Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/lhagva-e1535429052644-1024x787.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилох тухайг хэлэлцэж байна. 

Монголбанкны Ерөнхийлөгч Т.Баяртсайхан өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн бөгөөд өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг, байнгын хорооны хуралдаанаар Б.Лхагвасүрэнг томилохыг дэмжсэн юм. Б.Лхагвасүрэн нь Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. 

Энэ асуудлаар гишүүд үг хэлж, асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Н.Учрал: Монголбанкны ерөнхийлөгч тохитой томоотой, шуналгүй, төрийн албаны хар хүн байх ёстой гэж боддог. Б.Лхагвасүрэнг ерөнхийлөгчөөр томилохыг дэмжиж байгаа.    

УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан: Монгол Улсад зах зээлийн нийгэмд шилжээд 30 жил боллоо. 30 жилийн хугацаанд Монголд банкны салбар хамгийн их баяжсан. Хот, хөдөөгүй хамгийн аятайхан барилга байшин банкных байдаг. Банкуудын зээлийн хүү өндөр байна. зээлгүй хүн гэж байхгүй болсон. Нэг аймагт хурал хийхэд зээлгүй хүн гараа өргө гэхэд гуравхан хүн гараа өргөсөн. Хөдөө орон нутагт малчдын мал, хөгшчүүлийн тэтгэврийн дэвтэр банкны барьцаанд байгаа. Зээлийн дундаж хүү 20-25 хувь байна. зээлийн хүүг бууруулах боломж байна уу? Ипотекийн зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх боломж байна уу?  

Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Лхагвасүрэн: Өнөөдрийн зээлийн дундаж хүү 16.9 хувь байна. Зээл олгож буй процессийн зардлыг бууруулах чиглэлээр Монголбанк томоохон ажлуудыг төлөвлөсөн учир ирэх жилүүдэд ахиц гарна. Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар арилжааны банкиудтай хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Энэ тал дээр ахиц гаргах тодорхой санал гаргана.  

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг: Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арвижуулах зорилгоор арилжааны банкиудад байршуулдаг. Гэтэл Капитал банк дампуурснаас НДС-гийн 105 тэрбум төгрөг эрсдэлд ороод байна. Та Ерөнхийлөгчөөр сонгогдвол даатгуулагчдын хөрөнгийг эрсдэлгүй болгох арга хэмжээг яаралтай аваач гэж хүсмээр байна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Монгол Улсыг саарал жагсаалтыг оруулсан байгууллагатай үргэлж хамтран ажиллах хэрэгтэй. Мөн зээлийн хүүг бууруулах ажлыг эхлүүлмээр байна. Өрсөлдөгч банкууд буюу гадны хөрөнгө оруулалттай банкыг оруулж ирэх хэрэгтэй байна. Одоо байгаа банкуудын нөхцөл байдлаар зээлийн хүү буурахгүй. Мөн банкуудын засаглалыг сайжруулах ёстой. 

Ийнхүү санал хураалт явуулахад УИХ-ын чуулганд оролцсон нийт гишүүдийн дийлэнх нь дэмжсэнээр Б.Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томиллоо. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх