Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/bayartsogtgeree.jpg

Өнөөдөр УИХ-ын дэд дарга, Сангийн сайд асан С.Баярцогт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр энэ хурлаар дамжуулан "Оюу толгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох баримт бичгүүд” хэмээх 500 хуудас бүхий товхимолыг гаргасан талаар болон Оюутолгойн асуудлаар АТГ-т шалгагдаж байгаа талаараа тайлбар өгсөн юм. 

Хурлын эхэнд  С.Баярцогт 30-аад хоногийн өмнө Оюутолгойн гэрээ байгуулсны 10 жилийн ой болсон ч энэ талаар төр засаг ч, Оюутолгой компани ч дуугүй өнгөрөөсөн. Бид бүгд мэдэж байгаа.

2009 оны аравдугаар сарын 6-нд  Монгол Улс тусгаар тогтносноос хойш анх удаа биеэ даасан хамгийн том гэрээ байгуулсан. Энэ нь хоёр хөршийн хөрөнгө оруулалтаас давсан гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт байсан бөгөөд бид цаг хугацааны алтан боломжийг ашиглан энэхүү гэрээг хийж чадсан.  Энэ гэрээг байгуулсаны 10 жилийг ойг тохиолдуулан  УИХ, С.Баярын, С.Батболдын Засгийн газрын гишүүдэд болон гэрээг байгуулахад гар бие оролцсон бүх хүмүүст  баяр хүргэх нь зүйтэй.

Мөн үүнтэй холбогдуулан би 500 гаруй хуудастай товхимол гаргасан. Үүнийг гаргасан таван шалтгаан байгаа. 2018 онд АТГ-аас Оюутолгойн гэрээг байгуулсантай холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн тэр дор нь 73 хоног намайг хорьсон. Ингэхдээ намайг гэрч,  сэжигтэн, яллагдагчаар татсан үндэслэл нь тус гэрээний Монгол улсад ашигтай нэг заалт, тус гэрээний Монгол улсад 430 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн арга хэмжээ хоёрыг буруутгасан. Үүнээс үүдэн манай улсын зарим хууль хяналтын байгууллагууд энэ гэрээний зүйл заалтыг ойлгохгүй байгаа юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. 

Үүний дараа АТГ дөрвөн хэсэг буюу аудит, МУИС-ын хуулийн багш нар, ТЕГ-ын байцаагч нараас бүрдсэн  шинжээчдыг гаргасан. Эдгээр шинжээчдийн гурав нь энэ гэрээний талаар сөрөг дүгнэлт гаргаагүй. Харин энэ гэрээний хэрэгжилтийг хангах ёстой Татварын ерөнхий газрын байцаагчаас бүрдсэн  шинжээчид олон хууль зөрчиж хохирол учруулсан байна гэсэн дүгнэлт гаргасан.  

Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд явж байгаа энэхүү  Шинжээчдийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан олон нийтэд задалж, УИХ-ын гишүүдийн гар дээр очсон, нэгэнт олон нийтэд нээлттэй болсон тул тус дүгнэлтэд хариу тайлбар өгөх нь зүйтэй гэж үзсэн  юм.  

Үүнээс гадна шинжээчдийн дүгнэлтэд дурдсан асуудлуудын 97 хувь нь хууль зүй болон орчуулгын зэргээс үүдэн алдаатай болсон. Хэрвээ шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн  Шүүхийн процесс дээр алдаа гарвал хүн буруутгахаас илүү Монгол Улсын эдийн засагт асар их хохирол учирч болзошгүй. Тиймээс  “ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙН 2009 ОНЫ ГЭРЭЭ, ХОЛБОГДОХ БАРИМТ БИЧГҮҮД” товхимолыг бэлтгэн гаргасан. Мөн энэхүү товхимолд  Оюутолгой төслийн 2009, 2011 онд батлагдсан гэрээнүүд (монгол, англи), тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиуд, УИХ, ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлж байсан байдал, шийдвэр, санал хураалт, УИХ-ын чуулганы хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл зэргийг багтаасан гээд энэхүү товхимолоо редакциудад болон их сургуулиудын номын сангуудад хүргэх болно гэсэн юм.

Тэрээр энэхүү мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн зарим асуултад хариулт өгсөн юм.

- Энэ номыг гаргасанаар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ сайжрах уу?  2039 он хүртэл Монгол Улс ашиг хүртэхгүй, өртэй үлдэнэ гэж байсан?

-Гарц бол байгаа. Би өөрийнхөө гарцны саналыг энэ номдоо оруулсан гэж ойлгож болно.

-Анх гэрээг хийхдээ Монгол Улс хэдэн оноос ашиг хүртэнэ гэж тооцсон юм бэ. Одоо бол 2039 оноос нааш ашиг хүртэхгүй гэж тайлбарлаад байгаа?

-Би ийм асуулт ирнэ гэж мэдээд номын сүүлийн хавтсан дээр манай гэрээний дагуу ТЭЗҮ дээр суурилсан бүх ашгийн задаргаа, үе шатуудыг заагалсан 2009 онд УИХ-д танилцуулж байсан задаргааг номд дурдсан. Та бүхний хүсээд байгаа асуултын дийлэнх хариулт нь энэ товхимолд бий. Энэ зөвхөн миний бүтээл биш. Энэ бол хамтын шийдвэр. Учир нь эх сурвалжууд бүгд Засгийн газрын шийдвэнрүүд гэж хэлэх нь зүйтэй. 

-Оюутолгойн гэрээтэй холбоотой хуулийн байгууллага шалгалт явуулж байгаа. Тэгэхээр хуулийн байгууллага улстөржиж энэ асуудлыг шалгаад байна гэсэн үг үү?

-Бүгдээрээ мөрдөн байцаалтын талаар энд ярихгүй ээ. Энэ бүх асуудлаа бүгдийг нь  бараг контенер архивын бүх материалыг АТГ-т гаргаж өгсөн.

-Монголын хууль хяналтын байгууллагынхан Оюутолгойн гэрээг өөрсдөө ойлгохгүй байна гэж та хэлж байна?

-Би зарим улстөрчид, зарим төрийн албан хаагчид гэж хэлсэн. Түүнээс бүгдийг хамаатууулж болохгүй. Яагаад баталгаатай зарим гэж хэлж байгаа нь Монгол Улсад ашигтай заалтыг ойлгохгүйгээр буруутгаад яллаж байгааг л хэлж байгаа юм. Би тэрийг л хэлсэн. 

-Таньд үүсгэсэн хэргийн талаар та бидэнд мэдээлэл өгөөч?

-Би дахиад хэлье. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллагууд мэдээлэл өгнө. Намайг ганцхан Монголд бус Швейцарьт яг адилхан хэрэг үүсгээд шалгаж байгаа. Энэний талаарх үнэн мөн нь тодорхой хугацааны дараа ил болно гэдэгт итгэлтэй байгаа. Энэ гэрээний төлөө би авлига аваагүй, зөв гэрээ хийсэн гэдэгтээ итгэлтэй байгаа. Гэрээ, гэрээг хэрэгжүүлэх хоёр тусдаа асуудал. Гэрээг хэрэгжүүлнэ гэдэг нь үе үеийн Засгийн газрын болон холбогдох байгууллагуудын хийх ёстой ажил. Энэ хоёрыг салгаж ойлгох хэрэгтэй.  Он цагийн шүүлтүүрээр энэ бүх зүйл ил болно.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх