Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/bcdbb120-03fe-4c19-867b-30a005f9b7ae.jpg

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн  нэгдсэн хуралдаан 10 цаг 26 минутад эхэлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг энэ сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн бөгөөд Төсвийн байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.    

Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий 100 хувь төрийн өмчит компани байгуулахыг 2017 оны 92 дугаар тогтоолоор холбогдох сайд нарт үүрэг болгосны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулжээ. Уг компани нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг БНЭУ-ын Экспорт импортын банкны 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2023 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор үүрэг болгосны дагуу Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтад шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортын бараа материал, барилгын материалыг гаалийн татвараас хөнгөлж, буцаан олгохоор уг хуулийн төсөлд тусгасан байна.  

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Г.Тэмүүлэн, Д.Эрдэнэбат, Б.Пүрэвдорж нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.  

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга нь арилжааны болон тансаг зэрэглэлийнх биш бөгөөд дунджаар 55-60 ам метр талбайтай, нийтдээ 550 орчим айлын орон сууц баригдана, барилгын нэг ам метрийг нь 800 мянган төгрөгөөр тооцож гэрээ хийсэн. Хотхон барихад шаардлагатай материал, түүхий эдийг аль болохоор дотоодын зах зээлээс авна, гэхдээ зайлшгүй шаардлагатай зарим материалыг импортоор авахаас аргагүй байгаа. Эхний ээлжид төслийн баг болон ажилчид байрлах бөгөөд ирээдүйд боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхон болж өргөжих юм гэсэн хариултыг ажлын хэсгээс өгсөн юм.      

Ингээд Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар төслийн 3 дугаар зүйлийн “батлагдсан өдрөөс” гэснийг “2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.  

Дараа нь Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулав. Уг хуулийн төсөлд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт барих газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй, импортоор оруулах бараа материалыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тусгажээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны санхүүжилтийн нийт төсөвт өртөг 57.8 тэрбум төгрөг бөгөөд үүнээс 2.8 тэрбум төгрөгийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудал энд яригдаж байгаа. Үйлдвэрийн дэд бүтэц, ажилчдын орон сууцны асуудлыг Монгол Улс хариуцахаар гэрээнд тусгагдсан. Хуулийн төсөл батлагдсанаар хотхоны нийт хөрөнгө оруулалтын зардлыг ойролцоогоор 5 хувь хэмнэх боломж бүрдэнэ гэсэн тайлбарыг ажлын хэсгээс өгөв.  

Ингээд хуулийн төслийн 3 дугаар зүйлийн “батлагдсан өдрөөс” гэснийг “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс” гэж өөрчлөхөөр Байнгын хорооноос дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадсангүй. Иймээс хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэх явцад зарчмын зөрүүтэй саналын томьёоллоо дахин хэлэлцүүлэх чиглэлийг хуралдаан даргалагч өгсөн юм.  

Үргэлжлүүлэн Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газраас өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос дэмжигдсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Иймээс хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх