч, борлуулагч ашиг олж байгаа ч бид эрүүл мэндээрээ хохироод байгаа юм.

Транс тосноос татгалзахын тулд зарим амттанаас татгалз

Төрөл бүрийн түргэн хоол, цайны газруудын хоол, бүтээгдэхүүнүүдэд их хэмжээний транс тос агуулагддаг. Жигнэмэг болон гоё цаастай, аманд ормогцоо хайлдаг пичень үүнд багтана. Учир нь жигнэмгийг хийх явцад нягтаршсан өөх тос /маргарин/ ихээр хэрэглэдэг. Ингэснээр хадгалалтын хугацаа урт болно.

Чанаж боловсруулан, ууталж багласан хоол хүнсний бэлэн бүтээгдэхүүнүүд нь мөн хадгалалтын хугацааг уртасгахын тулд ихэвчлэн транс тос хэрэглэдэг. Түүнчлэн олон нийтэд хамгийн ихээр транс тос хадгалагддаг бүтээгдэхүүнд

1. Чипс 2. Майонез 3. Маргарин 4. Ихэнх үйлдвэрийн боорцог 5. Ихэнх үйлдвэрийн бялуу, нарийн боов 6. Ихэнх түргэн хоолны газрын тосонд шарсан бүтээгдэхүүнүүд 7. Вафли, печень 8. Гадуур зардаг пирожки, зарим хуушуурууд 9. Зарим чихрүүд 10.Түрхдэг шоколад 11. Зарим кетчуп зэрэг багтдаг.

Хуушууранд транс тос агуулагддаг гэхээр зарим хүн гайхах байх л даа. Гэхдээ хоолын газруудад өдөржин халуунаар байж, хуушуур хайрч буй тосонд урвал явагдаад транс тос болсон байх магадлал нь маш өндөр гэж үзэж байгаа гэнэ. Тиймээс хоолны газрын хуушуурнаас татгалзах нь эрүүл мэндэд илүү тустай гэж ойлгогдохоор байна.

Түүнээс гадна дэлхийн зарим оронд транс тосыг хэрэглээнээс гаргасантай холбоотойгоор аливаа хүнсний бүтээгдэхүүний хайрцаг, сав, баглаа, боодол тосны агууламжийг бичихийг шаарддаг.

Өөрөөр хэлбэл хагас устөрөгчжүүлсэн /trans fat эсвэл hydrogenic/ гэсэн байвал эрдэнэшиш, наранцэцэгийн, шар буурцгийн гэх мэт ургамлын тосыг үйлдвэрийн аргаар нягтрал ихтэй хатуу болгож тухайн бүтээгдэхүүнд хэрэглэсэн байна гэсэн үг юм.

Иймээс биенд болон цусанд орсон транс тосыг цэвэрлэж гаргадаг зүйлс нь сайн чанарын омега3 болон ногоо жимсний цэвэр шүүс юм шүү!

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх