etoim.mn
photos/14522858_1063465123769609_14457462306696955_n.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзсан. Уулзалтаар Монгол Улсын энхийг дэмжих ажиллагааны оролцоонд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, Монголын дайчдын үүрэг гүйцэтгэлт өндөр байгааг онцолжээ. Энэ сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх А.Баттөртэй ярилцлаа.

-Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй хийсэн уулзалтын үеэр Монгол Улсын энхийг дэмжих ажиллагааны талаар ярилцсан. Та Ерөнхийлөгчийг дагалдаж ажилласан?

-Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны талаар ярилцсан байгаа. Уулзалтаар энэ сэдвийн хүрээнд олон асуудлыг хамруулан ярилцсан. Ноён Бан Ги Мүн Монголын энхийг сахиулагчдын ур чадварыг үргэлж үнэлж байдгаа илэрхийлж байлаа. Тэр дундаа Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа (“UNMISS”)-нд үүрэг гүйцэтгэж буй мотобуудлагын батальоны үүрэг гүйцэтгэлийг маш өндрөөр үнэлсэн. Тухайлбал, “Батальоны хариуцлагын бүс дэх дотоодын дүрвэгчдийн хуаранд сэжигтэй этгээдүүдийг саатуулж, тэдний зэвсэг, сум галт хэрэглэлийг хурааж, энгийн иргэдийн амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлж байгаа Монголын дайчдад талархахаас аргагүй. Аюулаас урьдчилан сэргийлж, орон нутгийн иргэдэд НҮБ-ын цэнхэр дуулгатнуудад итгэх итгэлийг улам бэхжүүлж байгаа хэрэг юм” гэж онцолсон. Манай Зэвсэгт хүчний батальоны хариуцлагын бүсэд тус улсын хамгийн олон дүрвэгч байрладаг. Өнгөрсөн наймдугаар сарын тооллогоор дотооддоо дүрвэж, орон гэргүй болсон иргэдийн тоо гэхэд 100 мянгад хүрсэн гэх мэдээлэл бий. Энэ дашрамд онцлоход, манай Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, сонор сэрэмж, үүрэг гүйцэтгэлт бусад орны цэргийн алба хаагчдад ихээхэн үлгэр дууриалал болж байгаа. НҮБ ч манай дайчдаар байнга жишээ авч ярьж байгаад бид бахархахгүй гээд яах билээ.

-Монгол Улсын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй байдал, цаашдын чиг хандлагын талаар ярилцав уу?

-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, төрийн гадаад бодлогод “Улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангана” хэмээн заасан байдаг. Монгол Улс 1961 онд НҮБ-д элссэн боловч 2002 оныг хүртэл өөрийн улсын цэргийг хандивлах хууль эрх зүйн орчин бүрдээгүй байсан. Харин 1999 онд Монгол Улс болон НҮБ-ын хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулж, улмаар 2002 онд Монгол Улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулиа баталж, хамгийн анхны НҮБ-ын цэргийн ажиглагч офицерыг Конго Улсад илгээсэн түүхтэй. Энхийг сахиулах ажиллагаанд манай Зэвсэгт хүчний оролцоо өсөн нэмэгдсэнтэй холбоотойгоор 2010 онд дээр хууль шинэчлэн найруулагдсан. НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон 14 жилийн хугацаанд улс орныхоо аюулгүй байдлыг улс төр дипломатын аргаар хангаж буй нэг хэлбэр нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй манай цэнхэр дуулгатнууд юм. НҮБ-ын гишүүн улсын хувьд олон улсад энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргээ Монгол Улс дэлхийн нийгэмлэгийн өмнө бодитоор, нэр төртэйгээр хүлээж байна. Ер нь Монголын төрийн гадаад бодлогын хэрэгжилтийн гол тулгуур цэргийн харилцаанд үндэслэдэг. Цэргийн итгэлцлийг тухайн улс орнуудын харилцааны дээд хэлбэр ч гэж хэлж болно. Иймд Монгол Улс цаашид энхийн ажиллагаан дахь оролцоогоо хадгалах болно гэдгээ илэрхийлсэн.  Уулзалтын дараа 2015 онд УИХ-аар шинэчлэн баталсан Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт тусгасан үзэл санааг ажил хэрэг болгох, энхийг дэмжих ажиллагаан дахь оролцоог чанаржуулах шаардлага байна гэдгийг Ерөнхийлөгч онцлон хэлж байсан. 2017-2018 онд Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд инженерийн ротыг илгээх бэлтгэлийг ханган ажиллах болно. Ер нь ажиллагаанд оролцсон 14 жилийн явцыг дүгнээд хэлэхэд манай цэргийнхэн дэлхийд тэргүүлэгч орнуудын цэргийн алба хаагчидтай харилцан хамтран ажиллаж, улмаар туршлагажаад Зэвсэгт хүчний хөгжлийн нэгэн хөшүүргийг бий болгосон байна. Монголын дайчид зөвхөн Батлан хамгаалах, Зэвсэгт хүчиндээ биш эх орныхоо олон улс дахь байр суурийг бэхжлүүлж, хөгжил цэцэглэлтэд өөрийн үнэлж баршгүй хувь нэмрийг оруулж байна.

-Манай дайчдын үүрэг гүйцэтгэж байгаа зарим ажиллагааны газар оронд цагийн байдал тогтворгүй байгаа. Энэ тухай ярилцав уу?

-Ярилцсан. Дэлхийн хамгийн залуу улс болох 2011 онд тусгаар тогтнолоо зарласан Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад 2016 оны долдугаар сард цагийн байдал хурцадсан. Тодруулбал, сөргөлдөж буй хоёр талын хооронд үл ойлголцол үүсч, гал зогсоох гэрээгээ зөрчсөн үйлдлүүд удаа дараа гарсан. Энэ үе нь манай улсын мотобуудлагын батальоны ээлж солилцох үетэй давхцаж цэргийн баг томилогдсон хугацаанаас хэтрүүлж үүрэг гүйцэтгэснийг та бүхэн мэднэ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчиддаа байнга анхаарал хандуулдаг. Дээр дурдсан цаг хугацаанд ч гэсэн Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй утсаар өөрийн улсын цэргийн алба хаагчдын аюулгүй байдал, ээлж солилцох хугацааны талаар ярилцаж байлаа. Сая болсон уулзалтын үеэр ч мөн адил энэ талаар харилцан ярилцсан.

-Монголын дайчид ажиллагааны газар оронд НҮБ-ын болон монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөж ажиллаж ирсэн. Одоо ч үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаад талархал илэрхийлсэн?

Тийм ээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн манай Зэвсэгт хүчний алба хаагчдын үүрэг гүйцэтгэлийг маш өндрөөр үнэлсэн. Бүгд Найрамдах Өмнөд Судан улс дахь “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй мотобуудлагын батальон, Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид явагдаж буй НҮБ, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах “UNAMID” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа эмнэлгийн цэргийн багийн үүрэг гүйцэтгэх ур чадвар өндөр байгааг онцолсон. Эмнэлгийн цэргийн багийг анх удаа эмэгтэй цэргийн алба хаагч удирдаж ажиллалаа. Энэ нь Монголын Зэвсэгт хүчний алба хаагчид эрэгтэй, эмэгтэй ялгаагүй үүрэг гүйцэтгэл өндөр, ур чадвартай бэлтгэгдсэн гэдгийг нь нотлон харуулж байна.  Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж байсан нэг орны цэргийн баг НҮБ-ын тавьсан шаардлагыг биелүүлж чадаагүйн улмаас татан буугдсан жишээ байна. Тэгэхээр манай цэргийн алба хаагчид НҮБ-ын стандартын дагуу тавигдсан шаардлагыг бүрэн биелүүлж байгаагийн нэг илэрхийлэл нь энэ юм. НҮБ-ын удирдлагууд манай улсад хандан цэргийн баг илгээхдээ жендерийн тэгш байдлыг хангаж, НҮБ-ын мандатад заагдсан үүргүүдийг мэргэжлийн ур чадвар гарган нэр төртэйгээр биелүүлж байгаад сэтгэл өндөр буйгаа илэрхийлсэн.

Эх сурвалж: "Соёмбо" сонин

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх