Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/_20191024075918.jpg

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVIII хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд  “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2019 онд хөгжүүлэх үндсэн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц”, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг батлах тухай, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концевц”-ыг дэмжих тухай асуудлуудыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2019 онд хөгжүүлэх үндсэн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц”, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийн талаар танилцуулав.

Тэрбээр “Засгийн газрын үйл ажиллагаатай холбогдуулан 2019 оныг  “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарлаж нийслэлийн төрийн захиргааны ажилтнуудын ажлын хүртээмжийг сайжруулах, төрийн байгууллагын албан хаагчдын чанартай ур чадварыг дээшлүүлэх, сахилга батыг сахиулах, нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалт дэд бүтцийн  шинж чанартай ажлуудыг эрчимжүүлэх, байгаль орчин, ногоон байгууламж, хот тохижилт бусад нийгмийн салбарын хөгжилд иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоог хангаж ажиллахыг зорилоо” гэв. Түүнчлэн “төрийн байгууллагуудын үзүүлж байгаа үйлчилгээг шинэ шатанд гаргах, иргэдийн саналыг сонсох, гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг үр дүн гарахуйц хэрэгжүүлэх, тэр тусмаа иргэд оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрахтай холбоотой асуудалд түлхүү анхаарч ажиллах, ажлын хэрэгжилт чанар, стандарт, гүйцэтгэл дээр хяналт тавиж ажиллаж ирлээ” хэмээсэн юм.

Нийслэлийн 2019 оны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн таван бодлого бүхий 26 зорилт 453 арга хэмжээний хэрэгжилт энэ оны III улирлын байдлаар 80 хувьтай дүгнэгдсэн байна.  Бүлэг тус бүрээр нь авч үзвэл, Эдийн засаг өрх бүрт 83 хувь, хот байгуулалт дэд бүтцийн бодлого 74 хувь, байгаль орчин ногоон хөгжлийн бодлого 85 хувь, хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого 79 хувь, засаглалын бодлого 80 хувьтай хэрэгжиж байгаа аж.

Үндсэн чиглэлийг эрчимжүүлэхээр нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, ажлын гүйцэтгэлийн уялдааг сайжруулах, цаашид баримтлан ажиллах зарчим ажлын шаардлагыг мөрдүүлж хэвшүүлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны 286 албан хаагч нэгжийн удирдлагуудад тус бүр гурван удаагийн сургалтуудыг зохион байгуулсан. “Хяналт хаана байна тэнд чанар байна” гэдэг зарчмыг баримталж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд анхаарч ажилласан талаар хотын Захирагч дурдлаа.

Харин нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд таван бүлэг, 26 зорилтын хүрээнд 477 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан талаар Хотын захирагч С.Амарсайхан  дэлгэрэнгүй танилцуулав. Тодруулбал,

-“Эдийн засгийн өсөлт өрх бүрд” бүлгийн зургаан зорилтын хүрээнд 61,

-“Хот байгуулалт, дэд бүтэц” бүлгийн таван зорилтын хүрээнд 114,

-“Байгаль орчин, ногоон хөгжил” бүлгийн гурван зорилтын хүрээнд 71,

-“Нийгмийн хөгжил” бүлгийн найман зорилтын хүрээнд 157,

-“Засаглал” бүлгийн дөрвөн зорилтын хүрээнд 74 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хотын захирагч С.Амарсайхан 2020 онд хөгжүүлэх үндсэн төслийг өргөн барихдаа таван зүйлд онцгойлон анхаарсан гэв. Тухайлбал, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, ингэхдээ гудамж, зам талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, шинэ төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх, эрүүл мэнд, боловсролын байгууллагын үйл ажиллагаа, орчны тохижилтыг сайжруулахаар аж. Эдгээр ажлуудыг хийхдээ төсвийн ачааллыг бууруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ түвшинд гаргаж, Улаанбаатарын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Үүний зэрэгцээ хотын эрх зүйн чадамжийг сайжруулах чиглэлд анхаарч, 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, эдийн засгийн чадавхийг сайжруулахдаа нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлж, газар зохион байгуулалтыг сайжруулахаар төлөвлөжээ. Улаанбаатар хотын оршин суугчдын хурдацтай өсөлт, түүнээс улбаатай агаар орчны бохирдол, сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал, авто замын ачаалал зэрэг Улаанбаатар хотод тулгамдаад байгаа бүхий л асуудлыг шийдэж, дэд бүтцийн хангамжийг сайжруулан, нийтийн тээвэрт тусгай замын автобус нэвтрүүлэх зэрэг арга хэмжээ зохион байгуулах талаар нэмж танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж хариулт авлаа.

Ийнхүү “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2019 онд хөгжүүлэх үндсэн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц”, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг батлах тухай эхний хэлэлцүүлгийг НИТХ-ын ээлжит 28 дугаар хуралдаанаар хэлэлцэж, НИТХ-ын ажлын хороод буюу намын бүлгүүд рүү шилжүүллээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх