Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/53b0c27c-762f-4fb6-95a7-288a158c05d7.jpg

Хуралдаан  Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхээр үргэлжиллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нар тус тус танилцуулав. 

 Монгол Улсын Их Хурлаас 1996 онд "Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлын тухай” хуулийг батлан мөрдүүлж, академийн үйл ажиллагааг хууль, эрх зүйн хувьд зохицуулж ирсэн байна. Тус хуулийг хэрэгжүүлж ирсэн хугацаанд бий болсон улс орны болон салбарын-хөгжлийн-бодлого эрх зүйн-шинэчлэл-дэлхийн улс-орнуудын-шинжлэх- ухаан, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан энэхүү хуульд зарим нэмэлт, өөрчлөлтийг оруулах хэрэгцээ шаардлага үүссэн. Түүнчлэн  Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг Б.Баттөмөр гишүүн танилцуулгадаа онцолсон.     

  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Батзандан, Л.Мөнхбаатар, М.Оюунчимэг, А.Ундраа, Ц.Цогзолмаа, Б.Пүрэвдорж нараас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. 

 Хуулийн төсөлд Шинжлэх ухааны Академийн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Академийн удирдах дээд байгууллага, бүтцийн нэгжүүдийн чиг үүргийг тодотгож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шинжлэх ухааны Академийн гишүүдэд Академич хэргэм хүртээж байгаа зохицуулалтыг хуульчлах, мөн Академийн чиг үүрэгтэй уялдуулан, угсаатны зүй, археологи, палеонтологийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлдэг музейг Академийн харьяанд ажиллуулж болох тухай зохицуулалтуудыг нэмж тусган боловсруулсан. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдон шинээр байгууллага байгуулахгүй бөгөөд улсын төсөвт санхүүгийн нэмэлт ачаалал үүсэхгүй гэдгийг дурдахын зэрэгцээ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнийг УИХ-ын гишүүн М.Билэгт танилцуулгадаа онцолсон.

 Хуралдаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар болон холбогдох албан тушаалтнууд оролцов. 

 Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан, Ц.Цогзолмаа, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүдийн зүгээс хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ бусад улс орны туршлагаас харахад нийгэм, эдийн засгийн үсрэнгүй хөгжил нь шинжлэх ухааны салбараа хэрхэн дэмжиж байгаагаас хамаарч байгааг онцлов. Түүнчлэн улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд эрдэмтдийн дуу хоолойг хүчтэй болгох, шинжлэх ухаанд  зарцуулж байгаа дотоодын нийт бүтээгдэхүүний хувь хэмжээг нэмэх, Шинжлэх ухааны академийн зүгээс салбартаа шинэ эргэлт хийх, бодлогоо шинэчлэх шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа. 

 Ингээд Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 56,5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх