etoim.mn
photos/8bc63f1c51c24011great.jpg

Одоогоос 21 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр УИХ-ын гишүүн С.Зориг агсан бусдын гарт эмгэнэлтэйгээр амиа алдсан билээ. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн жил бүрийн энэ өдөр хөшөөнд нь цэцэг өргөдөг. Өнөөдөр С.Зориг агсны хэргийг шалгах Түр хорооны гишүүд болон түүний ар гэрийхэн С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж байна.

С.Баяр: Гэмт этгээдүүдийг илчилсэн гэх эцсийн хариуг сонсоно гэж найдаж байна

Энэ үеэр С.Зориг агсны төрсөн ах С.Баяр өөрийн бодлыг илэрхийлсэн юм. Тэрээр “Та бүхэн мэдэж байгаа. Аллага үйлдэгдээд 21 жил болж байна. Өнгөрсөн он жилүүдэд С.Зоригийн ар гэр биднээс төр засагтаа хандаж тус хэргийг илрүүлж шийдвэрлэх талаар олон удаа хүсэлт гаргаж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл хэрэг бүрэн илэрч шийдэгдээгүй байгааг та бүхэн харж байна. Бидний хувьд, хэргийн захиалагч, ялангуяа энэ аллагыг зохион байгуулсан эздийг олж илрүүлэхээс нааш бидний гомдол тайлагдахгүй. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг та бүхэн сайн мэдэж байгаа. Энэ хэрэгт тэр сэтгүүлчдийн үүрэг маш чухал гэж бодож байна. Бид хэрэг илэрнэ гэж итгэсээр ирсэн. Ер нь ар гэр бидний төдий биш, Монголын ард түмний хүүгийн нь хувьд, түүний амь насыг хөнөөсөн гэмт этгээдүүдийг илчилсэн гэх эцсийн хариуг сонсоно гэж итгэж хүлээж байна” гэсэн юм.

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Би тэр эрүүдэн шүүсэн гэх эвлүүлэгтэй киног үзсэн

Ардчилсан намаас Ерөнхийлөгчид хандаж С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурлын шийдвэр, мөрдөн байцаалтын бүх материалыг ард түмэнд нээлттэй болгож, нууцын зэрэглэлээс гаргах ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Тэгэхгүй бол нууц гэдэг нэрийн дор улс төрийн тоглолт хийгээд 21 жил боллоо. Одоо дуусгах цаг нь болсон.

Энэ хэрэгтэй холбоотой асуудлыг  гурван шатны шүүхээр орж шийдвэр гарч буруутай этгээдүүдийг тогтооосн. Үүнд зарим хүмүүс улс төрийн тоглолт хийж, ашиг хонжоо хайсан байдалтай асуудалд хандаж байна. хамгийн гол нь Монгол улсын хуулийн салбарыг тэргүүлж байгаа хүн захиалагчийг зарлана гэсэн боловч бүтэн гарангийн хугацаа өнгөрлөө. Одоог хүртэл чимээгүй л байна. 

Монголын хуульзүйн салбарыг 22 жил толгойлсон хүн өнөөдөр эрүүдэн шүүлт гээд яриад явж байна. Эрүүдэн шүүлт хэн, хаана хийсэн юм бэ. Хорих байгууллага чинь хуульзүйн яамны шууд мэдэлд байдаг байгууллага. Үүнийг яагаад хуульзүйн сайд мэдээгүй байгаа юм. Захиалагчийг зарлах болохоор бүхнийг үймүүлдэг. 22 жил хуульзүйн салбарыг толгойлсон хүн өнөөдрийг хүртэл энэ хэргийг илрүүлээгүй байж өөрөө шударга дүрд тоглоод, эрүүдэн шүүлт гаарсан мэтээр ярьж байна. Эрүүдэн шүүлтийг хуульзүйн сайд гааруулсан. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж байгаа гурван хүнийг эрүүдэн шүүсэн гэх тэр эвлүүлэг болсон  кино зургийг үзсэн.  Тэр бол эрүүдэн шүүсэн хэлбэр биш. Ийм кино зохиолоо болих хэрэгтэй. Эрүүдэн шүүсэн гэх тэр бичлэг  эвлүүлэг байсан. Тэр бичлэгийг маш өндөр хүчин чадалтай камераар хийсэн байсан. Шоронгийн камерт тийм нягтрал сайтай камер байдаггүй. Тийм л юм бол бусад хохирогчдын өмнөөс Ц.Нямдорж, Ж.Батзандан, Л.Болд нар дуугарахгүй байгаа юм. Ганц энэ сэдвээр улс төрийн тоглоом хийх хэрэггүй гэж хэлмээр байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батжандан: С.Зоригийн хэргийн захиалагч нарт хариуцлага тооцохыг Монголын төрд ажиллаж байгаа нөхдүүд хүсэхгүй байгааг олон түмэн харж байна

1998 оны аравдугаар сарын 02-ны өдөр бол эх оронч, үндэсний үзэлтэн, үндэсний ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг агсны амь насыг хороосон Монгол улсын түүхэн дэх хар өдөр байсан юм. Энэ өдөр ганц С.Зориг агсан амь насаа алдаагүй юм. Үндэсний үзэлтэн н.Төмөр-Очир гуай бас нас барж байсан. Монголын хоёр том эх орончийг аравдугаар сарын 02-нд хороосон гэж бид ойлгодог. Шинэ намын удирдлагууд өнөөдөр С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөхөөр энл ирээд байна. Энэ өдөр С.Зориг агсны хэлсэн үгийг Монгол хүн бүр бодож тунгаах учиртай. Тэрээр хорь гаруйхан настай байхдаа "Үндэсний эрх ашиг бусад бүх эрх ашгаас эрэмбэ дарааллын хувьд хамгийн дээр байх ёстой" гэж хэлж байсан юм. Түүнийг нас барснаас хойш Монголын ардчилал уруугаа харсан гэж бид боддог. Өнөөдрийг хүртэл С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг үнэн зөвөөр нь илрүүлэх, алуурчид, захиалагч нарт хариуцлага тооцохыг Монголын төрд ажиллаж байгаа нөхдүүд хүсэхгүй байгааг олон түмэн харж байна. УИХ-д гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Ц.Нямдорж нарын 7 гишүүн оролцсон Түр хороог 1998 оноос хойш 20 дахь жилд нь буюу  2018 онд бид байгуулж чадлаа. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн алуурчид, захиалагчид илэрнэ гэдэгт итгэлтэй байгаа" гэлээ. 

Эргэн сануулахад: 1998 оны аравдугаар сарын 20-ны өдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг өөрийн гэртээ бусдын гарт амиа алдсан хэрэг гарсан. Тухайн үед уг хэргийн эзэн холбогдогчийг олоход хүндрэлтэй байна гэж байсан боловч өнгөрсөн 2016 онд буюу 18 жилийн дараа энэхүү хэргийг илрүүлснийг зарласан. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг гурван шатны шүүхээс буруутай гэж үзэн ял эдлүүлж байгаа юм. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх