Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/d0f265b0-9003-4910-bcab-5278251fa2c7.jpg

Сүүлийн хэдхэн хоногт улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явдалтай холбоотой эх сурвалжуудын таамаг гэмээр мэдээллүүд ар араасаа хөвөрч байна.

УИХ-аас 2019 оны есдүгээр сарын 11-нд гаргасан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад Ард нийтийн санал асуулга явуулах тухай 73 дугаар тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан.  Энэ нь Х.Баттулга Ерөнхийлөгчийн ес дэх хориг юм.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөсөн ч цаг хугацаа болон хөрөнгө санхүүгийн асуудал, цаашлаад УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах эсэх шийдвэрээс шалтгаалан гацсан байдалтай байна. Одоо үүн дээр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн шийдвэрлэх асуудал нэмэгдлээ. Ерөнхийлөгчийн хориг эрх баригч намын төлөвлөгөөнд нөлөөлөхгүй байж болох ч асуудлаа шийдэж ядан буй цаг хугацаанаас нь хорооно.

Ерөнхийлөгч чуулганы үеэр хууль, УИХ-ын бусад шийдвэрт хориг тавьсан бол 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол баталдаг. Энэ хугацаа өнгөрсөн баасан гариг буюу есдүгээр сарын 20-ноос тоологдож эхэллээ. Хоригийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь хүлээж аваагүй бол хууль, УИХ-ын шийдвэр хүчин төгөлдөр үлддэг. УИХ Ерөнхийлөгчийн энэ удаагийн хоригийг хүлээж авах эсэх нь ирэх өдрүүдэд тодорхой болно.

Ард нийтийн санал асуудлга явуулахад 30 тэрбум төгрөгийн зардал гаргана гэсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртсөн. Удалгүй УИХ өөрөө тарах асуудал хөндөгдөж, энэ үйл ажиллагааг МАН-ын генсек Д.Амарбаясгалан зохион байгуулж, гишүүдтэй уулзаж эхэлсэн. МАН- аас нэр дэвшиж сонгогдсон 40 гаруй гишүүн “...УИХ тарахыг дэмжиж кнопоо дарна” гэж генсектээ амласан гэх мэдээлэл тарсан. 

Энэ талаар МАН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Д.Амарбаясгалан: “Нэр бүхий гишүүдээс ийм санал гараад хоорондоо ярьж байгаа. УИХ тарах эсэх нь бүрэн эрхийн асуудал юм. 3/2 нь тарах нь зөв юм гэж үзвэл намын Удирдах зөвлөл болон Бага хурал хуралдаж шийдвэр гаргадаг. Санал гаргасан гишүүд нь намын удирдлагуудтай санал бодлоо хуваалцаж байгаа зүйл бий. Сонсох төдийд л явж байна” гэж мэдээлсэн юм.

УИХ бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө тарах нь зүйтэй гэж нийт гишүүдийн дөрөвний гурав нь үзэн гарын үсэг зурсан тохиолдолд хууль тогтоох дээд байгууллага тарах боломжтой. Харин УИХ ыг тарааж ээлжит бус сонгууль зарлах албан бланкан дээр 40 гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл гараад байгаа юм. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжих эсэх ард нийтийн санал асуулгыг ирэх сарын 30,31 ний өдөр явуулахаар төлөвлөөд байгаа. Харин УИХ ын ээлжит сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдээд байгаа юм. Тиймээс ирэх 10,11-р сард ард нийтийн санал асуулга, УИХ ын ээлжит бус сонгууль явуулах асуудал Улс төрийн хүрээнд хүчтэй яригдах нь.

Ер нь бол УИХ-ын ээлжит бус сонгууль явуулж байсан түүх байхгүй. Гэхдээ Сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “УИХ болон Ерөнхийлөгичийн ээлжит бус сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 45- аас доошгүй хоногийн өмнө ээлжит бус сонгууль явуулах нөхцөл байдал  үүссэнээс хойш ажлын 20 өдрийн дотор энэ хуульд нийцүүлэн УИХ товлон зарлана” гэж заасан. Харин ээлжит сонгуульд мөрддөг цагалбар, бусад асуудлыг нарийвчлан заагаагүй юм.   Ямартай ч УИХ өөрөө тарах шийдвэрийг тун удахгүй гаргаж магадгүй гэх мэдээлэл байна. Учир нь Ерөнхийлөгч хориг тавьснаар УИХ тарах замыг засчихаж байгаа юм .

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх