Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/74363af1-25a1-4755-adab-8deac87a8d43.jpg

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Уг хуулийн төсөлд Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрах зохицуулалтыг тусгасан юм. 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжсэн билээ. 

УИХ-ын гишүүн Б.Ундармаа: Бусад оронд шашны баяруудыг яаж тэмдэглэдэг юм бэ.  

Ажлын хэсэг н.Даваапүрэв: Дэлхийн олон улс орон өөрсдийн шүтдэг шашны баяраа тэмдэглэдэг. Үүнээс бурхан багшийн төрсөн өдрийг тэмдэглэдэг 21 улс байдгаас ес нь албан ёсны амралтын өдөртэй байдаг юм байна. Христын төрсөн өдрийг тэмдэглэдэг 160 орон байна.  

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Бурхан багшийн мэндэлсэн, сургааль номоо айлдсан өдөр, нирваан дүрийг олсон өдрүүдийг дүйчин өдөр гэдэг гэж ойлгодог. Энэ талын мэдээлэл өгөөч. Христын мэндэлсэн өдрийн Монгол даяараа нижгэр тэмдэглэдэг. Исламын шашны рамадан баярт ч хүндэтгэлтэй ханддаг. Цаашдаа шашин, төрийн асуудлаа нэг мөр болгох шаардлага байна. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Бурхан багш эхийн хэвлийд оршсон, 36 насандаа гэгээрлийн хутгыг олсон, 81 насандаа нирваан дүрийг олсон гурван үйл давхцсан өдрийг их дүйчин өдөр гэж нэрлэдэг. Дүйчин өдөр гэдэг нь буян үйлдэх их цаг гэсэн утгатай. Дэлхий нийтэд ард түмнийг амраадаг баярын хоног дунджаар 30 байдаг. Монголд энэ өдөр бага талдаа байдаг юм байна. Архи ууж тэмдэглэдэг баяр бидэнд олон байгаа.  Тиймээс энэ баяруудаасаа нэгийг нь хасаж байгаад ч хамаагүй нэг өдрийг нь амралтын өдөр болгох зорилгоор энэ хуулийг санаачилсан. 

УИХ-ын гишүүн А.Сүхбат: УИХ-ын чуулганы танхимд шашны асуудал яриад сууж байгаа нь хэр зохимжтой вэ. Монголд бурхны шашин, бөө мөргөл, ислам, христ гээд дөрвөн том урсгал байна. Энэ дотроос бурхны шашины тэмдэглэлт өдрийг хуульчилбал нөгөө бусад шашныг нь яах вэ. Шашин хоорондын мөргөлдөөн үүсэх вий. Энэ хуулийн төслийг дэмжих боломжгүй байна. Бид шашны асуудалд болгоомжтой хандах ёстой. Уламжлалт шашин гэж буддын шашныг хэлэхгүй. Уламжлалт гэвэл бөө мөргөлийн шашин ч байна. Тиймээс энэ өдрийг заавал бурхан багшийн гэж онцгойлж авч үзэх шаардлагагүй. Яахав хүмүүжлийн, гэгээрлийн өдрийг нь гаргаад өгье. Өөрөөр нэрлэмээр байна. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: А.Сүхбат гишүүн хуулийн төслийг өргөн барьсан шаардлага, үндэслэлийг огт уншаагүй юм байна гэж ойлголоо. Энэ өдрийг тэмдэглэх тухай 400 мянган гаруй бурхны шашинтан Гандантэгчинлэн хийдээр дамжуулан хүсэлт ирүүлсэн. Энэ бол үндэслэл.  Яагаад буддын шашныг зонхилох шашин гэж үзэж байгаа вэ гэвэл Олон улсын шашны эрх чөлөөний тайланд 2010 оны байдлаар Монгол Улсын 15-аас дээш насны хүн амын 53 хувь нь өөрсдийгөө буддын шашинтан гэдгээ хэлсэн байна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд буддын шашны тухай тодорхой заасан байгаа. 

Хуулийн төслийн талаар гишүүд байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 73 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх