etoim.mn
photos/70410766_2258947087543577_5665416129506443264_n.jpg

Өнөөдөр ЦЕГ-ын Хар Тамхитай тэмцэх газраас хар тамхитай тэмцэх чиглэлээр хийгдэх томоохон ажлууд болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийж энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой зарим мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэлээ.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд:  “Улсын хэмжээнд 2019 оны эхний есөн сарын байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлтэй холбоотой 193 хэрэгт 333 хүн холбогдон шалгагдаж байна. Үүний 23 хэрэг нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн. Үүнээс харахад энэ төрлийн хэрэг зөвхөн Улаанбаатарт биш хөдөө орон нутагт ч гарах болсныг харж болно. 

2018 оны есдүгээр сартай харьцуулахад энэ жил 62 нэгж буюу 32.2 хувиар өссөн байна. Харин холбогдогч нарын тоо 72 нэгж буюу 21.9 хувиар өсчээ.

2019 онд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нийт хүмүүсийн 282 нь буюу 85.4 хувь нь 19-35 насны хүмүүс байгаа бол 17 буюу 5.1 хувь нь насанд хүрээгүй буюу 15-18 насны хүмүүс эзэлж байна. Эдгээр насанд хүрээгүй 17 хүүхдээс 13 нь ерөнхий боловсролын дунд сургуулийн 10-12 дугаар ангийн хүүхдүүд байна. 

2018 онд нийт 412 хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 36 нь буюу 8.7 хувь, 2019 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 330 хүн гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 47 нь буюу 14.2 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг давтан үйлджээ.  

Иймд цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх, хууль бус хэрэглээг хязгаарлах зорилгоор иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хандан “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгыг гарган, тодорхой ажил арга хэмжээнүүдийн зохион байгуулж байна гэлээ. 

Түүнчлэн та бүхэн цахим орчинд  нэр бүхий хүмүүс ургамлын гаралтай мансууруулах бодисыг хориглохыг эсэргүүцэн үзэл бодлоо илэрхийлсэн байсан. Ургамлын гаралтай мансууруулах бодисыг манай улсад хориглодог. Тиймээс ийм яриа гаргаж, хүүхэд залуусыг уриалж, турхираад байгаа хүмүүстэй цагдаагийн байгууллага хатуу тэмцэх болно гэсэн юм.

ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар: ГЕГ болон түүний харьяа газар хороодын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан нийт 15 удаагийн үйлдлийг гаалийн хяналт шалгалт болон ЦЕГ-тай хамтран илрүүлж холбогдох газруудад нь хүлээлгэн өгсөн. Үүний үр дүнд нийт 15 нэр төрлийн 142 грамм мөн LSD 54 ширхэгийг илрүүлж холбогдох газруудад нь хүлээлгэн өгсөн.

Харин 2019 оны гэхний есөн сарын байдлаар улсын хилээр хууль бусаар хар тамхи, мансууруулах төрлийн бодис оруулах гэсэн есөн үйлдлийг илрүүлж нийт 4,5 кг мансууруулах бодис хурааж авсан бөгөөд үүнд 10 хүн холбогдсоноос нэг нь гадаадын иргэн байсан гэлээ. 

Тэрээр үргэлжлүүлэн жил ирэх бүр эдгээр хураагдаж байгаа бодисуудын нэр төрөл болон тоо хэмжээ нь нэмэгдсэн гэсэн тоон үзүүлэлт гарчээ. Үүнтэй холбогдуулан гаалийн байгууллага цагдаагийн байгууллагатай хамтран жил бүр хамтран ажиллах төлөвлөгөө, арга хэмжээний хөтөлбөр боловсруулж үүнийг хэрэгжүүлж ажиллаж байна. Мөн гаалийн байгууллагуудыг хар тамхи илрүүлэх төрлийн тононг төхөөрөмжүүдээр хангахаар ажиллаж байна. Яг одоогийн байдлаар ГЕГ нь АНУ-тай хамтран хар тамхины гэмт хэргийг илрүүлэх сургалтад гаалийн байцаагчийг хамруулж байна гэлээ. 

Мөн манай улсруу дэлхийн найман улсаас шуудан илгээмж ашиглах болон биедээ хадгалж нуух хэлбэрээр хар тамхи, мансууруулах төрлийн бодис оруулахыг завджээ. Тодруулбал: Тайланд, Нидерланд, БНХАУ, ХБНГУ, АНУ, Испани, Ирланд зэрэг улсаас хар тамхи оруулж ирэх гэсэн оролдлого илэрч байсан бол эсэргээрээ манай улсын 45 иргэн гадны улс орнуудад хар тамхины хэргээр ял эдэлж байна. Тэдний нэг нь Словак улсад үлдсэн 44 нь БНХАУ-д ял эдэлж байгаа бөгөөд зарим нь ялын дээд хэмжээ авчээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх