etoim.mn
photos/68539082_477921103039424_431711158903242752_n.png

Сүүлийн үед иргэдийн дунд  эко буюу бүрэн цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр зорчиж болно гэх мэдээлэл тарсан. Тиймээс бид энэ талаар  ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Ч.Чимэдбатаас тодрууллаа. 

Тэрээр "Эко буюу цахилгаанаар ажилладаг автомашинд ногоон дэвсгэр бүхий улсын дугаар олгож эхэлсэн. Гэвч тэдгээр ногоон дугаартай тээврийн хэрэгслүүдийг нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчино гэх мэдээлэл нь худал мэдээлэл бөгөөд ногоон дугаартай автомашинд зөвхөн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэсэн зохицуулалт хийсэн. Тиймээс ногоон дугаартай тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр зорчих эрхгүй гэдгийг дахин анхааруулж хэлмээр байна" гэсэн юм. 

Мөн энэ талаар Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсэгт: “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно.”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3. дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй.”, мөн хуулийн 13.2.1.-т замын хөдөлгөөнд оролцогч бүр “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” үүрэгтэй талаар зааж өгсөн байдаг. Үүнээс гадна

 Замын хөдөлгөөний дүрмийн 1.1: “Энэ дүрмийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршино. Замын хөдөлгөөнтэй холбоотой бусад хэм хэмжээний актууд нь энэ дүрмийн заалт шаардлагууд дээр үндэслэгдсэн, түүнтэй зөрчилдөхгүй байвал зохино.” гэж эрх зүйн хувьд тодорхойлсон байдаг.

Өмнө нь нийслэлийн Засаг даргын захирамжаар нийтийн тээврийн автобусыг түргэн шуурхай нэвтрүүлэх зорилгоор Энхтайваны өргөн чөлөөнд баруун гар талын захын эгнээгээр бусад төрлийн тээврийн хэрэгслийг зорчихыг хязгаарлах шийдвэр гарган зохицуулж байсныг 2018 оны 11 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн шинэчлэн найруулсан Замын хөдөлгөөний дүрэмд оруулж дараах байдлаар тусгасан.

Чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулан 5.14 тэмдэг болон 1.22 тэмдэглэл байрлуулсан эгнээг “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ” гэнэ. 

Мөн тус дүрмийн 11.10-т зааснаар “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ бүхий замд чиглэлийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл энэ дүрмийн 10.5-д заасны дагуу байр эзлэхээс бусад тохиолдолд уг эгнээгээр байрлан явахыг хориглосон.

Харин тухайн эгнээгээр шуурхай албаны тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон автомашин, суудлын такси, «Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл», «Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн» гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслүүд байрлан явахыг зөвшөөрсөн байдаг.

Харин эко буюу бүрэн цахилгаан тэжээлт хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэлд олгож байгаа ногоон өнгийн дэвсгэртэй улсын бүртгэлийн дугаартай автомашинтай иргэд “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ”-ээр явах нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа үйлдэл болно гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх