Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/3igue41kdfangn7oq4cldgr2pn.jpg

Нийслэл, дүүргийн цагдаагийн газар, хэлтсээс шөнийн хяналт шалгалтыг тасралтгүй явуулж байгаа билээ. Манай сурвалжлах баг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэстэй хамтран өнгөрсөн баасан гаригийн шөнө сурвалжилга   бэлтгэсэн юм. Үдшийн 23 цаг болж байхад Сансарын түнэл орчимд амьдрал дөнгөж эхэлж байгаа гэлтэй. Энд тэнд хөтлөлцсөн хосууд, хөлчүүрхсэн залуус хаа нэг хүүхдээ тэвэрсэн хосууд. Аргагүй л хотын гудамжинд шөнө болдоггүй нь үнэн бололтой.

СОГТУУ ҮЕДЭЭ ТАНХАЙРЧ ХҮН ХУТГАЛЖ ГЭМТЭЭЖЭЭ

Биднийг БЗД-ийн хоёрдугаар хэлтэс рүү явах зуур түргэн тусламжийн машин болон цагдаагийн алаг тэрэг зогсож байгаа харагдсан юм. Дүүргийн цагдаагийн хэлтэст очмогцоо энэ талаар лавлахад: БЗД-ийн 27-р хорооны нутаг дэвсгэрт 21:00 цагийн орчимд ТҮЦ-энд 50 орчим насны эмэгтэй хүнийг хутгаллаа гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газар очиход 1986 онд төрсөн эрэгтэй Ц гэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 50 настай эмэгтэй М-н биед мэсний зүйлээр гэмтэл учруулсан байсныг шуурхай илрүүлсэн байна.

Хэдийгээр хуулиндаа оройн цагаар ТҮЦ ажиллуулах хориотой ч зарим иргэд санаатай болон санамсаргүйгээр цаг хэтрүүлэн ажиллаж энэ мэтээр гэмтэх, хохирох тохиолдол цөөнгүй учраас анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлсэн юм. 

ХАЖУУХАНД БАЙГАА ГАЗАРТАА ХЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ МӨРӨӨРӨӨ АЖИЛЛАЖ БАЙГАА МАНЬ МЭТИЙГ ЯАГААД ХАВЧААД БАЙГАА ЮМ БЭ?

00:00 цагийн орчимд бид Сансарын түнэлд байрлах "New Monika" гэх шөнийн цэнгээний газрыг зорьсон юм. Тус газар нь байгуулагдаад удаагүй боловч насанд хүрээгүй хүүхдэд үйлчилдэг, цаг хэтрүүлэн ажилладаг болон алба хаагчдын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүйгээс гадна тухайн хэсэгтээ хамгийн ихээр зөрчлийн дуудлага бүртгэгддэг газар аж. Цагдаагийн алба хаагчид түүнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны аравдугаар сарын 1-ний өдрийн А300 тоот захирамжийг танилцуулан улмаар тус газрын архи, согтууруулах ундаагаар үйлчлэх эрхийг цуцалсан талаар мэдэгдсэн юм. 

Энэ үеэр иргэн Б ихэд эгдүүцэн "Танил талгүй мөрөөрөө ажиллаж байгаа мань мэтийг удаа дараа ингэж шахаж байна. Өмнө нь хоёр удаа манай тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлж байсан. Би дуугүй өнгөрсөн. Энэ удаа чадахгүй. Ирэх нэгдэх өдрөөс эхэлж АТГ болон хандаж болох бүхий л газруудад хандаж гомдол мэдүүлэх болно. Манай хажууханд байгаа олон арван жил болсон "Банана" болон бусад бааруудыг хаадаггүй мөртлөө яагаад манайхыг удаа дараа хаагаад байгаа юм бэ? Тэнд чинь олон зөрчил гардаг. Заримыг нь манай нэр дээр өгдөг. Тэр ч бүү хэл хүн нас барсан тохиолдол гарч байсан. Тухайн үед хэдхэн хоног хаалгаа бариад л эргээд хэвийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тэр газруудад ч гэсэн адилхан арга хэмжээ авах ёстой. Би энэ удаа заавал гомдол гаргана. Өнөөдөр би та нарын ажлыг хүндлээд хэл ам хийлгүй үйлчлүүлэгчдээ гаргаад ажилчдаа тарааж байна. Гэхдээ би хэлдэг газар нь хэлж гомдол мэдүүлэх болно" гэсэн юм. 

Тус ажиллагааны талаар БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн хошууч Ё.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодруулсан юм. Тэрээр  "БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хариуцаж байгаа хороодын хэмжээнд нийт 142 архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд байдаг. Тэдгээрт бид хууль дүрмийн дагуу ажиллах шаардлага тавьж тогтмол хяналт шалгалтын ажил хийдэг. Учир нь архи согтууруулах ундааг хэрэглэж улмаар биеэ удирдах чадваргүй болсон иргэд гэмт хэрэгт өртөх болон холбогдох магадлал өндөр байдаг. Тиймээс бид энэ талын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бид тогтмол хяналт шалгалтын ажиллагаа явуулдаг юм.

БЗД-ийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "New Monika" гэх газрын хувьд Нийслэлийн Засаг даргын 2019 оны аравдугаар сарын 1-ний өдрийн А300 тоот захирамжийн дагуу тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан боловч өнөөдрийг хүртэл хууль бусаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тиймээс бид үйл ажиллагааг нь зогсоон, хууль бусаар олсон орлого болон эд зүйлсийг нь хуран авч зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явагдаж байна.  

ӨНӨӨДӨР НАМАЙГ БАРИВЧИЛСАН Ч МАРГААШ БИ ГАРААД Л ИРНЭ

Шөнийн 01:00 цагийн орчимд бага насны хүүхэдтэй согтуу гэр бүлийн талаарх дуудлага бүртгэлдээ. Дуудлагыг БЗД-ийн гуравдугаар хороонд байрлах нэгэн уушийн газрын тогооч өгчээ. Түүний хэлж байгаагаар иргэн С тус газар гэр бүлийн хамт орж ирээд араас найзууд ирнэ гээд согтууруулах ундаа захиалсан байна. Харин тогооч залууг гал тогоонд хоол хийгээд гарч ирэхэд иргэн С-ийн хэлсэн хүмүүс ирээгүй байсан бөгөөд захиалсан архиа хэдийн ууж дуусчихсан эхнэр нь тасарсан байдалтай байжээ. Ийнхүү тэрээр цагдаагийн газар дуудлага өгсөн байна.  

Биднийг очиход иргэн С-ийн согтуурлын хэмжээ нэлээн өндөр байсан бөгөөд түүний эхнэр хэдийн тасарч ширээ дэрлэсэн байдалтай хажууд нь бага насны хүүхэд нь зовхио дааж ядан  сууж байсан юм. Алба хаагчид түүнээс гэрийн хаягийг нь тодруулахад бүдүүн баараг хаяг хэлсэн бөгөөд хажууд машин байгаа ингээд явлаа гэлээ. Тухайн үед алба хаагчид түүнд учир байдлыг тайлбарлан хүүхдийг асрах өөр хэн нэгнийг лавлахад гэрийнхнийгээ өөрөө аваад явна гэх мэтээр орилж ихээр ундууцаж багагүй төвөг учруулсан юм.

Улмаар түүнийг эрүүлжүүлэх байр руу авч явсан бөгөөд эхлээд ямар ч байсан гэрт нь очиж хүүхдийг өөр асран хамгаалагчид нь хүргэж өгөхөөр боллоо. Энэ үед иргэн С та нар намайг баривчиллаа гээд яах вэ дээ. Би маргааш гараад л ирнэ шд хэмээн үглэсэн бөгөөд "Та нар хүний эрхэнд ингэж халдаж болдог юм уу? Хүүхдийн эрх зөрчсөн энэ тэр гээд юу яриад байгаа юм бэ?" гэх мэтээр чанга дуугаар орилсоор байсан юм.

Журмын дагуу тухайн гэр бүлд хүүхдийн эрх зөрчсөн гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагаа явуулах бөгөөд хүүхдийг асран хамгаалах хүн байхгүй тохиолдолд хүүхэд хамгааллын 108 төв хүргэж өгөх юм байна. 

 АЖИЛ ХИЙЛЭЭ ГЭЭД ЯАХ ЮМ ЦАЛИН НЬ ХАНГАЛТТАЙ ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙНА

Шөнийн 02:00 цагийн орчимд БЗД-ийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт хууль бусаар биеэ үнэлэх гэж байсан үйлдлийг эмзэг цэг арга хэмжээнд  явж байсан албан хаагчид илрүүлж таслан зогсоожээ. Тэд хоёулаа байсан бөгөөд саарал өнгийн машинтай хоёр залуутай тохиролцон явах гэж байхад нь алба хаагчид илрүүлсэн юм.

Тэдний нэг иргэн Э 31 настай хоёр хүүхдийн ээж. Тэрээр энэ замыг сонгосон шалтгаанаа тайлбарлахдаа энэнээс өөр арга алга. Биеэ үнэлж байсан нь бид нарын буруу л даа. Гэхдээ орчин нь л ийм байхад... Ажилд оръё гэхээр ядаж л нас заана. Ажилд орлоо гэж бодохоор цалин нь хаанаа ч хүрэлцэхгүй. Цалингаараа байрны түрээсээ өгөх үү? хоолоо авах уу? гээд хэцүү шдээ. Тиймээс л эрсдэлтэй ч гэсэн энэнээс өөр арга алга гэсэн юм. 

Харин нөгөө хүний хувьд 25 настай биеэ үнэлээд удаагүй бөгөөд сургалтын төлбөрөө олох гээд энэ ажлыг хийж байгаа гэсэн юм. Түүний хувьд аяга угаагчийн ажил хийж байсан боловч цалин нь хаанаа ч хүрэлцдэггүй бөгөөд хичээлийн хажуугаар хийх ажил тэр бүр олддоггүй гэнэ.

Тэдэнд зуучлагч байхгүй бөгөөд тогтсон ханш байдаггүй. Мөн тухайн газар тэднээс гадна өөр хэд хэдэн хүн байдаг бөгөөд өөрсдийг нь зорьж ирсэн иргэдтай тохиролцсоны үндсэн дээр хөлсөө тооцон авдаг гэсэн юм. Тэдэнд зөрчлийн тухай хуулийн 6.18.4 т заасны дагуу хариуцлага ногдуулах юм байна. 

Түүнчлэн тэдэнтэй тохиролцсон гэх залуус хөдөөнөөс ирээд удаагүй байсан бөгөөд бусдын амнаас сонссон зүйлээ шалгах гээд саваагүйтэж явсан нь энэ аж. Харин жолоочийн хувьд тэднийг тээвэрлэсэн гэх үндэслэлээр шалгагдсан юм. Шалгалтын явцад тухайн жолооч биеэ үнэлэгчдийг зөөвөрлөдөггүй бөгөөд тухайн залуусыг  хорооллоос суулган хэдсэн газар нь хүргэж өгсөн нь явсан нь тогтоогдсон юм. 

Үүнтэй холбогдуулан нийт жолооч нарт хандан энэ мэт санамсаргүй байдлаар гэмт хэргийн холбогдогч болох магадлал өндөр учир шөнө оройн цагаар сэжиг бүхий этгээдүүдийн аль болох тээвэрлэхгүй байхыг тус цагдаагийн газраас нийт жолооч нарт сэрэмжлүүллээ.

2019 он гарсаар нийт 90 иргэнийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хариуцлага ногдуулж 4,650 мянган төгрөгөөр торгожээ. Мөн удаа дараа биеэ үнэлсэн тохиолдолд тухайн иргэнийг баривчлан шүүхээр оруулж 6-30 хоног хүртэлх хугацаагаар баривчлах арга хэмжээ авах хуультай. 

БЗД-ийн хоёрдугаар хэлтэст хууль бусаар биеэ үнэлдэг болон үнэлэхийг завдсан зөрчил гаргасан 80 орчим иргэн бүртгэлтэй байдаг бөгөөд тэдэнд зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахын зэрэгцээ дахин зөрчил гаргахгүй байх талаар бичгээр баталгаа авч зөв амьдралын хэвшилд чиглүүлэхээр дээрх иргэдийг дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хандан ажилд зуучлах арга хэмжээ авч ажилладаг юм байна.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

5
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх