etoim.mn
photos/67403918_332419454301397_7248414287377465344_n.jpg

АТГ-аас сар бүр үйл ажиллагааны тайлан мэдээг танилцуулдаг уламжлалтай. Тус тайлантай танилцахыг хүсвэл энд дарна уу.

Өнөөдрийн хурлаар АТГ  энэ оны эхний хагас жилд хуульд заасан харьяаллын 984 үйлдэлтэй 283 хэрэг холбогдогчтой 834 хэрэгт хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 78 буюу 9.4 хувийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлж, 308 буюу 36.9 хувийг хэрэг бүртгэлийг хэрэгт хаах саналтай 51 буюу 6.1 хувийг харьяаллын дагуу прокурарт тус тус шилжүүлжээ.

Мөн энэ оны эхний хагас жилд гэмт хэргийн улмаас 11 их наяд 901 тэрбум төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 376 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 129 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. Үүний үр дүнд мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 1.3 дахин өссөн дүн гарсан байна. 

Үүнээс гадна өнөөдрийн хурлаар АТГ-аас прокурорын газрын зөвшөөрлөөр төрийн албан хаагчид  авилгын хэрэгт холбогдож түүнийг шалгасан шалгалтын үйл явцын бичлэгүүдийг үзүүлсэн юм. Тодруулбал,  Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Д.Батбаяр,  МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хэлтсийн дарга А.Аззаяа, н.Баярсайхан нарын албан өрөөнд хийж шалгалтын ажиллагаа явуулж байгаа бичлэгийг харуулсан юм.  

АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярын албан өрөөнөөс 25 сая төгрөг илрүүлжээ

АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр нь ААН-д Олон улсын ачаа, тээврийн "С" зөвшөөрөл олгохдоо хахууль авсан нь тогтоогдож улмаар АТГ-аас түүний албан өрөөнд шалгалт явуулжээ.  Шалгалтын явцад Д.Батбаяр нь "Эрдэнэс тээвэр" ХХК-ийн ачааны машинуудад тусгай зөвшөөрөл олгох замаар 2017 оны наймдугаар сараас арваннэгдүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд тус компаниас 57,500,000 төгрөгийг хахуульд авсан нь тогтоогдсон бөгөөд АТГ-ын мөрдөгчид түүний албан өрөөнөөс бэлэн 25 сая төгрөгийг илрүүлсэн байна.

Түүний хэргийг хянан шалгаж дууссан бөгөөд Д.Батбаярыг 2018 оны зургаадугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 985 дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 6,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.5 сая төгрөгийн торгох ялаар шийтгэжээ. Мөн түүний хууль бус орлого болох 62.5 сая төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гаргасан байна. 

МХЕГ-ын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын хэлтсийн дарга А.Аззаяа, н.Баярсайхан нар тэр бус гаруй төгрөгийн авилга авсан нь тогтоогджээ

АТГ-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын хэлтсийн дарга Э.Аззаяа,  Н.Баярсайхан, Т.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нар өөрсдийн ажил мэргэжлийн чиг хүрээнд хилээр нэвтэрч байгаа бараа бүтээгдэхүүнд хяналт тавих явцдаа ААН-үүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах зэргээр тэдний ажилд дарамт учруулан улмаар тэрбум орчим төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон байна.

Мөн  АТГ-ын мөрдөгчдийн хийсэн шалгалтын явцад Э.Аззаяагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15-р хороо, Рапид хотхоны … тоот орон сууцанд нэгжлэг хийж улмаар  57.4 сая төгрөг,  20 мянган юань, Н.Баярсайханы гэрт нэгжлэх хийхэд зочны өрөөнөөс 16.460 ам.доллар, 5.1 сая төгрөгийг илрүүлжээ. 

Тэдний энэ хэргийг АТГ-аас шалган шүүхэд шилжүүлсэн байна. Улмаар Н.Баярсайханд 2019 оны тавдугаар сарын 7-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 363 дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, дөчин мянган нэгж буюу 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ. Харин Э.Аззаяа, Т.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан байна.  

Түүнчлэн Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан, бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шүүхэд шилжүүлж улмаар түүнд дөрвөн жилийн хорих ял оноожээ. Мөн Зам тээврийн яамны газрын дарга асан Н.Ононд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч түүний хувийн эзэмшлийн 644 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг улсын өмч болгох шийдвэрийг шүүхээс гаргажээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх