ҮХЦ-ын дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн гишүүдийн бүрэлдэхүүнд хандаж гаргасан байна. Хүсэлтийг хэлэлцэх хуралдаан өчигдөр 16.00 цагт товлогдсон ч түр хойшлогджээ.
Учир нь Цэцийн гишүүд Д.Одбаяртай уулзаж, зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэж үзжээ. Харин Цэцийн дарга Д.Одбаяр хүрэлцэн ирэхээс татгалзсан гэх мэдээлэл байна. Д. Одбаярын хувьд чөлөөлөгдөх хүсэлтээ ҮХЦ-ийн гишүүдийн бүрэлдэхүүнд гаргасан учраас Цэцийн даргын суудлаа өгч таарах байх. Гэхдээ Үндсэн хуулийн цэцийн гишүүн хэвээр үлдэнэ гэсэн үг. Зарчмын хувьд ҮХЦ-ийн дарга, гишүүн хоёрт ялгаа бараг үгүй. ҮХЦ-ийн гишүүн нь ч, дарга ч хэлэлцэж буй асуудалд санал хүргүүлдэг. Тэгэхээр Д.Одбаяр ҮХЦ-ийн дарга биш болсон ч Цэцэд байр суурь нь үлдэнэ гэсэн үг. Хэрэв тэрээр ёсзүйгүй үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх бол ҮХЦ-ийн гишүүнээс татгалзах хүсэлтээ УИХ-д гаргах учиртай байсан юм. Гэсэн ч тэгсэнгүй, тэр цэцдээ үлдэхээр шийджээ.