etoim.mn
photos/e2f1945d-7b61-42a5-b63f-dc84c9ffbae9.jpg

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг наймдугаар сарын 9-нөөс эхэлж, өчигдөр дууслаа. УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөл, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэгтгэн хэлэлцлээ. Хоёрдугаар хэлэлцүүлгийн нэг онцлог нь УИХ-ын гишүүдийн дөрөвний гурав буюу 57-гоос дээш гишүүний ирцтэйгээр, хэлэлцэж байгаа асуудал буюу зарчмын зөрүүтэй саналыг 57 гишүүн дэмжиж байж гарна. Төрийн байгуулалтын байнгын хорооноос 60 зүйл, 150 зарчмын зөрүүтэй саналыг УИХ-д оруулснаас 34 зүйл нь хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжигдсэн гэж мэдээллээ. 

Д.ТОГТОХСҮРЭН: Төрийн байгуулалтын байнгын хорооноос 60 зүйлийг оруулсан. Үүнээс 34 зүйл хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжигдсэн.  Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа гуравдугаар хэлэлцүүлэг рүү орох уу, Ард нийтийн санал асуулга авах уу гэдгээр олонхын бүлэг хуралдсан. Ирц сайн байсан. Бүлгийн гишүүд ард нийтээс санал асуулга авахаар болсон. Өөрөөр хэлбэл,  1945 оноос хойш анх удаа ард нийтээс санал авах гэж байна. Үндсэн хуулийг өөрчлөх эсэхийг ард нийт шийдэх эрхийг нь өгч байна.  Тэгэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Ард нийтээс санал асуулга авах хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ.

С.БЯМБАЦОГТ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гол гол асуудлыг танилцуулахад Монгол Улсын тусгаар тогтнолыг бүрэн баталгаажсан өөрчлөлт оруулж байгаа. Өөрөөр хэлбэл, тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга авахыг хориглосон заалт  оруулахыг олонх дэмжсэн. Мөн байгалийн баялгийн асуудлаар, төрийн нийтийн зориулалттай өмчийн асуудлыг ард нийтээс асуух зохицуулалтыг Үндсэн хуульд оруулж өгч байгаа.  Монгол Улсын төрийн хар хайрцагны бодлого орхигдсон байсан.  Тиймээс Монгол Улсдаа тусгаж өгөөд ямар ч улс төрийн хүчин хэрэгжүүлдэг байх асуудлыг Үндсэн хуульд оруулсан. Мөн нутгийн удирдлагатай холбоотой, төвлөрлийг сааруулах асуудлыг нэмэлт өөрчлөлтөөр яригдсан. Дархан-Эрдэнэтийг хот болгох 21 аймгийг хот болгох асуудлыг шийдэх боломжийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нээж өгч байгаа. Ерөнхий сайд, Засгийн газрын дөрвөөс илүүгүй сайд давхар дээлтэй байх, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах, хариуцлага тооцох заалт оруулж ирж байгаа. Мөн УИХ-аар хууль батлахдаа 39 гишүүнээс дээш хүн санал өгч батлах өөрчлөлтийг оруулж өгсөн.  Төсвийн хариуцлагатай байдал орж ирсэн. Жалга довоор хуваах, төслийн зарлагыг өргөн мэдүүлснээс өөрчлөх асуудлыг оруулж ирсэн. Шүүх эрх мэдэлтэй холбоотой өөрчлөлтийг оруулж өгч байгаа.

- Ард нийтээс ямар санал асуух вэ. Ард нийтээс санал авах хугацаа байна уу, зардал хэр их гарах вэ?

Д.ТОГТОХСҮРЭН: Ард нийтээс ганцхан санал асууна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих үү, үгүй юу гэсэн ганц асуудлаар санал авна. Хугацааны хувьд хэлэлцэж тогтоогүй байна. Зардлын хувьд гэвэл Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах хэмжээний зардал гарна.

- Ард түмэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй байвал дэмий зардал гарахгүй гэсэн баталгаа байна уу?

Д.ТОГТОХСҮРЭН: Үндсэн хуулийг хууль батлах, хэлэлцэх эрх нь өнөөгийн парламентад байгаа. Ард нийтээс Үндсэн хуулийг өөрчлөх үү, үгүй юу гэдгээр нэг санал асуучихад зүгээр. Хэдийгээр МАН 64 суудалтай ч гэсэн Үндсэн хуулийг өөрчлөхөд 57 гишүүн саналаар шийгдэнэ гэдэг асар өндөр хариуцлага.

С.БЯМБАЦОГТ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөдөр хийхгүй бол хуулиараа найман жил гарч хүрч болдоггүй. Дээр нь  нэг нам үнэмлэхүй олонх болох боломж ойрын хугацаанд гарч ирэхгүй байж мэднэ.  Ерөнхийлөгчийн санал болгосон УИХ-ын гишүүний тоог 108 болгохыг зөвшилцах ажлыг хэсэг 99 болгож оруулж ирсэн. Гэвч 57 гишүүний босго давалгүй унасан.  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад 57 гишүүний санал авна гэдэг их өндөр босго юм байна.  Тодорхой хэмжээгээр хиц дэвшил гарсан өөрчлөлт болж байна. Үүнийгээ ард нийтээр дэмжүүлж чадахгүй бол ахиад 8 жил алдана. Мөн ойрын 10, 20 жилд 57-гоос дээш суудалтай нам УИХ-д гарч ирэх үү гэдэг эргэлзээтэй.

-Хоёрдугаар хэлэлцүүлэг дээр унасан, дэмжсэн саналууд гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэг дээр хэлэлцэгдэхгүй гэж ойлгож байна, зөв үү?

Д.ТОГТОХСҮРЭН: Хоёрдугаар хэлэлцүүлэг бол нэмэлт өөрчлөлтийн хамгийн хариуцлагатай хэсэг гэж хэлж байна. Хоёрдугаар хэлэлцүүлгээр хэлэлцсэн асуудлыг гуравдугаар хэлэлцүүлгээр хэлэлцэхгүй.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх