etoim.mn
photos/68878746_2430452597232125_2051561918585372672_n.jpg

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхэд Тагнуулын ерөнхий газрын дарга асан, Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг өчигдөр /2019.08.19/ буюу зургаа дахь өдрөө хэлэлцэж, шүүгч нарын бүрэлдэхүүн нотлох баримт хангалтгүй гэж үзэн, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан.

ШҮҮХ ХУРЛЫГ ҮЙЛ ЯВЦЫГ СИЙРҮҮЛБЭЛ...

Наймдугаар сарын 12-ны өглөө 09:00 цагт эхэлсэн тус шүүх хурал өчигдөр 18.30 шүүх бүрэлдэхүүн тогтоолоо танилцууллаа. 

Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүнд Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн юм. Шүүх хурлын үеэр Б.Содномдаржаа, Б.Чимгээ нарыг зодож, доромжилж байгаа бичлэг олон нийтэд хүрсэн  Ц.Амгаланбаатар, Б.Итгэлтөгс болон ШШГЕГ-ын харъяа Төв аймаг дахь Цагдан хорих байранд ажиллаж байсан Х, О, Н нар гэрчээр мэдүүлэг өгснөөс гадна нотлох баримт шинжлэх судлах үеэр хэвлэлийнхэнд ил болгоогүй бичлэгийг оролцогчдод үзүүлсэн байна.

Ерөнхийдөө шүүх хурлыг гол нотлох баримт нь Б.Содномдаржаа, Б.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэг байгаа гэдгийг өмгөлөгч Г.Батбаяр мэдээлж байсан удаатай. Гэтэл шүүгч нарын бүрэлдэхүүн нотлох баримт хангалтгүй гэж үзэн, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан юм.

Шүүхийн тогтоол танилцуулсны дараа хохирогч гэгдэж буй Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат "24 CD баримт байсан ч яагаад нотлох баримт болдоггүйг гайхаж байна. Шүүх бүрэлдэхүүнийг хангалттай ажиллалаа гэж үзэхгүй байна. Эрүүдэн шүүсэн нь нотлогдоод, эдгээр хүмүүс суллагдах ёстой гэж би бодож байлаа. Харамсалтай байна” гэв.

Шүүгдэгч Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн "Нотлох баримтын шаардлага хангахгүй маш олон зүйл байгаа. Шүүх гэмт хэрэг гэж үзэхэд хангалтгүй байна гэж үзсэн. Хэргийн талаар өөр зүйл ярих ямар ч боломж байхгүй. Миний байр суурь хүртэл хэргийн нэг хэсэг болно” хэмээн хэллээ.

Сэтгүүлчид түүнээс "Бичлэг дээр Ц.Амгаланбаатар, н.Итгэлтөгс нар ялтнуудыг зоддог шүү дээ. Гэтэл шүүх хурал дээр гэрчээр оролцож байгаа нь зөв үү? Өмгөөлөгчид ямар байр суурьтай байна вэ"  гэж асуухад "Янз бүрийн л байр суурьтай байна. Зодсон хүн нь зүгээр гэрч болно гэдэг ойлгомжтой юм биш үү" хэмээн хариулсан юм.

Хуулийн дагуу хохирогчийн тал тав хоногийн дотор гомдол гаргахгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой юм. Үүнтэй холбогдуулан шүүх хуралд оролцож буй Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат прокурорт хандаж гомдол гаргах эсэхээ өмгөөлөгчтэйгээ ярилцаж байгаад шийдвэрлэнэ гэх хариулт өгсөн юм. Харин Б.Содномдаржаагийн өмгөөлөгч дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаа илэрхийллээ.

Шүүгдэгч тал шүүхийн тогтоолыг гардаж авснаас хойш тав хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Хамгийн гол нь шүүгдэгч тал хэзээ шүүхийн тогтоолыг гардаж авах вэ?

Ийнхүү зургаан өдрийн турш олон нийтийн анхаарлыг татаж байсан хэрэг эцэслэн шийдэгдсэнгүй нэмэлт мөрдөн байцаалтад буцлаа.

Эргэн сануулахад... Шүүх хурал 49 хүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс шүүгдэгчийн өмгөөлөгч 17, хохирогчийн өмгөөлөгч дөрөв, улсын яллагч хоёр байгаа юм. Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг НПГ-аас Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр маш нууцын зэрэглэлтэйгээр зургаадугаар сарын 25-нд тус шүүхэд шилжүүлсэн юм.

ХУРЦ БА ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУД...

Шүүх хурлыг ажиглахаар Монгол түмнээ МАНАН дэглэмээс аварья, Нэхүүл, Хохирогчдын холбоо зэрэг 4-5 иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл зургаа хоног Төв аймгийн шүүхийн гадаа эсэргүүцлээ илэрхийлэн, жагссан юм.

Тэд Б.Хурц нарын хэргийг улсын нууцаас гаргаж, нээлттэй байдлаар шүүхийг шаардаж байлаа.  Жагсагчдын зүгээс Б.Хурцыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутай эсэхээ тайлбарлах, доод албан тушаалтнууддаа үүрэг өгсөн үү гэх асуултуудад хариулт өгөхийг шаардсан юм. Б.Хурц ямар нэгэн тайлбар, мэдээлэл өгөөгүй учраас шүүх хурлын гадаа жагсаж байгаа төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөнийхөн авто­машиныг нь хааж эсэргүүцлээ илэрхийлсэн. “Хурц аа мэдээлэл өг. Эрүүдэн шүүх үүргийг доод албан тушаалтнууддаа өгсөн юм уу. Ард түмэндээ үгээ хэл” гэх зэргээр шаардлага тавьж, машиныг хааж зогссон учраас тэрбээр буцаж шүүхийн байранд орсон удаатай.

Б.ХУРЦЫН ХЭРЭГ 20 ЖИЛИЙН НУУЦААС ГАРНА

Б.Содномдаржаа, Б.Чимгээ нарын ирээдүй хэрхэхийг цаг хугацаа харуулна. Б.Хурц нарт холбогдох хэрэг дараагийн шатанд шилжлээ. Учир нь нотлох баримт хангалтгүй байна гэжээ. Өнгөрсөн хавар олон нийтэд цацагдсан, зодож, дарамталж, эрүүл шүүх байгаа  бичлэг хангалттай нотлох баримт болоогүй гэсэн үг. Гэвч Б.Хурц нарт холбогдох шүүх хурал нь маш нууцын зэрэглэлтэй. Төрийн болон албаны тухай хуулиар маш нууцын хугацаа 20 жил байдаг.

 Хэрэв “Эрүү шүүлт тулгасан нь үнэн” гэдэг шийдвэр гаргаж, эцсийн хариуцлагыг хуульчилсан тохиолдолд дээрх нэр бүхий гурван яллагдагчдад шинэ боломж нээгдэж, хэргийг задлах боломж нээгдэх боломжтой байв...

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх