etoim.mn
photos/9f506105-f10b-47de-888e-0b448ad2e302.jpg

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийлээ. 

Төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд Улсын Их Хурлын даргын 199 дүгээр захирамжаар байгуулагдсан Зөвшилцлийн ажлын хэсэг нь 2019 оны 9 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 07, 08, 09, 11 дүгээр сарын 05, 12-ны өдрүүдэд нийт 7 удаа хуралдаж, тодорхой асуудлуудаар зөвшилцөлд хүрч санал нэгдсэн бөгөөд зарчмын шинжтэй 2 саналыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт танилцуулж, уг саналыг Байнгын хорооны хуралдаанд оруулахыг ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэнийг байнгын хорооны дарга дурдав. 

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээр ахлуулсан Зөвшилцлийн ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгуулахаар Ардчилсан намаас ирүүлсэн гурван саналаас Ерөнхий сайд өөрөө мэдэж танхимаа бүрдүүлэх, Улсын Их Хурлын сонгуулийг олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулан явуулах гэсэн  хоёр саналыг нь дэмжсэн байна. Улмаар эдгээр саналыг Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хэлэлцэн дэмжжээ.

Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төсөлд...

- “4.Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.” гэсэн агуулгатай Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг нэмэхээр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 15 нь буюу 93.8 хувь нь дэмжив.

Мөн уг санал дэмжигдсэнтэй холбогдуулан хууль хоорондын нийцлийг хангах үүднээс хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төслийн 4 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулийн” гэсний дараа “Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд,” гэснийг “Ерөнхий сайд,” гэж нэмэхээр болов.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төслийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийг олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулан явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө.” гэсэн агуулгатай 1, 2 дахь өгүүлбэрийг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувь нь дэмжсэн юм.

Дараа нь төслийн зарим зүйл, хэсэг, заалттай холбоотой найруулгын саналуудаар санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ. Тухайлбал, улс төрийн намтай холбоотой төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван ес дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэснийг “улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана” гэж өөрчлөх, төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэсэн агуулгатай 4 дэх өгүүлбэрийг нэмэхээр тогтов.

Мөн төслийн 3 дугаар зүйлийн 9 дэх заалт буюу Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг” гэснийг “Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой зөвлөлийн үйл ажиллагааны тайланг” гэж, төслийн 3 дугаар зүйлийн 11 дэх заалт буюу Тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “хот; тосгоны” гэснийг “хотын, түүнчлэн тосгоны” гэж тус тус өөрчлөх, төслийн 3 дугаар зүйлийн 13 дахь заалт буюу Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “тойргийн” гэсний өмнө “шүүхийг” гэж нэмэхээр боллоо. Түүнчлэн гишүүдээс Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөх санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь нь дэмжлээ. Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж хэлэлцүүлэхээр тогтов.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх