Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/a6924493-1eca-427c-b473-aff392de6161.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгав. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд хуулийн төслийг шилжүүллээ. 

Үргэлжлүүлэн цаг сунган Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Үндсэндээ орон нутгийн, аймаг сумын асуудлыг энэ удаад хойш нь тавилаа. Үүнд харамсаж байна. Нэгдүгээр хэлэлцүүлгээр алх цохисон бол дахиж өөрчлөх боломжгүй юм биш үү. Хэрэв өөрчилвөл Үндсэн хуулийн Цэцэд очих юм биш үү гэж асуумаар байна. Гуравдугаар хэлэлцүүлгээр ийм зүйл оруулж ирэх нь зөв юм уу. Боломжтой байсан бол ард нийтийн санал асуулгаар хайнаагаа хагалаад явах байсан юм. Зөвшилцлийн хүрээнд орон нутгийн засаг захиргаатай асуудал яригдаагүй юу. Сөрөг хүчин маш чухал асуудлаар зөвшилцөх гэж байгаа гээд байсан чинь холимог тогтолцоог 2020 оноос гэдэг зүйлийг л ярилаа шүү дээ. Баахан бойкот хийж, саатуулан барин байж ийм асуудал оруулж ирдэг. Одоо сонгуулийн холимог тогтолцоог 2024 оноос гэж байх шиг байна. Гэтэл яг батлагдах үедээ 2020 он гээд ороод ирвэл хариуцлагыг нь хэн хүлээх вэ, ТББХ-ны дарга та хүлээх үү.

УИХ-ын гишүүн, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан:  Нэмэлт, өөрчлөлтийн төсөлд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон засаг захиргааны зэрэглэлтэй хот түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулаотын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж өөрчлөн тусгасан. Хот тосгон, нутаг дэвсгэр түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ. 

Үүн дээр нэр бүхий зургаан гишүүн санал гаргаад тэр нь олонхын санал аваад Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг 2020 оны эхний хагас жилд багтаан Засгийн газраас УИХ-д оруулж ирж шийдвэрлүүлнэ гэдэг заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд оруулсан.

Сонгуулиас өмнө улсын хэмжээний бүх хот, тосгоны асуудлыг шийдэж чадахгүй. Дээр нь Нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн удирдлагын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудыг нэн даруй гаргах шаардлагатай байгаа. Одоогоор Төрийн байгуулалтын байнгын хороон дээр нутгийн удирдлагын тухай хууль бэлэн болсон байгаа. 

Гэхдээ энэ асуудал 2020 оны тавдугаар сарын 25-наас хойш буюу Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлнээс хойш хүчин төгөлдөх болно.   

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Бид хариуцлагаа ухамсарлаж нэмэлт, өөрчлөлтийг хийх ёстой. Намын нэрийн жагсаалтад хавчуулагдаж УИХ-д ороод ирэх вий гэсэн холимог тогтолцоог шүүмжлээд байгаа юм. Тиймээс энэ тал дээр сайтар тайлбар өгөх нь зүйтэй гэж бодож байна.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 24 зүйлийн 52 заалтыг хөндөхөөр болсноос 19 зүйл 35 заалт хөндөгдөхөөр болсон. Олон асуудлыг зөвшилцөж, ойлголцоод хассан, заримыг нь нэмсэн. Тэдгээрийн нэг нь УИХ-ын хязгааргүй эрх мэдлийг хумисан. Тухайлбал Засгийн газрыг дарамталдаг, огцруулах эсэх дээр нь шийдвэр гаргадаг байсныг болиулж байна. Мөн УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах боломжтой болж байна. Дээр нь сонгуулийн тогтолцоог энгийнээр тайлбарлавал улсын наадамд барилддаг бөхтэй, аймгийн наадамд барилддаг бөхтэй болъё л гэж байгаа юм. Ноёны бөх гэдэг шиг барилдахгүй давдаг бөх гэсэн ойлголт байхгүй болгоё гэж байгаа юм. Хүн биш намыг сонгодог болгож байгаа юм.

УИХ-ын гишүүн Л.Болд: Энэ удаагийн хэлэлцүүлэг бол хамгийн хариуцлагатай. Нэгт ард түмнээс санал асуулга явуулахаас больсноос хойш миний хувьд ард сонгогчидтойгоо ярилцсан. Тухайлбал Ерөнхий сайд танхимаа бүрдүүлдэг байх гэдгийн эсрэг байр суурьтай байдаг хүн. Гэтэл үүнийг арл түмэн 100 хувь дэмжсэн. Нөгөө хоёр заалт буюу Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, сонгуулийн холимог тогтолцоог иргэд шууд эсэргүүцэж байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ард түмэн маш сайн мэдээлэлтэй байна. 2 өөр зарчмаар гишүүдийг сонгож болохгүй. Гишүүд энэ танхимд яг адилхан эрхтэй байх ёстой. Мөн байгалийн баялагтай холбоотой заалтыг яагаад дахин санал хураахаар болчих воо. Өмнө санал хураагаад дэмжихээр болсон шүү дээ?

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: Сонгуулийн тогтолцоог дахин тайлбарлая. Мажиратор тогтолцооноос иргэдийн санал их гээгддэг. Холимог тогтолцоонд сонгогчийн санал гээгддэггүй. Гишүүд аймгаас сонгогдсон, улсаас сонгогдсон гээд өөр статустай гишүүнтэй болох байх гэж байна. Одоо ч гэсэн бид сонгогдсон тойргийнхоо иргэдийн асуудлыг ярьдаг шүү дээ. Нэмэлт өөрчлөлтөд хийх гээд зүйл бол улсаас жагсаалтаар буюу хамгийн олон хүн сонгогдсон хүмүүс энэ танхимд хамгийн түрүүд улсын эрх ашиг ярьдаг байх ёстой л гэж байгаа. Мөн байгалийн баялагтай холбоотой заалтыг бид ард нийтийн санал асуулга явуулах үед ярьж байсан. Гэхдээ ард нийтийн санал асуулга явуулаагүй учраас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дахин санал хураалгах шаардлагатай болж байгаа юм.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Хариуцлага, хяналт тэнцэл, тогтвортой байдал гэдэг зарчимаар өөрчлөлтийг хийж байгаа. Миний бие хоёр зүйлд их харамсаж байна.  1-рт ард нийтийн санал асуулга явуулах байсан ч хориг тавигдсанаар ард түмнээр хэлэлцүүлэх боломжгүй болсонд. 2-рт Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх буюу парламентийг улс төгс, төгөлдөр болгох. Гэвч хоёрдугаар хэлэлцүүлэгт унасан бөгөөд өчигдөр би дахин санал оруулахад төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байхыг би дэмжсэн. Ерөнхий сайдад эрх мэдлийг энэ удаад нэмж байгаа. Гэтэл сонгуулиар олонхи болсон намын дарга Ерөнхий сайд болно. Мөн УИХ-ын даргыг ялсан намын дарга санал оруулж томилдог байхаар тусгаж байгаа. Ингэхээр Ерөнхий сайд УИХ-ын даргыг томилдог болох нь. Дахиад Ерөнхийлөгчийг парламент сонгодог болчихоор нөгөө л намын дарга буюу Ерөнхий сайд сонгох гээд байгаа юм. Тэгэхээр Ерөнхий сайд гэдэг хадны мангаа бий болох гээд байгаа учраас энэ удаагийн өөрчлөлтөөс Ерөнхийлөгчийг арл түмнээсээ сонгодог хэлбэрээр хэвээр нь үлдээж байгаа юм.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх