Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/644f9038cc68146dc94a069f7d5ad3ce.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Газрын тос боловсруулах үйлдвэр барих газрыг өргөтгөв

Дорноговь аймгийн Алташирээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр барих 150 га газрыг 255 га-гаар өргөтгөж нийт 405 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авав.

Газрын тос боловсруулах үйлдвэр олон төрлийн дулаан химийн урвал явах байгууламж, өндөр даралт болон температурт тэсвэртэй тоног төхөөрөмж зэргээс бүрдэнэ. Мөн химийн бодис, галын болон тэсэрч дэлбэрэх, хялбар авалцах шингэн, хий бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хөнгөн нүүрс устөрөгчийн хий, хүхрийн исэл, аммиак зэрэг хий үүсгэх юм. Үйлдвэр цаашид хүчин чадлаа нэмэгдүүлж, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх нефть-химийн үйлдвэр болж өргөжихөөр байна. Энэ бүхнээс үүдэн Галын аюулгүй байдлын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтуудыг  үндэслэн талбайн хэмжээг өргөтгөжээ. Дорноговь аймгийн Сайншанд хотоос үйлдвэр хүртэлх 27 км төмөр зам, 18.8 км автозам болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг ирэх долоо хоногт Улсын комисс хүлээн авна.

“Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл”-ийг батлав

2019- 2023 онд:

-  Мэдээллийн технологи /Хиймэл оюун хөгжүүлэх, хиймэл оюунд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Их өгөгдлийн боловсруулалт, хамгаалалт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт/

-  Шинэ материалын технологи /арьс шир, ноос, ноолуур гүн боловсруулах, дулааны материал үйлдвэрлэл, шинэ түлшний материал/

-  Биотехнологи/үйлдвэрлэлийн технологи /хөдөө аж ахуйн болон байгалийн түүхий эдийн биотехнологийн аргаар хүнс, эм, вакцин, биобэлдмэл үйлдвэрлэх, малын эм урвалж, вакцин, ургамал хамгаалах бэлдмэл хийх/

-  Сэргээгдэх эх үүсвэртэй эрчим хүчний технологи /эрчим хүч хуримтлуулах технологи, эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт технологид суурилсан барилга, байгууламж/

-  Үндэсний онцлог бүхий соёлын инноваци, бүтээлч үйлдвэрлэл /дижитал технологид суурилсан контент соёлын үйлчилгээ, ухаалаг технологид суурилсан төрийн болон бизнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлт/-ийг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх юм.

Товч мэдээ

-  Гадаад улсад суралцах болсон тул Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайханыг чөлөөлж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар томилов.

-  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 09 дүгээр сарын 21-24-ний өдөр Орхон, Булган, Хөвсгөл аймагт ажилласан. Энэ үеэр орон нутгийн удирдлага, иргэдээс тавьсан санал, хүсэлтийг судлан шийдвэрлэж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнахыг сайд нарт даалгав.

-  Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн нэмэлт санхүүжилт”, “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-IV төслийн нэмэлт санхүүжилт”, “Бүс нутгийн замыг хөгжүүлэх, зам засварын төслийн нэмэлт санхүүжилт”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгохоор болов.

-  Оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын хууль, УИХ, Байнгын хорооны тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, тэмдэглэл, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Албан даалгавар зэрэг 3736 шийдвэрийн хэрэгжилт 84.2 хувьтай байна.

-  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн таван бодлого, 20 зорилт, 135 арга хэмжээний хэрэгжилт эхний хагас жилийн байдлаар 51.7 хувьтай гарчээ.

-  Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт эхний хагас жилийн байдлаар 64.1 хувьтай байна. 

-  Жил бүрийн 07 дугаар сарын 09-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгохоор шийдвэрлэв. Ингэснээр “Дээлтэй монгол наадам” өргөжин, аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болж, үндэсний хувцсаа өмсөх, түүгээр бахархах, түгээн дэлгэрүүлэх, ажлын байр нэмэгдэх зэрэг олон эерэг талтай гэж үзлээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх