Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/4ec415c7-f188-4749-ac02-72f84f08f0f0.jpg

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэтэй холбоотой асуудал дахин хөндөгдлөө. Тодруулбал, түүнийг нэр бүхий хүмүүс өнгөрсөн есдүгээр сард АТГ-ын дарга З.Дашдаваад "хаяглаж" шалгуулахаар ханджээ.

Тухайлбал, дээрх Д.Бат-Эрдэнийг төрийн албанд ажиллах ёсзүйгүй хүн гэж үзсэн учраас шалгаж, хариуцлага тооцож өгөхийг хүсчээ.

Тодруулбал, Д.Бат-Эрдэнэ гэдэг нөхөр их маапаантай хүн. Түүний хууль бус үйлдэл нь аль 2011 оноос эхэлсэн ч өнөөдрийг хүртэл түүнд ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгээгүй иржээ.

Тиймээс дээрх гишүүд Д.Бат-Эрдэнийг одоо болтол Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаа нь төрийн албаны үндсэн зарчим, төрийн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлага болон тангарагт нийцэхгүй байна.

Түүнчлэн хуурамч нэр болон диплом ашигласан эрүүгийн гэмт хэргийн улмаас олж авсан давуу байдал болон үр дагавар нь одоог хүртэл үргэлжилж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаатай холбох үндэслэлгүй тул уг асуудлыг холбогдох хууль журмын дагуу шалган шаардлагатай арга хэмжээг авч хариу мэдэгдэхийг хүсчээ.

Хууль хяналтын байгууллага Д.Бат-Эрдэнэ гэж энэ нөхрийг шалгаж, нягтлах хэрэгтэй болжээ.

Д.Бат-Эрдэнийн хувьд эцэг эхээс өгсөн жинхэнэ нэрээ сольж, хуурамч диплом өвөртлөн карьераа ахиулж ирсэн нь холбогдох байгууллагын шалгалтаар тогтоогдсон ч, хариуцлага хүлээлгүй өнөөдрийг хүрсэн нэгэн юм.

Хачирхалтай нь хуурамч зүйл олонтой энэ хүн үргэлж л хэл ам дагуулсан асуудалд орж байдаг ч, үнэхээр ар хамгаалалт нь сайных уу гэлтэй аливаа асуудлаас сугараад үлдчихдэг.

Тухайлбал 2012 онд ИТХ-ын дарга болсноосоо хойш төрийн мөнгийг үр дүнгүй зарцуулсан хэрэгт холбогдсон. Мөн тухайн үедээ албан өрөөгөө 70 гаруй сая төгрөгөөр тохижуулж, 59 сая төгрөгийн үнэтэй автомашин худалдан авсан нь гэдэг асуудал нийгэмд шуугиан тарьж байгаад намжсан байдаг. Нэг ёсондоо төр түмний мөнгөнд дэндүү гамгүй хандаж, хувь эрх ашигтаа нийцүүлэн зарцуулсан байх магадлал өндөр.

Түүнийг 1990-2004 онд “Эрдэнэсуварга” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байх үед нягтлан бодогчоор ажилладаг байсан Д.Энхмандах нь 2008 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан Д.Очирбат, нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, Нийслэлийн Автозамын газрын дарга асан Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Д.Ганболд нарын авлигын сүлжээний булхайг дэлгэсэн мэдээллийг холбогдох газруудад өгч, олон нийт ч тодорхой хэмжээний мэдээлэлтэй байгаа.

Тухайлбал, Д.Бат-Эрдэнэ албан тушаалаа ашиглан тендер будлиулж нийслэл, дүүргийн Засаг дарга нарт тус бүрт нь хувь өгдөг байсан гэх.

Асуудлын анхаарлын цэг болсон Д.Бат-Эрдэнэ гэх нэртэй энэ хүн бодит байдал дээр Д.Батмөнх гэгч юм. 1964 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн тэрбээр тус сумын дунд сургуульд суралцан долдугаар ангийн боловсрол эзэмсэн бөгөөд “Сүхбаатарын зам” нэгдэлд малчин байж байгаад 1981 онд аймгийн цагдан сэргийлэх ангиас иргэний паспорт авсан.

Тэр жилээ Улаанбаатар хотод шилжин ирж суурьшихдаа өөрийн төрсөн ах Дамжин овогтой Бат-Эрдэнийн төрсний гэрчилгээг ашиглан дахин иргэний паспорт авч, цаашид Д.Бат-Эрдэнэ нэрээр регистрийн дугаар, ургийн овог зэргийг өөрчлөн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх гаргуулснаар өдгөөгийн Д.Бат-Эрдэнийн замнал эхэлжээ.

Харин нэрээ сольсон гэдгийг нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс тогтоосон байдаг юм. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн ...дугаар хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад Д.Бат-Эрдэнэ нь Бат-Эрдэнэ бус Д.Батмөнх гэдэг нэртэй нь тогтоогдсон бөгөөд өөрийн төрсөн ах Дамжин овогтой Бат-Эрдэнийн нэрийг 1981 оноос хойш ашиглаж, иргэний бүртгэл мэдээлэлд холбогдох баримт бичгүүдийг уг нэрээр гаргуулан авч чадсан гэх албан ёсны мэдээлэл гарч байна.

Тэгэхээр нэрээ ингэж сольсон тэрбээр өөрийгөө Хөдөө аж ахуйн их сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургуулиудыг тус тус дүүргэсэн гэж анх хэлж ярьж, хуурамч диплом олж авч ашиглан албан тушаалуудад шат ахин дэвшсэн байдаг.

БСШУЯ, АТГ, ЦЕГ, МХЕГ хамтран боловсролын бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад шалгалт хийх үед Нийслэлийн авто замын газрын дарга байсан Д.Бат-Эрдэнэ ХААИС, СЭЗДС-ийг төгссөн гэх хуурамч диплом ашиглан төрийн албанд орсон болох нь тогтоогдсон байдаг.

Улмаар Төрийн албаны зөвлөлд мэдэгдэл хүргүүлж, хуурамч гэрчилгээг хүчингүй болгуулж, ажлаас нь чөлөөлж байсан түүхтэй. Тэгсэн ч түүний улс төрийн карьер шат ахисаар өдийг хүрч нэг суудал дээрээ найман жил тухалжээ.

Өнгөрсөн 2012 онд МАН-аас нэр дэвшиж, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдон ажиллаж байгаагаас үзэхэд хуурамч нэрээр, хулхи дипломоор гарч ирсэн энэ албан тушаалтанд яагаад хариуцлага тооцдоггүй юм бол.

АТГ-ын дарга солигдож, шинэ даргатай болсон байгаа энэ үед түүнийг дахин шалгуулж, хариуцлага тооцуулахаар ийнхүү хандаад байна. Ямар хариу арга хэмжээ авахыг цаг хугацаа харуулна биз дээ.

О.Гал

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх